Д.МЯГМАР
Бусдад үрийн заяа хайрлаж алтан гартай, халуун сэтгэлтэй хүн хэмээн дуудуулж яваа нэгэн хүндтэй хүнийг “Ярилцах цаг” булангийн зочноор урилаа. Тэрээр манай сонины “Энэ цагийн эгэл баатар-2012” шалгаруулалтын тусгай байрын шагналтан билээ. Анчидтай нөхөрлөж, ургамал судалж явсаар нэг л мэдэхэд цаа буга “судлаач” болж, Якут эмэгтэйчүүдийг үртэй болгох эгэл бус, энэрэнгүй ажил эрхэлж буй Б.Баасансүрэн эмчтэй нутагтаа ирээд байхад нь уулзаж ярилцлаа. Тэрээр Анагаах ухааны дэд доктор, Биологийн ухааны доктор, Түвдийн анагаах ухааны оточ маарамба, “Азийн цаа буга” нийгэмлэгийн ерөнхийлөгч зэрэг урт гуншинтай.
-Таныг анчдыг дагаж, нөхөрлөж яваад цаатан түмэнтэй холбоотой болсон гэж ярьдаг юм. Яагаад тэднийг түших болов?
-Ан амьтан юугаар хооллож байгааг мэдэх хүсэлдээ автаж анчин найз нараа дагаж явдаг байлаа. Эмийн ургамлыг, амьтдын ходоод, гэдэс дотроос олж харж, судалж, мэдэх гэж зорьж байгаа нь тэр.
Амьтан ер нь хүнээс илүү ухаантай шүү. Дөрвөн улиралд зохицуулаад хоололдог. Ямар үед биеийн хүчээ сэргээх вэ, гадны нөлөөнөөс өөрийгөө хэрхэн хамгаалах вэ гэдгээ дэндүү сайн мэднэ. Бид элдэв өвчнөөс сэргийлэх гэж вакцин тариулдаг. Гэтэл амьтад 10 км-ийн цаанаас юу болох гэж байгааг урьдчилан мэдэрдэг юм. Тиймээс л би амьтныг идэш, хоолоор нь дамжуулан судлах болсон. Амьтны бүдүүн, нарийн гэдсийг харж ямар ургамлаар хооллосныг үзэж зургийг нь авна. Би Багшийн дээд сургуулийн багшаар ажиллаж байлаа. Оюутнуудтайгаа хамт сангийн аж ахуй, хөдөө явна. Тэнд цаа буга байхгүй ч гэсэн ургамал, идшийг нь судлаж байлаа. Анх намайг Хөвсгөл рүү, Якут руу гарахад тусалсан хүн нь циркийн Дамдин аварга. Дамдин аваргын нэрээр би Хөвсгөлд очиж цаачидтай уулзаж байсан. Ингэж жинхэнэ клиник рүү орсон доо. 1968-1970 онд аварга ид мандаж байсан. Аваргын гэргий бас багш. Дэндүү гүндүүгүй, хүний төлөө гэсэн нэгэн байлаа. Намайг очихоор “багш ирэв үү” гээд бор авдрын булангаас ганц шил юм гаргаж ирээд ханзалж модон тагшинд хийдэг байсан сан. Аминдаа их хүндэтгэж байгаа нь тэр.-Хайдав гуайг уламжлалт анагаах ухаанд толгой цохидог эмч гэдэг. Таны багш байх аа?
