Ч.ГАНТУЛГА

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Бид энэ удаад мэдээллийн технологийн “Айтүүлс” компанийн захирал Б.Тамирыг урилаа.

 

Үндэстний эрх ашгийн төлөө  хараат бус дэд бүтэц л хэрэгтэй

 

Бидний ажил, амьдралын ихэнх нь цахим орчинд өрнөж бас өнгөрч  байна. Нэн түрүүнд үндэстний эрх ашгийн төлөө үндэсний хараат бус дэд бүтэц хэрэгтэй. Хэдий болтол бид лицензийн төлбөрт мянга мянган ам.доллар гадагш нь урсгасаар байх вэ. Монгол залуучууд орон зай, газар зүйн систем хийчихээд байхад төр нь өөрөө “гүүгл мэп”-д хэзээг хүртэл мөнгө төлсөөр байх вэ. Бүтээж байгаа залуучуудаа хэрэглэгч болгомооргүй байна. Гүүглд төлж байгаа мөнгөөр монгол залуучуудын үнэлэмжийг нэмэгдүүлэх боломж бидэнд бүрэн нээлттэй байна гэж хардаг.

Үүнийг бодлогоор л шийдэх хэрэгтэй. Мөн мэдээллийн аюулгүй байдлыг онцгойлон анхаарах, төрийн болоод хувийн хэвшлийн шийдвэр гаргалтад чухал нөлөө үзүүлэх боломжтой өгөгдлийг нээлттэй болгох нь халамж тараахаас илүү бодитой хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын үед мэдрэмжид тулгуурласан шийдвэр гаргах нь аажмаар устаж, үнэн зөв, бодит тоон өгөгдөл,шинжлэх ухаан, технологид  суурилж шийдвэр гаргах нь түгээмэл болсон. Энэ нь ч сайн үр дүнтэй. Тиймээс төр нэгдсэн өгөгдлийн сантай болох зайлшгүй хэрэгцээ, шаардлага байна. Ингэж чадвал эдийн засаг, нийгэм, төрийн үйлчилгээ, макро төвшний шийдвэрүүд зөв, оновчтой байж, иргэдэд ээлтэй тогтолцоо бүрдэнэ. Цахим орчин, их өгөгдөл нь иргэдэд цаг зав, мөнгө хэмнэх боломж, төр, хувийн хэвшлийнхэнд зөв шийдвэр гаргахад нь чухал нөлөө үзүүлдэг болсон цагт бид цахим орчны ашиглалт сайн байна гэж дүгнэх юм. Системээс бичиг баримтын хуулбараа татаж аваад, биеэрээ аваачиж өгч л байгаа бол цахим ашиглалт учир дутагдалтай байгаагийн илэрхийлэл юм.  Цахим орчны ашиглалтыг зөвхөн системээс мэдээллээ татаж авах, янз бүрийн сошиал сүлжээгээр нийгмийн харилцаанд орох гэж ойлгож болохгүй. Үүний цаана цахим бичиг үсэгтэн, тоон  гарын үсэг, орон зайн мэдээллийн систем, цаашлаад Монгол Улсын зөөлөн дэд бүтэц зэрэг олон асуудал бий гэдгийг ойлгох хэрэгтэй.

 

Иргэн бүр хувийн мэдээлэлдээ хянамгай хандах шаардлагатай

Блиц 

Боловсрол: 

1995-2003 онд Нийслэлийн 97 дугаар дунд сургууль 
2003-2006 онд Мон-Туркийн хамтарсан сургууль 
2006-2010 онд МУИС-ГХСС
2013-2014 онд БНТУ-Фатит их сургууль 

Ажлын туршлага:

2010-2011 онд “Саман Ёлу” компанид Захирлын туслах  
2011-2013 онд “УБ-Элит” олон улсын дунд сургуульд Нягтлан бодогч 
2014-2015 онд “ТЕГ-НӨАТУС” хөгжүүлэх төсөлд Судалгааны ажилтан 
2015-2016 онд “Гааль-Татварын ерөнхий газар”-т Мэргэжилтэн
2016 онд “Эмпасофт” компанид Сургалт хариуцсан менежер 
2016 оноос “Айтүүлс” компанийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. 

