ЦУОШГ:Уулархаг нутгаар бороо, нойтон цас орно

0
хуваалцах
178
үзсэн

Б.ОД

Ойрын хоногуудад уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, говь, тал хээрийн нутгаар салхитай, ихэнх нутгаар сэрүүвтэр байхыг ЦУОШГ-аас мэдээллээ.

Тавдугаар сарын 10-ны 20:00 цаг хүртэл баруун аймгуудын нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангай, Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар бороо, нойтон цас орно.  Салхи ихэнх нутгаар хойноос секундэд 6-11 метр, өдөртөө Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.  

Бага зэрэг хүйтэрч шөнөдөө Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Завхан, Тэрэлж голын хөндийгөөр 10-15 градус хүйтэн, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн голын хөндийгөөр 5-10 градус хүйтэн байна.

Говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр 2-7 градус дулаан, бусад нутгаар 0-5 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1-6 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 16-21 градус, бусад нутгаар 8-13 градус дулаан.

Улаанбаатарт хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгинын орчмоор 8-10 градус, бусад хэсгээр 5-7 градус хүйтэн, өдөртөө 3-5 градус дулаан байна.

Тавдугаар сарын 11-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын хөндийгөөр, 12-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр нойтон цас орно.

Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Завхан, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 2-7 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна.Бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна.

Тавдугаар сарын 13-наас баруун аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар дулаарах юм байна.

Эх сурвалж:www.polit.mn