-Хайдав багшийг Монголын уламжлалт анагаах ухааныг авч үлдсэн хүн гэж хэлж болно. Төвдийн анагаахын уламжлалыг би барьж байсан болохоор бид багш шавийн барилдлагаа нууцаар хийлээ. Дараа нь биологийн ухааны академич Шагдарсүрэн багш маань надад их тус болсон. Тэр сүрхий хүнд хийгээгүй ажил, хашаагүй алба гэж үгүй. Багш нар маань намайг “Миний шавь XXI зуунд нэрд гарах хүн дээ” гэж хөөргөдөж ямар шавь төрүүлснээ мэддэг байж. Миний бурхад намайг их үнэлдэг, өнгөлдөг байсан юм. Тэнгэрт халихынхаа өмнө намайг үнсээд “Миний хүүгийн толгойд дэд эрдэмтэн биш доктор цол өгмөөр байгаа юм. Үүний хөөцөлддөг судалгаа дэлхийд цахиур хагалж шинжлэх ухаан болж гайхагдах цаг ирнэ. Миний шавь гадаад, дотоодын эрдэмтдийн ном, зохиолыг хуулаагүй. Нүүдэлчин монголчуудын анагаах уламжлалыг шинэ эринд нээж гаргаж ирнэ. Та нар харж байгаарай” гэж ам гарч байж билээ. Эргээд бодож байхад, нүүдэлчин монголчуудын анагаах ухааныг дэлхийд гайхуулах хүн гэж намайг аминдаа тоосон байж. Би ч чаддаг зүйлээ хөөцөлдөж, багш нарынхаа заасан, сургасан зүйлийг ямагт бодож, ажил, амьдралдаа хэрэгжүүлдэг юм. Намайг зарим эрдэмтэн халх хүн биш. Эрлийз, Якут гаралтай гэж хүртэл адалж байсан үе бий. Би Якут хэлийг таван жил үзэж, судалсан. 20 орчим жил энэ хэлээр ярьж, бичиж байгаа. Тэнд амьдарч, ажилласаар Монгол хэлний авиа зүй, дагавар, нөхцлийг сүүлдээ мартчихаад байсан. Судалгаагаа хийхийн тулд тухайн улсын хэл, соёл, түүхийг судлан, хүмүүсийн зан байдалд тааруулж ажиллаж ирлээ.
-Австриас авсан шагнал тань таны хийсэн ажлын үр дүнг үнэлсэн бас нэг хэмжүүр байх. Ямар нэг шалтгаанаар хүүхэдтэй болж чадахгүй байгаа хүмүүсийг та үртэй болгох буянтай ажил хийдэг гэсэн. Таны ажлын эрдэм, шид нь юунд байна вэ?
-Энэ бол манай ардын уламжлалт анагаах ухааны ач юм. Ардын уламжлалт анагаах ухааныг европтой хослуулснаар би олон хүнд тус хүргэж байгаа болов уу. Эм уулгаад “Хүүхэдтэй болгоно чамайг” гэж хүнийг хуурдаггүй. Эмч хүний хувьд шинжлэх ухааны үүднээс үйлчүүлэгчдээ анализ хийх хэрэгтэй. Тэр хүний аж, амьдралын түүхийг харна. Манайхаар бол ургийн бичгээр хөөж хэд дэх үе дээрээ хүүхэд гаргаагүй улс гарч байв гэж тодруулна. Ээжийнх нь бөөр өвчтэй бол хүүхэд түүнийг өвлөх жишээтэй. Энэ бүхнийг судлан тогтоож хэдэн жилээр эмчилнэ. Бүсгүйчүүдэд хүчтэй тариа хийгээд л жирэмслүүлдгийг би дэмждэггүй. Тан уулгана. Таван цулаа эрүүлжүүлж байж эх хүн сая эрүүл хүүхэд төрүүлнэ. Би багаасаа л гартаа увдистай байж. Жирэмсэн хүний хэвлийг илээд л хүүхдийг зөв байрлалтай болгочих жишээтэй.
-Тэр цагт таны ажлыг нийгэмд ойлгодоггүй байсан гэлцдэг. Энэ үнэн үү?
-Нууцаар энэ ажлаа хийнэ. Эмэгтэйчүүдийн эмч нартай би эртнээс холбоотой байсан. Цаг хэцүү байхад сав нь хийдсэн, эсвэл хүүхэд нь шалтаглах гээд байгаа эмэгтэйчүүдийг нууцаар нуруу, сав, бөөрийг нь барина. Хааяа баригдаж цагдаад хүртэл дуудагдаж, байцаагдаж явлаа. Эмч нар маань жирэмсэн эхийг үзээд л хүүхэд буруу байрлачихаж, Б.Баасансүрэн эмчид очиж бариулж гажаагаа гарга гэдэгсэн. Надад хэдэн сайхан араг, жаахан гудаснууд байдаг байв. Хүүхэд нь гажсан эмэгтэйг сайн өдөр, судар харж байж эх барина. Энэ бүхнээ улс, амьтнаас нууж хийнэ. Анхны болон хожуу төрөлт, эсвэл тааруу биетэй бол эртнээс нөгөө эмэгтэйтэй ноцолдно. Баруун тал руугаа хүүхэд нь орж. Буруу байрлалтай байна. Хүүгээ ороочихож гэх мэтээр элдэв гажгийг нь засч багш нарыгаа хүртэл төрүүлж бусдад буян хийж явсан үе миний амьдралын түүх юм даа.
