Х.МОНГОЛХАТАН

Үхэх төрөх ээлжилдэг орчлонд хүн болж төрнө гэдэг их хувь заяа. Харамсалтай нь энэ ховор тавилангаа бид хорт хавдар гэх аюулт өвчнөөр хайр найргүй бусниулсаар байна. Хэдийгээр өвчин хэлж ирдэггүй ч энэ аюулт тахлаар өвдөхгүй байхад урьдчилан сэргийлэлт чухал. Харин өвдсөн тохиолдолд эрт оношлуулж, тохирсон эмчилгээ хийлгэх ёстой. Тэр дундаа хорт хавдар нь сүүлийн шатандаа орж эмчлэх боломжгүй болсон хүмүүс оношлогдсон цагаасаа хорвоогийн мөнх бусыг үзүүлэх хүртлээ ямар замаар, хэрхэн явж байгааг нэгэн өвчтөний бодит түүхээр өгүүлье.

ХОЖУУ ОНОШЛОГДСОН АЮУЛТ ӨВЧИН 

“Ээж нь элэгний хорт хавдраар өвджээ. Харам­сал­тай нь хавдар хэтэрхий томорсон байна. Ямар ч эмчилгээ авах боломжгүй” гэсэн эмчийн үгийг сонс­сон ар гэрийнхэн нь цоч­ролд оров.

Өнгөрсөн зуны дунд сараас л ходоод гэдэс нь хямарч, ядраад байсан ээжийгээ есдүгээр сарын дундуур дүүргийн эмнэ­лэгт хэвтүүлсэн хүүх­дүүд нь ийм хариу сонсоно чинээ бодсонгүй. Учир нь зургаахан сарын өмнө эм­нэлэгт хэвтүүлэн бүх төр­лийн шинжилгээ хийл­гэхэд хавдрын тухай дур­саа ч үгүй учраас итгэж ядна. Бүх шинжилгээг дахин Сонгдо эмнэлэгт хийлгэж, хариуг нь аваад Хавдар судлалын үндэс­ний төвд очлоо.

Нар мандахтай зэрэг­цээд шахуу очиж, дараа­лалд зогсон байж, хоёр хоногийн дараа 10.00 цагт эмчид үзүүлэх дугаар авав. Товлосон өдрөө ээжийгээ хөтлөн очоод “Элэгний хавдар нь сүүлийн шатан­даа орсон, гурван сарын настай” гэж хэлэх эмчийн үгнээс ямар ч итгэл найд­вар, аврал энэрэл мэд­рэгдсэнгүй. Картан дээр нь өвчин нам­даах эм, дүүр­гийн эм­чийн хяналтад орох гэж л бичсэн байлаа. Аав, ээж хоёртоо үнэнийг хэлэхээс эмээсэн хүүх­дүүд нь “Элэг­­ний ха­туу­рал болж, сайн эмчлүү­лээд эд­гэр­нэ” гэсэн үгсээр арга­цаав. Ингээд ээжий­гээ харж асрахын тулд хэн нэг хүү­хэд нь аж­лаасаа чөлөө авах хэрэгтэй болжээ.

ХАВДАР ЭМЧИЛДЭГ ГЭХ БӨӨ ХАА САЙГҮЙ БАЙНА

Нэгэнт л эмчилгээгүй гээд гаргасан эмнэлгээс дахин аврал энэрэл гуйх эрхгүй учраас өөрсдийн сонссон дуулсан, зөв сайн гэж бодсон бүхнийг хэрэг­лэж эхлэв. Танил тал найз нөхдөөсөө сураглаж сайн гэх нэгэн бөөг заал­ган очлоо. Гэдэс нь ха­туурч цүндийсэн ээжид нь иллэг бариа хийж, “могой” гэх уяаг зүүн өгч, өглөө, өдөр, оройд дээш, доош болгож уях чухал ажлыг бага хүүд нь даалгажээ.

Өглөө­ний нартай уралдан гэдсэн дэх уяаг нь уяж, өдөр цай­ны цагаараа очин доош­луулан, орой нар жарга­хаас өмнө дээшлүүлэх зан үйлийг сар шахам үйлдэв. Ээжийнх бие сайжрахгүй л байв.

Өдөр бүр бөөгийнд очиж элдэв зан үйл, бариа засал хийлгэсээр улам ч ядраад эхэллээ. Гэтэл  бөө хоёр ч хүүг нь тэнгэрийн сахиустай гэв. Хөвгүүд нь сахиусаа яаралтай авахгүй бол ээжийнх нь амиар оролдоод байгаа гэж хүр­тэл ятгажээ.

