Д.ЦЭЦЭГ

Өнөөдөр хуульч Б.Ариунболд мэдээлэл хийлээ. Тэрбээр "Монгол Улсад мэдээлэл авах эрх гэж бий. Ардчилсан намын жирийн гишүүн, хуульч хүний хувьд  АН-ын даргын бүртгэлийн асуудал тодорхой маргаантай байгаатай холбогдуулаад УДШ-ийн бүртгэл дээр эцсийн байдлаар ямар мэдээлэл байгаа гэдгийг тодруулахаар УДШ-д өргөдөл гаргасан. Өөрөөр хэлбэл, өнөөдрийн байдлаар УДШ-д АН-ын даргыг итгэмжлэхгүйгээр төлөөлөх эрхтэй ямар этгээд байна гэдэг мэдээллийг авсан юм. 2022.03.18-ны өдөр 05.18, 11, 14 гэдэг УДШ-ийн Тамгын газрын албан тоотоор хариу өгсөн байгаа. Төрийн нууц болон байгууллагын нууцад хамаарахгүй нийтэд илэрхий мэдээллийг сонирхсон иргэдэд хүргэж өгдөг. Миний мэдээлэл авах зорилго нь АН-ыг итгэмжлэхгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд байгаа юу, үгүй юу гэдэг асуудлаар л хандсан юм. Тэгэхээр ирүүлсэн албан тоотоор 2020.12.16-ны өдрөөс 2021.02.18-ны өдрийг хүртэл Зандаахүүгийн Энхболдыг сонгогдсоныг УДШ дээр бүртгэгдсэн, Сономзундуйн Эрдэнийг сонгогдсоныг бүртгэсэн. Түүний дараагаар Цэвэгдоржийн Тувааныг бүртгүүлэх хүсэлтийг үндэслээд УДШ цахим бүртгэл дээрээ бүртгэсэн. Түүний дараагаар Ц.Тувааныг үүрэг гүйцэтгэгчээр бүртгэснийг хасаж, цахим бүртгэлд АН-ын даргаар бүртгүүлэх С.Эрдэнийн хүсэлтийг хангахаас УДШ татгалзсан гэсэн ийм бүртгэлийг албан ёсоор УДШ Монгол Улсын Үндсэн хуульд заагдсан иргэддээ мэдээлэл өгөх үүргийнхээ хүрээнд өгсөн. Яагаад энэ мэдээллийг хэвлэл мэдээллийн байгууллагуудад өгч байна вэ гэхээр ойлгомжгүй байдал үүсэж жирийн гишүүд, дэмжигчдэд тодорхой мэдээллийг хүргэх үүднээс мэдээлэл хийж байна. Түүнчлэн УДШ-ийн 2021.11.15-ны өдөр УДШ-ийн Ерөнхий шүүгч дараах мэдэгдлийг өгсөн. 2021.11.15-ны өдрийн байдлаар АН-ын даргын бүртгэл нь УДШ-ийн цахим бүртгэлийн санд АН-ыг итгэмжлэхгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд байхгүй болохыг танд мэдэгдье гэсэн албан бичгийг ирүүлсэн байдаг.

Үүнтэй холбогдуулаад УДШ-ээс цахим сайтаа шинэчилсэн байна. Тиймд та бүхэн тус сайт руу ороод УДШ-ийн цахим бүртгэлийн сан дахь мэдээллийг бүрэн авах боломжтой. Улсын бүртгэлийн ерөнхий хуульд зааснаар цахим бүртгэл нь албан ёсны эх сурвалж болдог бөгөөд цаасан бүртгэлтэйгээ адил байдаг хуультай.  Монгол Улсад бүртгэлтэй бүх намын бүртгэл энэхүү сайт дээр байршиж байгаа. Үүн рүү ороод үзэхээр хамгийн сүүлд АН-ын дэд дарга Ц.Тувааныг намын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсныг бүртгэж, 2021.01.14-ний өдрийн 04-р тогтоолоор УДШ-ийн цахим бүртгэлээс Ц.Тувааныг хассан. Мөн С.Эрдэнийг АН-ын даргаар бүртгүүлэх хүсэлтийг хүлээж авахаас татгалзсан гэсэн албаны эх сурвалж байгаа юм. Тиймээс УДШ-ийн бүртгэлд хэн нэгэн албан ёсоор бүртгэлгүй, нээлттэй байж байгаа. УДШ-ээс тодорхой асуудлаар буюу өнгөрсөн хавар 2021 оны дөрөвдүгээр сард АН-ын даргад нэр дэвшсэн хоёр нэр дэвшигчийг буюу даргаар сонгогдсон хоёр хүнийг бүртгэхээс татгалзсан байдаг. Энэ нь ямар үндэслэлтэй вэ гэхээр танай  намын хүрээнд намын даргын хоёр сонгууль явагдсан байна. Энэ нь өөрөө дүрэмд нийцэхгүй байна гэсэн шалтгаанаар буцаасан. Өөрөөр хэлбэл, АН дотооддоо маргаанаа шийдвэрлэх замаар нэг сонгууль хийж УДШ-д өөрийн даргыг бүртгүүлэхийг УДШ олгож, бүртгэлийг бүртгэхээс татгалзсан.

Өнөөдрийн эрх зүйн зохицуулалтаар улс төрийн нам дотор үүсээд байгаа маргааныг ямар нэгэн шүүх байгууллага, тэр дундаа УДШ шийдвэрлэхгүй гэж үзээд АН-ыг дотооддоо маргаанаа шийдвэрлээд ирэх хариултыг ирүүлсэн.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН 13. БААСАН ГАРАГ. № 96 (6828)