-Якутад та хэрхэн аж төрж байна. Тэнд тоймгүй хүйтэн гэх юм. Та 18 жил тэсчихсэн үү?
-Оросын дээр үеийн брезентэн майхан, буюу урцанд галаа түлээд аж төрдөг гэхээр хүн үнэмшдэггүй юм. Ийм майхан чийг татдаггүй, салхинаас найдвартай хамгаалдаг. Ус нэвтэрнэ гэж үгүй. -70 хэмийн хүйтэн байхад майханд галаа түлээд л эртний хүн шиг амьдардаг юм.
-Тэнд байшин барилга, орчин үеийн сууц байхгүй гэж үү?
-Дөрвөн цагаас хойш их жиндэнэ шүү. Бид мөсөн дээр барьсан ийм л урцанд амьдардаг. Улаанбаатарынхан шиг тэнд паартай байшин, паалантай жорлон байхгүй. Орон сууц ер байхгүй. Цаатангууд нүүдэлчин амьдралтай учраас суурин соёл иргэншлээс хол. Тэдэнтэй халж , хөрч, зовж, жаргаж хамт амьдарч байж би эмийн ургамал, танд орох дайвар зүйлээ олж авна. Би тэр амьдралдаа дуртай.
-Та ажилдаа зүрх сэтгэлээ өгчихсөн юм уу даа?
-Зарим хүн намайг хараад “Иш чааваас даа. Ингэж ч өөрийгөө сайн дураараа цөлж байх ч гэж” хэмээн халагладаг юм. 1932 онд манай улсаас олон хүн Якутад цөлөгдөж тэнгэрт хальсан гэсэн. Ажилдаа дуртай юм хойно, яая гэх вэ. Цөллөгийн нутаг, хүнд газар байна гээд буцалтай биш. Би олон хүнийг үр хүүхэдтэй болгож, буян үйлдэж яваа гэж өөрийн амьдралдаа гэрэл гаргаж, зөвтгөдөг. Үр хүүхэдгүй байхын зовлонг үгээр хэлэх юм биш. Би биеийн амрыг харж тансаг сайхан амьдралыг хүсдэггүй. Бусад хүн өөрийгөө мэдэхгүй хүнийг үртэй, үргүйгээр нь элдвээр дуудаж сэтгэлийн шарх өгч, өөртөө том нүгэл хурааж байхад би тэр хүнийг эмчилж үр хайрлаж байгаа учраас бэрх нөхцөлд амьдрах маань надад сонин биш. Үүнтэй ижил бас хүүхэд олоогүй байгаа хүмүүсийг хиймэл үр суулга гэж залхуурдаггүй. Болж л өгвөл эмэгтэйчүүдийг хүний жам ёсоор жирэмслүүлж эрүүл хүүхэд төрүүлээсэй гэж хүсдэг.
-Та Монголдоо аж төрж, тэднийгээ анагааж, үргүйдлийг судалж, эмчилж юу нь болохгүй байгаа юм бэ?
- Хөөрхий, Якутуудыг өрөвдөөд болдоггүй юм. Тэгээд л би энд тэдэнд туслахаар заяагдсан байх. -72 хэмийн хүйтэнд хөлдүү мөсөн дээр майхан бариад амьдарч байгаа эмэгтэйчүүд эрүүл байх уу. Эрүүл байлаа гэхэд хүүхэд тээх чадвар нь буурна. Бурхан тэдэнд аз хайрлавал эмэгтэйчүүдийнх нь 40 хувь нь хүүхэд гаргадаг. Өндгөвч нь царцаад хүүхэд тээх чадваргүй болчихдог юм байна. Ийм хүмүүс миний дэргэд байхад би яаж тэднийг өрөвдөхгүй, тоохгүй, хайрлахгүй хаяад явах юм бэ. Болдогсон бол хүүхэд төрүүлдэггүй бүх эмэгтэйг нь эмчилмээр санагддаг юм.
