Д.ЦЭРЭННАДМИД

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан улсын хэмжээнд 2030 он гэхэд "Тэрбум мод" тарих хөдөлгөөнд орон нутгийн иргэд нэгдэн ажиллаж байна. Үүний нэг тод илрэл нь Дундговь аймгийн Дэрэн суманд хаврын мод тарих ажил "Төрөлх нутгаа цэцэрлэгжүүлье" уриатайгаар эхлээд байгаагаар харагдлаа. Тус сумын Засаг дарга Л.Амартүвшин ярихдаа:

-Дундговь аймаг 30 сая мод тарих юм билээ. Үүний 1500-г манай сумынхан тарих үүрэг хүлээгээд хаврын тариалалтаа эхлээд байна. Энэ ажилд сумын иргэд тун өргөн хүрээтэй оролцож байгаа. Хамгийн эхэнд нь сумын дунд сургуулийн 30 дугаар төгсөлтийнхөн сумын төвийн цэцэрлэгт хүрээлэнд 100 гаруй суулгац тариалж байгууллага, хамт олноороо мод тарих үндэсний хөдөлгөөнд нэгдэхийг уриалсан бол өнгөрсөн амралтын өдрүүдэд Улаанбаатар хот дахь сумын ахмадын зөвлөлийнхөн нутагтаа ирж олон арван мод тарьж усалгааны систем тавьж өглөө. Цаашдаа бид мод үржүүлгийн газартай болохоор ярилцаж байна гэлээ.

Нийслэл дэх ахмадуудыг төлөөлж Монгол Улсын Ардын жүжигчин "Хасар" хэмээх Б.Жаргалсайхан, Ахмадын зөвлөлийн дарга Т.Лувсанбүд, цагдаагийн бэлтгэл хурандаа Л.Очирхуяг тэргүүтэй 10 гаруй хүн өөрсдийн мөнгө, хөрөнгөөр таван төрлийн модны суулгацыг бор шороо, бордоотойгоор тээвэрлэн аваачиж сумын төвийн цэцэрлэгт хүрээлэнд тарьсан юм. Засаг дарга Л.Амартүвшингийн танилцуулснаар мод тарих ажилд олон нийтийг хамруулснаар иргэддээ экологийн боловсрол олгож ахуйн соёл төлөвшил бий болгох зорилготой гээд бид сумын төвдөө цэцэрлэгт хүрээлэнг өргөтгөх цаашлаад сумын төвийн гэр хорооллын ар талд болон Хийдээс бурхантай хад хүртэлх газарт олон арван мод зурваслан тариалахаар төлөвлөсөн. Сумын төвдөө нэг га талбайд чацаргана тариалдаг. Үүнийхээ мод бутыг нэмэх, услалт арчилгааг нь сайжруулахаар ажиллаж байна. Саяхан болсон малчдын зөвлөгөөний үеэр хөдөөгийнхөн өвөлжөө, хаваржаагаа түшиглэн мод тарих санаачлага хэлж байсан. Энэ санааг бүгд дэмжих болно гэж байв.

Сумын иргэн Н.Батцэрэн:

-Манайх хашаандаа жимсний модтой болоод хэдэн жилийн нүүр үзсэн. Мөн хүлэмжинд ногоо тарьдаг. Тэгвэл одоо "Тэрбум мод" тарих хөдөлгөөнд бодитой хувь нэмэр оруулая гэсэн үүднээс өөрийн талбайд мод үрслүүлэхээ амлаад байна. Сумаас болон Улаанбаатар хот дахь Ахмадын зөвлөлөөс дэмжинэ гэсэн гэж байлаа.

Ийнхүү Дэрэн суманд мод тарих хаврын ажил амжилттай эхэллээ.

Нутагтаа очсон ахмадууд.
Сумын Засаг дарга Л.Амартүвшин ахмадуудтайгаа цаашдаа хийх багагүй ажлын талаар зөвлөлдлөө.
Б.Бямбаагийн гэр бүлийнхэн.

Эх сурвалж:  “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН 10. МЯГМАР ГАРАГ. № 93 (6825)