Г.Батчимэг: Жизелийн хамгийн сүүлийн мөч сайхан мэдрэмж өгдөг

0
хуваалцах
679
үзсэн

П.АМГАЛАНБАЯР

 

Хайрын тухай өгүүлэх дэлхийн сонгодог бүжгэн жүжгийн нэг А.Аданы “Жизель” балет анх удаа монгол хүний найруулга, дэглэлт бүхий шинэчилсэн хувилбараар  энэ сарын 16-17-ны өдрүүдэд үзэгчдэд хүрэх гэж байна. Энэ удаад “Жизель”-ийн дүрээр үзэгчидтэй уулзах ДБЭТ-ын балетын гоцлооч МУСТА Г.Батчимэгийг урьж ярилцлаа.

-Та “Жизель” бүжгэн жүжгийн хөгжлийн талаар манай уншигчдад мэдээлэл хүргээч?

-“Жизель” бүжгэн жүжиг нь дэлхийн эртний балетын нэг. А.Аданы хөгжим бөгөөд  одоо хүртэл дэлхийн олон тайзнаа тоглогдож буй шилдэг бүтээлийн нэг юм. Монголын тайзнаа анх 1979 онд Оросын мэргэжилтэн дэглэж үзэгчдэд хүргэж байсан.

-Харин энэ удаа шинэчилсэн найруулгаар үзэгчдэд хүрэх гэж буйгаараа онцлог болов уу?

-Монгол хүний дэглэлт, найруулгаар бүтэж үзэгчдэд хүрэх гэж буйгаараа онцлог. Дэглэлт найруулга дээр театрын ерөнхий балетмейстер Д.Дашлхагва багш ажиллаж байна. Уг дэлхийн сонгодог бүтээлийн агуулга, үзэгчдэд хүргэж буй утга санаа нь өөрчлөгдөөгүй боловч хөдөлгөөн, хөгжмийн хуваарилалт, шилжилт, жүжиглэлтийн хурд шинэ учраас цоо шинэ мэдрэмжийг үзэгчид авах болов уу. Тийм болохоор Жизелийн дүрд ажиллахын тулд маш их бэлтгэл, ур чадварыг шаардаж байгаа. Цоо шинэ тавилт, найруулгатай Жизелийн дүрээр үзэгчидтэйгээ уулзах гэж байгаадаа баяр, догдлолтой байна.

-Энэ удаагийн “Жизель”-ээс  үзэгчид ямар өөрчлөлт  олж харах бол?

- "Жизел"-ийг шинэ найруулгаар үзэгчдэд хүргэхийн тулд Д.Дашлхагва багш маань гурван жил бодол сэтгэлээ зориулсан. Өнгөрсөн жилээс эхлээд дэглэлтүүд нь эхэлчихсэн байсан. Би есдүгээр сараас хойш бэлтгэлээ базааж эхэлсэн. “Жизель” бүжгэн жүжигт зориулсан хөгжим урт хэмжээтэй байдаг. Дэлхийн театрууд уг жүжгийн хөгжмөөс  янз бүрээр ашиглаж, үзэгчдэд хүргэсэн. Харин энэ удаад Монголын тайзнаа гарах "Жизель" өмнө ашиглаж байгаагүй хөгжим нэмэгдсэн гэдгээрээ онцлог. Өмнө нь цаг гаран үргэлжилдэг байсан бол энэ удаад хоёр цаг үргэлжлэх болов уу. Гэхдээ тухайн үед  хөгжимчид удаан, хурдан тоглох уу, удирдаач хэрхэн удирдах уу гэдгээс хугацаа хэмжигддэг учраас хугацааг нь тодорхойлох боломжгүй байсан. Энэ удаад Т.Юндэн гээд шинэ удирдаач ажиллаж байгаа.

Өмнө "Жизель" үзэж байгаагүй хүмүүст сонирхолтой гайхалтай мэдрэмжийг өгөх байх. Хөгжмийн урлаг бол хүний дотоод сэтгэлийн утсыг хөндөж байдаг. Уг бүжгэн жүжгийг үзсэн хүн амьдрал ямар амттай, үнэ цэнтэй, ямар их хайр дунд амьдардаг вэ гэдгийг мэдрэх болов уу. Надад нэг удаа анх балет үзсэн эмэгтэй “Уйлмаар ч юм шиг,  өөрт төрж буй тэр мэдрэмжийг тайлбарлаж чадахгүй байна”  гэж хэлж байсан юм. Тийм болохоор би эзэмшсэн мэргэжлээ хүний оюун санааг эмчилдэг эмчтэй зүйрлэдэг.

- “Жизель” балетын  шинэчилсэн найруулгаар үзэгчидтэйгээ уулзах гэж буй мэдрэмжээсээ хуваалцаач?