-Таны хийсэн буян нэг үндэстнийг аварч байгаа юм биш үү. Та Якутад “од” биз?
-Тэд надад хачин хайртай. Хүнээр хайрлуулна гэдэг бол их сайхан мэдрэмжийг төрүүлдэг юм. Гэтэл сая эх орондоо ирээд, 18 жил байгаагүй хүн чинь төөрч, хуучны эрэдмтдийн өргөөг асуудаг юм байна. Гэтэл “Би яаж мэддэг юм бэ” гэж шилбүүрдээд дайрах шахаад хөндөлдөөд гарахаар нь би гайхаж хоцорлоо. Гэтэл манай Якутынхан “Өнөөх сүрхий эмч чинь явж байна. Унаа уншийг нь залгуулчихъя, юу хэрэгтэй байна” гээд гүйж өгнө. Тэрэг нь эвдэрвэл тэд бие биедээ тусалдаггүй хэрнээ, надтай таарсан хэн ч гэсэн туслах гээд л гүйнэ. Тэнд чарга, тэрэг эвдэрч хээр төөрвөл гуравхан минутын дотор амиа алддаг юм. Тиймээс гурван чарга чирдэг. Нэг чарга эвдэрвэл нөгөөг нь сэлгэнэ. Хахир өвлөөс авах юм нь цаа буга яаж тэр тэсгим хүйтнийг давж байгааг би мэдэх гэж мэрийж тийшээ тэмүүлдэг юм. Гурван есийн хүйтэн эхлэх гээд би сандраад Якут руу яарч явна. Цаа бугын бүдүүн, нарийн гэдсэнд нь их нарийн юм байна. -50-60 хэмийн хүйтэнд биеийг нь царцаахгүй авч давхидаг юу тэдэнд байна. -72 хэмийн хүйтэнд хөлдчихөлгүй хүний хөсөг болж байгаа цааны нууц юунд байгааг тайлах санаатай л хүйтэн газар луу явдаг юм. Машины цонх цантуулахгүй зүйл хийхийн тулд ямар ургамал тэд идэж вэ гэж судална.
-Өнөөгийн хүмүүс биеийн амрыг харсан хөнгөн ажил хийж, тавтай, тухлаг ажлын байр руу тэмүүлдэг болж. Таны энэ ажлыг хүмүүс хэрхэн хүлээж авдаг вэ?
-Хүний эмч байж малын эмч шиг сонин юм ярилаа гэж дургүйлхдэг хүн таардаг. Би тоодоггүй юм. Хүмүүсийн эрүүл мэндийн төлөө амьдралаа зориуллаа. Миний энэ зовлонг мэддэг, ойлгодог хүн байгаасай гэж хүсдэг юм. Би баян болох гэж энэ хүйтэн хөндийг зориогүй. Хойч үедээ эрдмээ үлдээх гэсэндээ судалгаа хийж явна. Ямар ч мундаг эрдэмтэн Монголд ирээд -40 хэм хүрэхэд л буцаад нисдэг. Монгол туургатан, нүүдэлчдийн удам би -70 хэмд ажрахгүй 18 жил боллоо. Бишгүйдээ л өвдөж, зовж байсан. Тэр болгонд түргэн дуудаад байх биш, хээр талд хэн очих билээ.
Танай сонин “Энэ цагийн эгэл баатар” арга хэмжээг зохион байгуулж жинхэнэ эгэлгүй хүнийг бусдад таниулж сурталчилж байгаад би баяртай байна. Би Австрийн хаанаас шагналаа гардаад буцах гэж байхад танай арга хэмжээний талаар дуулгалаа. Монгол хүний бэрхшээлийг давах, хүйтнийг даах, эрдэмд шамддаг тууштай аугаа чадварыг тэд үнэлсэн байх гэж боддог юм. “Амиа золиосолж наанаа юу хийж байгаа юм бэ” гэж асуудаг эрдэмтэн хүртэл таарсан шүү.
