Б.ДОЛЖИНЖАВ

“Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг “Трэнд зочин” буландаа онцолдог билээ. Ээлжит зочин Монголын Ипотекийн корпорацийн гүйцэтгэх захирал Б.Гантулгын хэлсэн онцлох эшлэлүүдээс хүргэж байна.

-Засгийн газрын ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд Монголбанкнаас арилжааны банкуудад эх үүсвэрийг олгодог. Арилжааны банкууд шалгуур хангасан иргэдэд зээл олгодог. Тухайн зээл нь орон сууц худалдаж байгаа барилгын компаниудад очдог. Ингэхээр энэ зээлээс Монголын Ипотекийн корпораци ашиг олох үндэслэл байхгүй.

-Ипотекийн зээлийн хүүг төлөх хугацаа 30 жил буюу урт. Энэ хугацаанд ямар нэгэн шалтгаанаар иргэн зээлээ төлж чадахгүйд хүрэх эрсдэлтэй. Тухайлбал, эдийн засгийн чадамж буурахад өрхийн орлогод нөлөөлж зээлээ төлж чадахгүйд хүрэх тохиолдол гарна. Нөөц сангийн нийт багцын нэг хувийг зээлээ төлж чадахгүйд хүрсэн иргэдэд зарцуулдаг.

-COVID-19-ийн эрсдэлээс иргэдээ хамгаалахын тулд Засгийн газар он дуустал ипотекийн зээлийн хүүг хуримтлуулахгүйгээр хойшлуулах шийдвэр гаргасан. Тухайн үед МИК арилжааны бусад байгууллагатай хамтраад аль болох иргэдэд чирэгдэл учруулахгүй байхаар зээлийн хүүгийн төлөлтийг хойшлуулсан. Энэ хугацаанд нийт зээл авсан иргэдийн 87 хувь нь зээлийн төлөлтийг хойшлуулах хүсэлтэд хамрагдсан. Ингэснээр иргэд зээлийн хүүгээ хоёр жилийн хугацаанд төлөхгүй болсон.

-Өнгөрсөн хугацаанд 330 тэрбум гаруй төгрөгийг нөөц сангаасаа гарган иргэдийн өрхийн орлогыг бууруулахгүй байх төрийн бодлогыг дэмжсэн. Энэ эх үүсвэр нь Монголбанк зургаан хувийн ипотекийн зээлийг тасралтгүй гаргах боломжийг бүрдүүлсэн. Тиймээс нөөц сан цаашид ч байх ёстой. Хэрэв нөөц сан байхгүй байсан бол  зээлийн төлөлтийг хойшлуулах шийдвэрийг Засгийн газар гаргах боломжгүй байсан. Эсвэл Засгийн газар 330 гаруй тэрбум төгрөгийг гаргах байсан юм.

-Анх ипотекийн зээлийн хөтөлбөр эхэлснээс хойш 2013-2016 он хүртэл эх үүсвэрийг нь Монголбанк гаргасан. Монголбанк арилжааны банкуудад нэг жилийн хугацаатай зээл олгоод арилжааны банкууд энэ зээлийг нь 20 жилийн хугацаатайгаар иргэдэд олгодог байсан юм. Харин 2017 оноос хойш МИК-ийн үүсгэн байгуулсан тусгай зориулалттай компанийн гаргасан бондын эргэн төлбөрийг Монголбанк хурааж аваад эх үүсвэрээ буцаагаад арилжааны банкуудад олгож байна. Хөтөлбөрийн эх үүсвэр тогтвортой үргэлжлэх нөхцөлийг бүрдүүлж байгаа байгууллагуудын нэг нь Монголын Ипотекийн корпораци юм.

-Орон сууц санхүүжилтийн тогтолцоог системээр  нь харвал Монголбанк эх үүсвэрийг нь олгосон байна. Арилжааны банкууд зээл олгосон байна. Энэ зээлийг МИК орон сууц санхүүжилтийн корпораци гэсэн байгууллага худалдаж аваад ипотекийн зээлээр баталгаажсан бонд буюу үнэт цаас болгож хувиргаад түүнийг нь хөрөнгийн зах зээл дээрх хөрөнгө оруулагч буюу Монголбанк, арилжааны банкууд авдаг. Эцэст нь банкаар дамжаад иргэдэд зээл болон очиж байгаа юм. Энэ тогтолцоонд байгаа аль нэг байгууллага байхгүй болчихвол ипотекийн зээл олгох хөтөлбөр цааш үргэлжилж чадахгүй.

-Хэрэв МИК байхгүй буюу үнэт цаас болгодог тогтолцоогүй болбол зургаан хувийн зээл олгох боломжгүй болно. Орон сууц санхүүжилтийн компани зээлийг нь худалдан авах учир арилжааны банкууд зах зээлийн өртгөөс доогуур зургаан хувийн зээл олгож байгаа юм.

-Монголын Ипотекийн корпораци байгуулагдахаас өмнө банк, иргэн хоёр хоорондоо харилцаж байсныг анхдагч зах зээл гээд байгаа юм. Ийм  бүтэцтэй байх үед банк богино хугацааны эх үүсвэртэй учир иргэдэд 20-30 жилийн урт хугацаатай зээл олгох боломжгүй байсан юм.

-Орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлж, хүн бүрт хүргэх нь энэ хөтөлбөрийн зорилго юм. Өр, орлогын харьцаа 45 хувиас ихгүй байх ёстой гэдэг шаардлага нь иргэнийг эдийн засгийн дарамтаас чөлөөлж, хамгаалж байгаа хэрэг юм. Зээлийн хүүгийн эргэн төлөлтийг 20 жил гэж томъёолсон нь орон сууцны өртөг өндөртэй холбоотой. Иргэнээс бага хэмжээний мөнгө гаргахын тулд 30 жил болгож өөрчилж байгаа юм. Үүнийг иргэдийг орон сууцтай болгох том боломж гэж хардаг.

-Монголбанк болон тухайн үеийн 10 арилжааны банк нийлээд Монголын Ипотекийн корпорацийг 2006 оны аравдугаар сард албан ёсоор байгуулсан. Энэ компани дараагийн жилүүдэд орон сууц санхүүжилтийн эх үүсвэрийг бий болгоход төвлөрч ажилласан

-Манай байгууллага хоёр тусдаа үйл ажиллагаа явуулдаг. Нэгдүгээрт, үйл ажиллагаа нь үнэт цаасжуулах буюу Засгийн газрын хөтөлбөрийг үргэлжлүүлэн явуулах эх үүсвэрийг бий болгох юм.  Үүнээс гадна зах зээлийн нөхцөлтэй зээлүүдийг арилжааны банкуудаас худалдаж авдаг. Энэ хүрээнд ашигтай үйл ажиллагаа явуулдаг. Тухайлбал, 2019 онд олон улсын зах зээлээс Засгийн газрын баталгаагүйгээр 300 сая ам.доллар босгосон. Энэ эх үүсвэр нь ипотекийн зээл гарах нөхцөлийг бүрдүүлсэн юм.

-Манай улсын орон сууцны санхүүжилтийн тогтолцоо олон улсын жишигт нийцсэн. Олон улсын сайн жишиг зах зээлд тулгуурлаж явдаг. Гэхдээ бид одоогоор зах зээлийн зарчим руу орж чадаагүй байна. Энэ тогтолцоог зах зээлийн зарчим руу оруулж чадвал эх үүсвэрийг 100 хувь хувийн хэвшлээс гаргах боломжтой. Монголбанк, Сангийн яам үүнд оролцох хэрэггүй болно гэсэн үг.

-Зах зээл өөрөө зохицуулдаг энэ механизм руу бид дөхөж явна. Ирээдүйд энэ тогтолцоо руу шилжих боломжтой. Хувийн хэвшлийнхнийг зээлийн эх үүсвэр болгоё гэсэн зорилт тавих нь зах зээлийн зарчмаар явах ёстой гэсэн санаа. Үүнд хүртлээ энэ хөтөлбөрөөрөө явна.

-Зах зээлийн хүү 16 байхад ипотекийн зээлийн хүү зургаа байгаа нь хөнгөлөлттэй хүүд тооцогдоно. Эдийн засаг, өрхийн орлого сайжрах тусам зах зээлийн хүү буураад зургаан хувь нь зах зээлийн хүү болох цаг ирнэ.

-Жилд 5-10 мянган иргэнд орон сууцны зээл олгох хүртээмжийг бий болгохын тулд маш их цаг хугацаа зарцууллаа. МИК байгуулагдсан цагаасаа эхлээд өнөөдрийн тогтолцоог бий болгохын төлөө ажилласан. Энэ тогтолцоо төгс төгөлдөр биш. Гэхдээ манай улсад таарсан тогтолцоо. Олон улсын сайн жишгийг тусгаад сайжруулаад явж байна.

-Олон улсын сайн жишигт онцлох хоёр зүйл байна. Эхнийх нь өр, орлогын харьцаа. Дараагийнх нь зээл, үнэлгээний харьцаа юм. Өр, орлогын харьцаа гэдэг нь өрхийн орлого, төлж байгаа зээлийн хэдэн хувийг эзэлж байгааг хэлнэ. Энэ нь 45 хувиас бага байна. Зээл, үнэлгээний харьцаа 70 хувь байна. Энэ нь урьдчилгаа төлбөр 30 хувийг хэлж байгаа юм.

-Өнөөдрийн байдлаар зээл авсан 100 орчим мянган иргэний орон сууцны төлбөр дараагийн 100 мянган иргэний орон сууцны зээл бий болох тогтолцоо руу орсон нь манай улсын давуу тал юм. Үүнийг зах зээлийн зарчим руу нийлүүлбэл хувийн хэвшлийг эх үүсвэр болгох боломж бүрдэнэ.

-Орон сууцны санхүүжилтийн тогтолцоо дан ганц төр эсвэл хувийн биш төр, хувийн хэвшил хамтарвал оновчтой гэдгийг олон улсын жишиг харуулж байна. Одоогийн ипотекийн зээлийн тогтолцоог төр, хувийн хэвшил хамтарсан сайн хөтөлбөр гэж хардаг.

Эх сурвалж:www.polit.mn