-“Жизель” бүжгэн жүжгийн онцлог нь хоёр үзэгдэлтэй балет. Нэгдүгээр  үзэгдэл бол бодит ертөнц хүний амьдралыг харуулдаг. Харин хоёрдугаар үзэгдэл нь романтизмын үеийн бодит ертөнцөөс хальсан хийсвэр  сэтгэлгээний сүнсний хэсэг орж ирдэг. Энэ хоёрын ялгааг харуулахын тулд зөөлхөн байх ёстой. Анх Жизелийн дүрээр тайзнаа гарахад нас бага байсан болохоор тухайн үед нэгдүгээр үзэгдэл амархан хоёдугаар  үзэгдэл хэцүү санагддаг байсан. Харин энэ удаад эсрэгээрээ. Хоёрдугаар үзэгдэлд хөгжим нь илүү удирдаад гоё мэдрэмж өгч байгаа.

-Та хамгийн анх Жизелийн дүрээр хэзээ тайзнаа гарч байв?

-Би 20 гаруй жил  театрт гоцлол бүжигчнээр ажиллаж байна. Анх 2003 онд Хөгжим бүжгийн коллежийг балетын жүжигчин мэргэжлээр төгсөөд хоёр жилийн дараа анх удаа Жизелийн дүрээр тайзнаа гарч байсан. “Дон Кихот”, “Испани эмэгтэй”, “Хар хун” зэрэг хурдтай, үсрэлттэй, техниктэй дүрүүдэд миний зан төрх тохирдог. Театрын тайзнаа олон Жизелийг бэлдэж гаргасан н.Гэрэлчимэг багш намайг “Чи Жизельд тоглоно шүү” гэж хэлэхэд нь баярласан, догдолсон. Тухайн үед Жизелийн дүрээр тайзнаа гарахад зан ааш, хөдөлгөөн гээд өөрийгөө эвдэх шаардлага гарсан. Тийм  болохоор театрын тайзнаа намайг өөрөөр амьдруулсан энэ дүрдээ маш их хайртай. Одоог хүртэл 20 гаруй удаа Жизелийн дүрээр тайзнаа гарсан. Анх Монголын тайзнаа тавьсан Жизельд Ю.Оюун багш маань тоглосон. Харин  намайг төгсгөсөн мэргэжлийн багш бол гавьяат Т.Туул. Багш маань бидэнд балетчин бол бүжгийн жүжигчин гэж төгсдөг учраас хөгжмийн хэм хэмжээг хэрхэн ойлгох, хөдөлгөөнийг хэрхэн утгажуулах зэрэг хичээлүүдийг ордог байсан. Багш нарын заасан бүхэн их тус дэм болдог. Ур чадвар, заах арга ухаан гээд гайхалтай зан чанартай багш нарынхаа гараар хүмүүжсэн дээ баярладаг.

-Та олон Алберттай хамтарч тоглосон бололтой. Энэ удаад эрэгтэй гол дүрд хэн тоглож байгаа вэ?

-Миний анхны хамтарч тоглосон Алберт бол Японы теарт бүжиглэж байгаа Д.Батболд ах. Дараагаар нь ангийнхаа хүүхэд болох Германы театрын гоцлол бүжигчин Д.Одсүрэн, Солонгосын театрт гоцлол бүжигчнээр ажиллаж байгаа О.Ганцоож гээд олон авьяаслаг Алберттай хамтарч тоглож байсан. Харин энэ удаад өөрөөсөө 16 насаар дүү А.Тэмүүлэнтэй хамтарч тоглоно. “Жизель”-ийн дараагаар алдарт “Ромео Жулетта” жүжигт  А.Тэмүүлэнтэй хамт тоглох юм. Энэ жил миний хувьд театрынхаа тайзнаа бүжиглэх сүүлийн жил.Тиймээс энэ гайхалтай жүжгүүдийн дүрээр тайзнаа гарч байгаадаа баяртай байна.

-Хоёрдугаар үзэгдэл дээр Альберттай сүүлчийн бүжиг бүжиглэх мөчид ямар мэдрэмж төрдөг вэ?

-Нэгдүгээр үзэгдэл дээр хайртай хүндээ гомдоод, хайр ийм өөдгүй, өвтгөх байсан юм уу гэсэн бодолд автана. Харин хоёрдугаар үзэгдэлд жүжигчид дүрдээ орчихсон байдаг. Надад Жизелийн хамгийн сүүлийн мөч сайхан мэдрэмж өгдөг. Хайртай хүнээ нэг л өдөр чи над дээр хүрээд ирнэ.  Хүн үхэхгүй үүрд мөнх амьдарна гэж байхгүй.  Хэзээд чи над дээр ирэх юм чинь, чи хүний ертөнцөд жаахан саатчихаад дараа нь уулзая. Чи минь энэ гоё наран доор амьдар. Би энэ нарыг хэзээ ч харж чадахгүй юм чинь гээд булш руугаа ороод, уусаж буй цаас, цэцэг, навч болоод бутарч байгаа хэсэг нь үгээр илэрхийлэхийн аргагүй нандин мэдрэмж өгдөг. Тайзан дээр хөдөлгөөний хэлээр ярьж байгаа учраас үзэгчдэд хөнгөн мэдрэмжийг өгөхийг эрмэлздэг дээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 11. ДАВАА ГАРАГ. № 72 (6804)