-Якутын тал хээрд та хэнтэй ханьсах уу. Цаатайгаа хамт байхад жаргал уу?
-Тэнд эрчүүд л байдаг. Ингэж амьдарч байж би эм, танд орох бүтээгдэхүүнээ олж авдаг юм. Хүйтнээс айгаад архи уувал төд удалгүй хөлдүүс болно. Архи уусан хүн гурван минутад л бурхны оронд очно гэж мэдээрэй. Дээр үед тэр хэсгийг цөллөгийн орон гэдэг, одоо ч хаалттай бүс хэвээр.
Цаа буга хүнээс илүү ухаантай адгуус. Хээлтэй цаагаа хайрлаж, халамжилж байгаа гэж маягтай шүү. Цаагаа дагаж явж байж хүмүүст хэрэгтэй эмийн ургамал олж, жор хийнэ. Бугын цусан эврийн ургалтыг харж байж эрээс нь авах уу, эмээс нь авах уу гэдгээ шийднэ. Ямар өнгийн эвэр, хэдэн сартайд нь авах вэ гэх мэтээр нарийн судалгаа хийнэ.
-Танай эцэг, эх Якут тийш нутагладаг байсан юм биш биз. Монголчууд нэлээн нутгархдаг шүү дээ?
-Миний ээж Архангайнх, аав маань Баянхонгор аймгийнх. Би багадаа өнчирч хоцорсон. Их ч зовлон туулсан. Ах дүү бараг л байхгүйтэй ижил. Гэхдээ төрсөн ах, дүүгээс ялгаагүй сайхан ойр дотны хүн олон бий. Үртэй болсон хүн бүр л намайг эцэг, эх шигээ дээдэлдэг юм. Ээ дээ, хэлээд баршгүй, тайгын цаа буганы шид их шүү. Улаан номд орсон, ямар ч өвчингүй, зэрлэг 21 цааг би тундрын тайгаас оруулж ирээд өрөнд орсон. Мөнгийг нь хүмүүс хуваагаад идчихсэн. Цагаан баавгайтай адилхан амьтан шүү. Тува, Хөвсгөлийн цаа өвчтэй байх нь бий. Өвчтэй амьтнаас авсан дайвар бүтээгдэхүүнээр хүн эмчилнэ гэж тоглоод яах вэ.
-Таныг анх Якутад очиход хүмүүс яаж хүлээж авч байв. Орос ах нар зүгээр л хүлээж авч байна гэж үү?
-Якутын Шинжлэх ухааны академи анх намайг дуртай хүлээж аваагүй. Улс орны нууц зүйл гэж бий. Улаан номд орсон амьтныг хэн дуртай хүнээр судлуулахгүй, том гүрэн том байдаг юм билээ. Хаалттай бүс рүүгээ монгол эмчийг зүгээр оруулахгүй шүү. Тагнуул юм уу гэх мэтээр сэрдэнэ. Хүний хайрыг татаж байж би тэнд өөрийн орон зайгаа олж авсан. Шинжлэх ухааны академид нэр хүндтэй болж байж тэдний хүн болно. Би биологийн ухааныг судалсан мэргэжлийн хүн, цааны тэжээлийг судлах гэж явна гэдэг байлаа. Тэндхийн өвчин, зовлонтой хүмүүсийг эмчлээд би их нэрд гарсан. Академич Б.Чадраа гуай Якутад ирээд миний өмнөөс их баярлаж, хөөрч билээ.
-Танд юу гэж хэлж байв. Нутгаас нь мэргэжил нэгтэй шахам хүн ирээд ярилцаж байхад ямар санагдав?