Баянхонгорт нэг сайн бөө байдаг, хавдартай хү­нийг дор нь эмчилдэг. Эрдэнэтэд байдаг сүрхий бөө рүү хавдартай гэх онош­той хүн бүр очдог тухай дуулдав. Гэвч газ­рын хол, замын ая даа­хаар­гүй болсон ээжийгээ ардын уламж­лалт эмчилгээтэй хувийн эмнэлэгт 10 хоног хэвтүүлжээ. Бариа хийлгэх, шар сүү, шөлөнд орох зэр­гээр эмчилгээ хийлгэсэн боловч өдрөөс өдөрт бие нь дордсоор байв.

Гэтэл хавдартай хүнд дөнгөж төрсөн эхийн эхэс сайн байдаг тухай сонсжээ. Ээжийгээ хэдэн хоног ч болов амьдруула­хын тулд танил тал найз нөхдөөсөө сурагласаар эхэс олж авав. Өнөөхөө өдөр бүхэн залгиулж, уу­сан хүн босоод ирдэг гэсэн үгэнд итгэн, үр дүнг нь үзэх гэж 14 хоног хүлээв. Өөрөө алхах нь бүү хэл өндийж суухаа больж, утсаа аваад ярихаа байж ухаан санаа нь орж гарч эхэллээ. Хамаг бие нь хавагнаж, гэдэс нь хатуу­ран өвдөж, зовиурлах ээ­жий­гээ яах учраа олохгүй хэдэн хүүхдүүд нь тойрон эргэлдэнэ. Энэ бүхэнд багагүй мөнгө зарцуулагд­сан нь ойлгомжтой.

ӨВЧТӨНӨӨ ҮЗЭХГҮЙ ЭМЧ, ЭМНЭЛЭГ ТООХГҮЙ ӨВЧТӨН

Ямар ч байсан хянал­тад нь очсон дүүргийн эмчтэй уулзаж, ээжийгээ үзүүлэхээр очсон охинд нь “Би өөрөө үзээгүй боло­хоор хэлж мэдэхгүй байна. Ирэх долоо хоногоос өө­рийг нь авчраад үзүүл. Гэхдээ хөл дээрээ босч чадахгүй хүнийг дөрвөн мөчөөс нь чирээд ороод ирэв дээ” гэжээ. Өөрөө очиж үзэхгүй, чирээд ирж болохгүй гэх эмчийн үгэнд гомдсон охин нь өрхийн эмчид хандав. Картыг нь үзсэн өрхийн эмч нэгэнт эмчилгээгүй хүнийг яаж ч чадахгүйгээ учирлаад өв­чин намдаах эм бичиж өгчээ.

Ингээд дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэгчээр нүдэн дээр нь илтэд муудаж байгаа ээ­жийгээ хараад сууж ча­дах­гүйдээ гэрээрээ дусал хийлгэх санаатай таньдаг хэдэн сувилагчаас гуйв. Гэтэл ийм хүнд байгаа хүнд тариа хийж чадахгүй, судас нь олдохгүй, олдоод хийсэн ч реакц өгөх ма­гад­лалтай гээд татгалзжээ.

Гэдэс нь тогоо шиг томрон хатуурч, хоёр хөл нь чихмэл тоглоом шиг хөөж хавагнан, хоол идэ­хээ больж, өдөрт хэдхэн халбага ус, цайхнаар тор­гоож байсан ээж нь удах­гүй ухаангүй болов. Айж, сандран түргэн дуудахад түргэний эмч “Нэгэнт тавилан нь тодор­хой өвчтөнд ямар ч эмчил­гээ хийхгүй. Хавдрын эм­нэлэгтээ ханд” гээд яваад өгөв. Тавилан тодорхой өвчтөнүүдийг авдаг тасаг Хавдар эмнэлэгт байдгийг мэдсэн ч тэр нь сул оргүй, урт дараалалтай гэдгийг сонсоод арга мухардав.

Энэ эмнэлэгт танил тал юу байна гэж давхар хайв. Энэ бол монголчуу­дын гэм биш зан. Сайн сураглавал ч таньдаг эмч, тасгийн дарга ч байж боло­хоор. Мөнгөгүй, танилгүй хүнд үйлчилдэггүй эмнэл­гийн үйлчилгээг авч чадах эсэхээ мэдэхгүй ч үнэн байдлыг ойлгох сайхан сэтгэлтэй нэг ч болов эмч таарах биз гэж найдаж залбирч байв. Тиймээс ч өвчтөнүүдтэйгээ нүүр тулж, гардан эмчилдэг эмч нарыг нь олж уулзахаар шинэ оны анхны амрал­тын өдөр Хавдрын эмнэ­лэгт очлоо.

