Бидний залууд Майн баяр, октябрын баяр гээд жилд хоёр удаа оросын хүчирхэг танкууд Кремлийн чулуун талбайг шажигнуулдаг байлаа. Өнөөдөр танкны гинж бүү хэл галт бөмбөг дэлбэрэх чимээ өдөр болгон газар сайгүй нүргэлэх боллоо.

2005 оноос ОХУ ялалтын баярыг албан ёсоор тэмдэглэх болсон. Хоёрхон жилийн өмнө 2020 онд аугаа их эх орны дайнд ялсны 75 жилийн ойг Оросууд өргөн хүрээтэй тэмдэглэж, цэргийн парад цаг гаруй үргэлжилж манай дайчид ч улаан талбайд “парад гишгэснийг” би санаж байна.  Энэ үеэр “Зөвлөлтийн цэргүүд  14 холбоотон орны хамт өөр лүү нь уулгалан дайрсан нацист Германы өөдөөс энх тайвныг хамгаалан босож, Европын улсуудыг булаан эзлэгчдээс чөлөөлж, Холокостын аймшигт эмгэнэлт явдлыг эцэс болгосныг” ерөнхийлөгч В.Путин хэлсэн үгэндээ цохон тэмдэглэж байлаа.

Ялалтын парад “Священнная война” буюу “Ариун дайн” дуугаар эхэлдэг. Оросуудын хувьд бол энэ дуу бараг төрийн дууллын хэмжээнд хүрсэн хүн болгоны мэддэг, яг манай “Халуун элгэн нутаг” шиг болсон дуу.

Өнөөдөр дэлхийн III дайны утаа Европод суунаглаж эхэлсэн нь юутай их аймшгийг төрүүлж байна аа. Дайн гэж ямар аймшигтай зүйл байдгийг 21-р зууны өнөөгийн шинэ үеийнхэн төсөөлөх ч үгүй, харин ч хүүхэд багачууд бүү хэл зарим томоожоогүй томчууд Украин-Оросын дайны сурагаар яаж хөөрцөглөж байгааг  хараад хэлэх ч үг олохгүй юм.  

Товчхон сануулахад дэлхийг бүхэлд нь хамарсан их дайн дуусангуут  залган капиталист, социалист хоёр системийн хооронд хүйтэн дайн эхэлж, АНУ тэргүүтэй 12 орон НАТО гэгч хүчирхэг байгууллагыг 1949 онд байгуулсан. НАТО-гийн гишүүн орон гадны довтолгоонд өртвөл бусад бүх гишүүд өөр рүү нь довтолсонтой адилтгаж үзнэ гэсэн дүрэмтэй.

Үүний эсрэг 1955 онд ЗХУ тэргүүтэй  Албани, Болгар, Унгар, Ардчилсан Герман, Польш, Румын,  Чехословак улс нэгдсэн Варшавын гэрээний орнуудын нэгдэл үүссэн. Харамсалтай нь өнөөдөр энэ байгууллага ул мөр ч үгүй болжээ. Харин ч тэнд нэгдэж байсан зарим орнууд НАТО-д элсчихээд цагтаа цалгиж явсан “эзэн” гүрнийхээ эсрэг таваргаж явна.

Варшавын гэрээг толгойлж явсан ЗХУ өөрөө нуран унаж, 15 тасарчихаад гучин жилийн нүүр үзэж байна. Харин эсрэгээрээ өнөөдөр НАТО гучуулаа болж авчихаад Оросуудыг ганцаардуулан “буланд шахаж байна”.

Москва-Киевийн хоорондох байлдаан Вашингтон-Москвагийн хоорондох дайн болон өргөжих магадлал өдрөөс өдөр өсөж байгаа нь хамгийн аймшиг. Хэрэв ийм байдалд хүрвэл дайнд ялагч гэж байхгүй нь ухаантай хэн бүхний ой санамжинд байхгүй бол дахин нэг сануулахад буруудахгүй болов уу.

Дэлхийн шинэ дайн болох юм бол хоёр их гүрний сүүлийн 80 жил бие биентэйгээ өрсөн хуримтлуулсан  цөмийн зэвсгийн асар их нөөц дэлбэрэн эх дэлхийг маань орвонгоор нь эргүүлэн хоромхон зуур булшилж орхино. Дэлхий эх маань шатаж бутраад төрүүлж өсгөсөн 8 тэрбум үрсийнхээ хамт хязгааргүй сансрын уудамд утаа мэт замхран арилна.

Үүнийг дэлхийн орон орны ухаантай удирдагчид бүгд мэдэж л байгаа.

Монголын хөх тэнгэр маань биднийгээ өршөөх болтугай.

Даян дэлхийд наран үүрд мандаг

Ш.ПҮРЭВСҮРЭН

Эх сурвалж: www.polit.mn