-“Мах иддэг монгол хүн энэ хүйтнийг тэсч таарна. Та үнэхээр эндхийн “од” болсон юм байна. Таныг үзээд энэ Якутууд наадам болж байгаа аятай оволзох юм” гэж хэлж байсан. Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр “Тайгын цааг ганцхан Баасансүрэн эмч оруулж ирж чадна” гэж урмын үг хэлж байсныг санахад сайхан байдаг юм. Хүн гэдэг чинь урмаар амьдардаг шүү дээ. Якутын Шинжлэх ухааны академид ажиллахынхаа хажуугаар миний дуртай, хүссэн ажил болохоор хэдэн хэмийн хүйтэн байх нь надад асуудал биш, хөлдүү, хүйтэн нутгаар хэсч өгнө.
-Монголчуудын үргүйдлийн шалгааныг та судалж үзэж байв уу?
-Би Б.Жав багштайгаа хамт аймгуудаар явж монголчуудынхаа эрүүл мэндийн талаар судалгаа хийж байсан. Үргүйдэлд хүүхдүүд буруутай биш шүү. Монголчуудын уламжилж ирсэн амьдралаас хоцорсон лай ланчиг, хараал хийсэн, удамшлын гаралтай, элдэв өвчнөөс шатгаалсан, генетиктэй холбоотой янз бүрийн зүйлээс үргүйдэл шалтагладаг юм байна. Ялангуяа хар хэл амны үзүүрээр, хараалаар хүүхдийн заяа, буяны хаачихсан ч тохиолдол сүүлийн үед гарах болж. Үүнийг нээж гаргах шинжлэх ухаан бол будда юм. Би чиний үеийн нэг охинтой. Анагаахын сургууль төгссөн юм. Гэтэл хар, цагаан хэл ам, хараалын гайгаар охины минь хөлийг гэмтээчихэж. Харуусаад л сууж байна, ах нь. Солонгост хагалгаанд орлоо, саяхан.
Би жирийн хүн биш, багаасаа л гартаа бага зэргийн шидтэй, түүнгээрээ эхчүүд, эмэгтэйчүүд, хүүхдүүдэд тус дэм болсоор өнөөдрийг хүрлээ. Казахын нэрт сэтгүүлч бүсгүй надтай хамт Австрийн эзэн хаанаас “Хүн зонд үнэнийг ойлгуулдаг” гэсэн шагнал авлаа. Тэр миний ажилд талархаад намайг үнссэн шүү. Та бүхэн миний ажлыг ойлгож байгаад би их баярлаж байна.
-Та гадны хүмүүсийг эмчилж байхаар Монголдоо ирээд нэг сарын хугацаатай ч юм уу эмэгтэйчүүдэд үзлэг, оношлогоо, эмчилгээ хийж болдоггүй юм уу. Гадны бүсгүйчүүдийг үртэй болгож эмчиллээ гэхээр манайхан харамлах сэтгэл төрөх байх?
-Миний хоёр дахь гэр бүл, эх орон бол Якут. Би Якутын ард түмэнд хайртай. Миний хийсэн ажлын амжилт, бүтээл бүгд тэндээс улбаатай учраас тэр. Якутын эмэгтэйчүүдийн хайр, энэрэл, залбирал намайг тэр хүйтнээс аварч, би хөлдчихгүй тэсч үлддэг болов уу. Хийж байгаа ажлынхаа төгсгөл, үр дүнг үзчихээд нутагтаа ирэх санаа бий.
-Цаатан түмнээс уяатай таны сэтгэл хэзээ Монгол руу урвах бол?
-Би тэтгэвэрт гарсан ч тэндээ л ажиллана. Нүд анитлаа дуртай ажлаа хийнэ гэж боддог юм. Миний хийж байгаа ажил монголчуудын нэр дээр л хаяглагдана. Оросууд намайг иргэнээ болгох гэдэг юм. Би ийш, тийш явах бүртээ ирээд виз даруулаад явдаг юм. Энэ бол миний эх оронч зангийн илрэл. Манай иргэн болбол сар бүр 1500 рубль өгье гэхэд ч би дуугараагүй. Монголд төрж өсөөд, нутагтаа боловсрол эзэмшсэн маань үнэн юм чинь. Мөнгө миний амьдралд сонин биш. Олонд тусласан буяны үрээрээ л би ийм заяа, төөргөөр явж байгаа байх.