ХӨНГӨВЧЛӨХИЙН ЭМЧ НАРАА БИДЭНД ТУСЛААЧ

Үнэхээр ч Хөнгөвчлөх эмчилгээний тасагт ямар ч сул ор байхгүй байв. Хэвтэх хүмүүс дараалал бичүүлээд ор гарахыг хү­лээ­хээс өөр аргагүй. Да­раа­лалд бичүүлчихвэл ирэх долоо хоногоос ор гарахаар утсаар хэлдэг гэнэ.

Хүлээн авахынх нь эмчид ээжийнхээ картыг үзүүлэн учир байдлаа хэлж, хэвтүүлж өгөхийг гуйв. Үнэнийг хэлэхэд ирэх долоо хоногийг хү­лээх нас байхгүй, ямар ч эмчилгээ хийхгүй, тус­ламж үйлчилгээ үзүүлж чадахгүй байсаар үхүүл­мээргүй байгаагаа учир­лав. Ядаж эвхдэг орон дээр ч болов авчихвал гаднаас хэрэгтэй эм тариаг нь бид өөрсдөө аваад эмчилгээнд оруулчихмаар байна гэтэл төрөөс санхүүжилт нь ор­ныхоо тоогоор ирдэг уч­раас илүү ор гаргаж авах боломжгүй. Харин ээжий­гээ авчирч үзүүл. Гэхдээ хөнгөн байвал зөвлөгөө өгөөд буцаагаад явуулна, хүнд бол аргалаад авна гэв. Ар гэрийн­хэндээ үүнийг сайн ойл­гуу­лаарай. Өвчтөнөө ав­чир­сан хүмүүс уурлаж бухимдаад элдвээр хэлж, хараагаад байдаг юм гэж учирлав. Үхэлтэй нүүр тулчихаад аврал эрэн ир­сэн хүмүүс хайртай хүнээ тусламж авч чадалгүй нас барахаар эмч, сувилагчид уурлаж бухимдах, цохиж зодох энүүхэнд байдаг аж. “Хавдраар өвдөж үхээ­рэй, эцэг эх үр хүүхдээ энэ өвчнөөр алдахын зовлонг үзээрэй” гэж хүртэл ха­раа­­даг гэнэ. Тэр байтугай нэг залуу ээжийгээ өн­гөрс­ний дараа миний ээ­жийг алсан гээд эм­чийг заналхийлж, ажлаас нь гэр хүртэл дагасан тухай ярьж байв. Үнэхээр ачааллаа даахгүй тасаг, ажлаа дийлэхгүй эмч, өв­чин зовиуртай өвчтөн, гом­дол бухимдалтай ар гэрийнхний мөнхийн ту­лаан энэ тасагт илүү болдог бололтой.

Ямар ч байсан эмчид үзүүлж, эмнэлэгт хэв­түүлж магадгүй болсон учраас хэвтрийн хүнийг аюулгүй зөөвөрлөх тэрэг хайлаа. Хөнгөвчлөх эм­чил­гээнд тусгайлан түр­гэний тэрэг байхгүй уч­раас 103 дуудан эмчийг нь гуйж, даргатай нь утсаар ярьж зөвшөөрүүлэн, төл­бөрийг төлж байж эмнэ­лэгт авчирлаа. Хаван нь ихэдчихсэн, даралт нь уначихсан, ухаангүй ир­сэн өвчтөнөө Толгой хү­зүүний мэс заслын тасагт ор гарган авсан юм. Ямар­таа ч юу хийхээ мэдэхгүй сандарч тэвдсэн гэрийн­хэн нь эмнэлгийн, эмчийн бараа харуулсандаа жаа­хан ч гэсэн уужрав. Мар­гааш нь Хөнгөвчлөх эм­чилгээний тасагт ор гарч, тийшээ шилжүүллээ. Хаашаа хандахаа мэдэхгүй лам бөө, уламжлалт эмнэлэг гэж явсаар цаг алдаж, хэтэрхий дордуулсан хой­ноо авчирсан болохоор шаардлагатай эм тариаг бүгдийг хийсэн ч нэгэнт оройтжээ. Гурав хоноод ээж нь хорвоогийн мөнх бусыг үзсэн юм. Хэрвээ анх үзүүлсэн, зөвлөгөө авсан эмч нь Хөнгөвчлөх эмчилгээний тасаг байдаг гэдгийг, шаардлагатай үед ирж үзүүлээрэй гэдгийг хэлээд өгсөн бол арай эрт ирж, эмчилгээ авах ч бай­сан юм билүү гэх халаглал төрж байсныг нуух юун.

