Монголын Урчуудын эвлэлийн 80 жилийн ойд зориулсан Ё.Өлзийхутаг, Б.Пүрэвсүх, С.Элбэгдорж нарын уран бүтээлээс толилуулах “Репинийн академийн шадар гурав” гэсэн тодотгол бүхий үзэсгэлэн энэ сарын 25-нд “Монгол арт” галерейд нээлтээ хийнэ. Уг үзэсгэлэнд бүтээлийн цоморлигоос нь толилуулах зураач Ё.Өлзийхутаг агсаны талаар “Монгол арт” галерейн үзэсгэлэн хариуцсан менежер, магистрант Б.Болортуяагийн бичсэнийг “Зууны мэдээ” сонин “Урлан” булангаараа онцлон хүргэж байна.

Монголын урчуудын эвлэлийн шагналт зураач Ё.Өлзийхутаг 1950 онд Дундговь аймгийн Луус суманд төржээ. Амьдрал болоод нийгмийн эерэг сөрөг нөлөө бүхий зөрчил тэмцлийн дунд өөрийн авьяас билэг, ур чадвар, үзэл санаа хийгээд уйгагүй хөдөлмөр, мөнхийн бүтээлээрээ эрин цаг үедээ хүлээн зөвшөөрөгдөж тодорхой орон зайг эзэлсэн нэрт зураач бол яахын аргагүй Ё.Өлзийхутаг юм.

Хүүхэд ахуй цагаасаа л зурах урлан бүтээх хүсэл эрмэлзэлдээ хөтлөгдсөн төрөлхийн авьяас билэгтэй нэгэн тэрбээр 1971-1977 онд ЗХУ-ын Ленинград хотын И.Е.Репинийн нэрэмжит Уран зураг, уран баримал, уран барилгын академид нэрт зураач Е.Е.Мойсеенкогийн урланд зургаан жил амжилттай суралцан дипломын ажлаа онц хамгаалсан билээ. Монголын төдийгүй Оросын алдарт ахмад зураачдаар мэргэжлийн зураачийн онол мэдлэгийн бүхий л зүйлээс гарамгай суралцaн хүсэл сонирхол, өөрт бий болгосон онол мэдлэгээ уран бүтээлдээ тусгасан нь түүний олон сайн бүтээлүүдэд чухал нөлөөг үзүүлж чадсан байдаг.

Октябрийн хувьсгалын 70 жилийн ойн үзэсгэлэнд “Орос ах” бүтээлээрээ анх оролцсоноос хойш "Талын эзэд", "Илгээлтийн эзэн", "Шинэ гэрт", "Уяан дээр", "Шөнө", "Замд" гэсэн бүтээлээ туурвижээ. Түүний уран бүтээлүүдээс суурь уран зургийн сонгодог чанар илт харагдана.

1982 онд бүтээсэн "Талын эзэд" бүтээлд эр зоригт эрэлхэг хүчит дайчин эрсийн үргэлжлэл болсон хөдөө нутгийн адуучин залуусыг зохиомжийн төвд бүтнээр дүрсэлж дүр болгоноо тодотгох үүднээс уурга, эмээл, морьдыг нэмэлтээр шигтгэж жаргаж буй нарны улбар туяа, талын салхины сэвшээ мэдрэгдэх мэт нэгэн явдалт агшныг гэрэл зургийн дуранд буулгасан мэт бодит хийгээд баялаг дүрсэлж чадсан нь урьд өмнө байгаагүй шинэлэг, өвөрмөц зохиомжийн шийдэл бүхий том бүтээл байлаа.

Энэ бүтээл үзэгч олонд  сайшаагдсан нь түүнд их урам зоригийг өгчээ. Уран бүтээлдээ жирийн малчин ард түмний амьдралыг харуулахаас гадна түүхэн хувьсгалын сэдэвт "Сонгосон зам","Бэрх цагт", "Хувьсгалын цэргүүд", "Зуны тэргүүн сарын 17", "Төөрөгсдийн дунд" гэсэн бүтээл туурвижээ.

1980-аад оны дунд үеэс эх орны хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулж байгаа ажилчин ангийн сэдэвт олон бүтээл хийснээс  "Уурхайн засварчин", "Ээлжийнхэн", "БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар Чанкий" зэрэг бүтээлийг нь үзэгч олон сайн мэдэх билээ.

Ингээд "Ухуулагч”, " Малчин хүү", " Сонгосон зам ” зэрэг өнгийн хууль, зохиомжийн өвөрмөц шийдлээр гайхуулсан бүтээлүүд ар араасаа төрөн гарсан байна. Бүтээлүүдээс нь өнгө, зохиомж, утга уянга, гүн ухаан, дотоод сэтгэлийн нарийн мэдрэмжийг олж харна.

Ё.Өлзийхутаг  Монголын дүрслэх урлагийн сэтгэлгээний их мөрөнд нэгэн том цутгалан болж чадсан юм. Өөрөөр хэлбэл, нэрт зураач Монголын дүрслэх урлагт реалист орчин цагийн өнгө аясыг батлан үзүүлж чадсан. Эх орон, өвөг дээдэс, хань үр хүүхэд, анд нөхдийнхөө өмнө хэлэх үгтэй, хийж бүтээсэн зүйлтэй, хүнлэг энэрэнгүй, давтагдашгүй авьяастай, эх оронч сэтгэлтэй ахмад буурлуудын намтар түүх, уран бүтээлийг залуу хойч үеийнхэнд таниулж, ойлгуулж, ухааруулах, тэдний бүтээлч үйл ажиллагаанаас суралцах нь чухал ач холбогдолтой юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН 16. ДАВАА ГАРАГ. № 97 (6829)