3000 ХҮНД 18-ХАН ОР ОНОГДОХ ХӨНГӨВЧЛӨХИЙН ТАСАГ

Хавдар судлалын үн­дэс­ний төвийн Хөнгөвч­лөх эмчилгээний тасаг анх 2000 онд 10 ортой, хоёр эмч, таван сувилагчтайгаар нэг жилийн хуга­цаанд үнэ төлбөргүй тус­ламж үзүүлэн үйл ажилла­гаа эхэлсэн байна. Харин 2001-2004 онд дотоод нөөц бололцоогоо ашиглан, өвч­төнүүдээс тодорхой хэмжээний ашгийн бус төлбөр авч байсан бол 2005 оноос төрөөс санхүүждэг болж үнэ төлбөргүй тус­ламж үйлчилгээ үзүүлдэг болжээ. Одоо бол 18 ортой, хоёр эмч, нэг эм зүйч, зургаан сувилагч, таван туслах ажилтантай 21 ай­маг, есөн дүүргийн хэм­жээнд үйлчилгээ үзүүлдэг байна. Хэдийгээр аймаг, дүүрэг бүрт хавдрын мэргэшсэн эмч ажиллаж, хөнгөвчлөх тусламжийн хоёр ортой боловч тусламж хэрэгтэй хүн бүрт хүрч үйлчилж чаддаггүй байна. Тиймээс хот хөдөөгөөс зайлшгүй тусламж шаардлагатай хүмүүс зорин ирнэ. Орны ачаалал хүрэлцээгүйгээс дараалалд бичээд буцаа­сан өвчтөнүүд рүүгээ ор гарахаар залгахаар нас барчихсан байдаг аж.

Хорт хавдрын улмаас амьдралын төгсгөлийн шатанд орсон өвчтөнийг хэвтүүлж, өвдөлт, зовиур шаналгааг нь хөнгөвчлөх, амьдралынх нь чанарыг сайжруулах үйлчилгээ зөвхөн энэ тасгаар хяз­гаар­лагдаж байгаа нь ха­рамсалтай. Үнэхээр би­еийн байдал нь хүнд бай­гаа л бол хэвтүүлнэ, хөн­гөн бол зөвлөгөө өгөөд буцааж явуулна гэдэг нэг ёсондоо л үхэх болохоороо ир гэж байгаа юм шиг харгис сонсогдоно. Зарим өвчтөний ар гэрийнхэн үхлээ хүлээн буй хүнээ гэртээ авахаас татгалздаг гэнэ. Өвчтөний бие дэх хорт хавдар нь задрахаар үнэр гаргаж, эргэн тойр­ныхоо тавгүйтүүлдэг учир жирэмсэн хүнтэй юм уу, нялх хүүхэдтэй айлууд эмнэлэгт байлгаж байгаад эцсийн замд нь үдэхийг хүсдэг байна. Тиймээс ч өвтөнүүдэд гэрийн тус­ламж үйлчилгээ үзүүлж, зөвлөгөө өгдөг “Найдвар”, “Green home” зэрэг хос­писуудтай энэ тасаг хамтын ажил­лагаатай байдаг аж.

Зөвхөн элэгний хорт хавдраар гэхэд жилд 1400-1600 хүн шинээр өвчилж байна. Ер нь нэг жилд хорт хав­дар өвчнөөр дунджаар 4200 гаруй хүн өвчилж байгаагаас 3000 орчим нь нас барж байгаа судалгаа байна. Хавдар ихэсч, залуужиж байгаа талаар олонтаа ярьдаг ч яг бодит байдал дээр тэдгээр өвчтөнүүдэд хэрэгтэй шинжилгээ, эм­чилгээ, үйлчилгээ дутмаг хэвээр байна. Нэгэнт эм­чилгээгүй гээд оношлогд­сон тавилан нь тодорхой эдгээр хүмүүс зовиур ша­нал­гаанаас болж үлдсэн жаахан насаа гүйцээж чадалгүй өвдөлтийн ко­моор өнгөрөх нь элбэг байна.

Хэдий эмчилгээгүй болсон ч хэрэгтэй эм та­риа, уургаа нөхөөд, зайлш­гүй шаардлагатай эмчил­гээ хийлгээд байвал хав­дартай хүний амьдрах хо­ног уртасч, амьдралынхаа сүүлийн өдрүүдийг өвчин зовиургүй өнгөрүүлж, үр хүүхэд, ар гэрийнхэндээ захиас занаагаа хэлж, амар тайван бурхны оронд очиж боломжтой гэдгийг эндхийн эмч, сувилагч нар хэлж байв.

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ ХЭРЭГЖДЭГ Ч БОЛООСОЙ

Сэтгүүлч миний бие ч одоогоос есөн жилийн өмнө ээжийгээ хорт хавдар гэх энэ аймшигт өвчнөөр алдсан юм. Тэр үед хөн­гөвчлөх эмчилгээний та­сагт ээжийгээ хэвтүүлэн эмчлүүлж байсантай харь­цуулахад эндхийн үйлчилгээ хамаа­гүй сайжирсан байв. Гад­наас эм тариа авах шаард­лагагүй болжээ. Гэхдээ тасаг тэр чигтээ хүйтэн учир суугаа шахуу хонох сахиуруудад хүндрэлтэй. ОО өрөөний үнэр тэр ха­вийг тэсэхийн аргагүй болгоно. Олон жилийн түүхтэй эмнэлгийн барил­гад их завсар хийх шаард­лагтай болсон нь өрөөнүү­дээр ороход харагдана. Өнгөрсөн зун тендерээр ялсан компани энэ тасагт засвар хийсэн боловч са­рын дараа л буцаад хуучин хэвэндээ оржээ.

Хором мөч бүрт үхэл­тэй тэмцэлдэн байх өвч­төн, түүний ар гэрийнх­нийг багтааж шингээх зай тасагт битгий хэл хонгилд нь алга. Хүнд өвчтөнүү­дийн ар гэрийнхэн Хөн­гөвчлөх эмчилгээний тас­гийн ойролцоох санд­луу­дад суун, шөнө нь хэвтэж нүдний хор гаргана. Ядаж хэдэн буйдан тавиад өг­чихдөг бол суугаагаараа хонож байгаа сахиуруудад дэмтэй санагдсан.

Харин хамгийн хүнд­рэл­тэй байсан өвдөлт нам­даах морфины олголт харь­цангуй сайжирчээ. 2003 онд улаан зураастай блан­каар долоо хоногт 10 тун­гаар олгодог байсан бол одоо шар зураастай блан­каар өвчтөнийхөө биеийн байдлаас шалтгаалан тунг бичдэг болсон нь сай­шаалтай. 

2009 онд Эрүүл мэн­дийн сайд 21 аймаг, есөн дүүргийн 30 эмнэлэгт хавд­рын тасаг байгуулах тушаал гаргасан. Энэ хавд­рын тасагт заавал хөнгөвчлөх үйлчилгээний нэг эмч, сувилагчийн орон тоо байна гэж тусгажээ. Гэвч энэ тасгийн эмч, сувилагчийн цалин хөл­сийг нэмж шийдэж өгөл­гүй, тухайн эмнэлгийг дотоод бололцоогоороо зохицуул гэж орхисноос өнөөдрийг хүртэл хэрэг­жихгүй байгаа юм байна. Хэрвээ энэ тушаал ажил хэрэг болчихвол энд­хийн ачаа­лал харьцангуй буурч, илүү олон хүмүүст хөн­гөвч­лөх үйлчилгээ хүрэх боломжтой аж.

Нэг өвчтөний ард түү­ний гэр бүлийнхэн сэтгэл санаагаар төдийгүй ажил, ахуй амьдрал, эдийн зас­гаараа хэрхэн хохирч бай­гаагийн зөвхөн нэг жи­шээг ямар ч нэмэр хачир­гүйгээр өгүүлэхэд ийм байна. Хэрэгтэй үедээ, шаардлагатай эмчилгээ үйлчилгээг авч чадахгүй байгаа олон мянган хүн үхлээ хүлээн өдөр хоно­гийг зовиур шаналгаан дунд өнгөрөөж байгааг бодохоос ч аймшигтай санагдана.

Ачааллаа даахгүй бай­гаа эмнэлэгт, ажлаа мэ­дэх­гүй дүүргийн, өрхийн эмч нарт, уялдаа хол­боо­гүй ажилладаг эмнэлгүү­дэд, мэдээлэлгүй явсаар оройтуулсан ар гэрийнхэн гээд хэнд нь ч буруу өгөх аргагүй юм шиг. Ердөө л иргэдээ өвчинд нь, үхэлд нь даатган орхидог манай эрүүл мэндийн тогтолцоог үндсээр нь өөрчлөх төрийн зөв бодлого дутагдаж байгаа нь энэ ажээ.