-Хүний хувийн мэдээлэлд эмзэг мэдээлэл, тухайн хүнийг шууд болон шууд бусаар тодорхойлох, эсвэл тодорхойлох боломжтой бусад өгөгдөл, мэдээллийг багтаан ойлгож болно. Дэлгэрүүлбэл генетикийн болон биометрик, эрүүл мэндийн, санхүүгийн зэрэг олон төрөл зүйл багтаж байдаг. Тэгэхээр их өргөн цар хүрээтэй ойлголт юм. Хүний хувийн мэдээллийг төр гэхээс илүүтэй хувийн хэвшлүүд хамгийн ихээр цуглуулж, хадгалж байна. “Айтүүлс”-ийн санхүүгийн дата төвийн дам үйлчлүүлэгчийн тоо гэхэд л 2.5 саяд хүрсэн судалгаа бий. Үнэн хэрэгтээ төр иргэнээ таниад, бүртгээд мэдээллийг нь хамгаалахаас илүү хувийн хэвшлүүд харилцагчаа таньж, илүүтэйгээр мэдээллийг нь хадгалж байна. Үүнээс харвал хувь хүн, хуулийн этгээд, хуулийн эрхгүй этгээд гээд бүгд л хувийн мэдээллийг цуглуулагч болсон байна. Саяхан батлагдсан Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуульд өгөгдөл цуглуулагч, боловсруулагч, дамжуулагч гэх зэргээр нарийвчлан тусгаж эрх, үүрэг, хариуцлагын хэм хэмжээг зааж өгсөн нь оновчтой байлаа. Мэдээж бид цахим мэдээллийн аюулгүй байдлыг л чухалчилж болохгүй . Биет хэлбэрт байгаа буюу хэвлэмэл цаасанд буусан мэдээллийн аюулгүй байдалд ч давхар анхаарал хандуулж, ач холбогдол өгч чадвал цогц бодлого болно.Бид өөрсдийн дата төвд байршиж буй 2.5 сая хүний эрүүл мэнд, санхүү, боловсролын мэдээллийг хадгалж, хамгаалж, цахим хилийн манаанд нүд цавчилгүй зогсож, өдөр бүр ирэх халдлагуудтай тасралтгүй тэмцэж, таслан зогсоосоор байна. Гэхдээ миний хувийн мэдээллийг зөвхөн төр, хувийн хэвшил л хадгалах, хамгаалах ёстой гэвэл өрөөсгөл ойлголт болно. Иргэн бүр хувийн мэдээлэлдээ хариуцлагатай, хянамгай хандах нэн шаардлага байна. Энэ хүрээнд төрийн инстүүц, өгөгдлийн санг бүрдүүлж байгаа аж ахуй нэгж бүрийн зүгээс олон нийтийг сургах, боловсруулах, хувийн мэдээллийн аюулгүй байдлыг сахин хамгаалахад шаардлагатай олон ажлыг тогтмол хийх ёстой. Хэн нэгэн, цаашлаад албан байгууллага, аппликейшн ер нь таны хувийн ямар нэгэн мэдээллийг шаардаж л байвал, юунд ашиглагдах, хаана хадгалагдах зэргийг тодруулдаг байгаасай. Хөл хорионы дараахан албан байгууллага, аж ахуй нэгжийн харуул, эсвэл томилогдсон ажилтан үүдэндээ суучихсан бидний оршин суугаа хаяг, утасны дугаар, регистрийн дугаар, яаралтай үед холбоо барих хүний мэдээлэл зэрэг олон хувийн чанартай мэдээллийг цаасан дээр бичүүлж авч байсан. Өнөөдөр тэр мэдээлэл хаана хадгалагдаж байгааг хэн ч мэдэхгүй.

 

Төрийн үйлчилгээ цахимжих, технологийн болоод эрх зүйн орчин бүрдлээ

 

-Харилцаа холбоо мэдээллийн технологийн яамтай болсон. Тус яам байгуулагдах хэрэгцээ, шаардлага байсан уу гэвэл байсан гэж үзэж байна. Энэ нь зөвхөн салбарын хөгжилд бус Монгол Улсын нэгдсэн, зөөлөн дэд бүтцийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Засгийн газрын хуралдаанд яамгүй учраас оролцдоггүй, шийдвэрлэж байгаа асуудлууд технологитой хэрхэн уялдах, уялдаа холбоог төдийлөн оновчтой тусгадаггүй байсан зэрэг олон учир дутагдалтай зүйл анзаарагддаг байлаа. Өнөөдөр стратегийн ач холбогдол бүхий салбарууд, аливаа бизнес бүгд л мэдээллийн технологитой холбогдож байна. Энэ интеграцад тус яам чухал байр суурь эзэлнэ гэсэн хүлээлт бий. Төрийн байгуулалтын тогтолцоо инстүүц нь өөрөө хөгжлийн үйл явцад тодорхойлогч хувьсагч хэмжигдэхүүн мөн гэдгийг хувьдаа хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ яам нөлөөллийн хүрээгээ хязгаарлаж, чадавх хүчээ нэмэгдүүлэхэд анхаарах нь зүйтэй болов уу. Төрийн наад захын, завсрын, идэвхтэй гэсэн чиг үүргүүд байдаг. Чадавх, хүч гэдэгт төрийн бодлогыг томьёолж хэрэгжүүлэх, хууль зохиох чадвар, хамгийн бага хүнд суртлаар үр нөлөөтэй засаглах, луйвар, авлига, хээл хахуулийг хянах чадвар, хариуцлагатай ажиллагааны өндөр төвшинг сахиулах чадвар, хамгийн чухал нь хуулийг хэрэгжүүлэх чадвар байдаг. Идэвхтэй чиг үүрэгт “Аж үйлдвэрийн бодлого” зайлшгүй багтдаг. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард цахим хөгжлийн дэд бүтцийг тодорхойлох эрх зүйн орчинг бий болгож,  таван хууль баталсан нь салбарын хувьд төдийгүй Монгол Улсын түүхэнд тэмдэглүүштэй үйл явдал боллоо. Монгол Улс "Алсын Хараа - 2050" хөгжлийн хөтөлбөртөө тусгасан цахим засаглал, цахим үндэстэн болох зорилгодоо хүрэхэд нэг алхам урагшилж төрийн үйлчилгээ цахимжих ,технологийн болоод эрх зүйн орчин бүрдлээ. Эдгээр хуулиудын хэрэгжилт энэ оны тавдугаар сараас эхэлнэ. Одоо төр хуулиа мөрдүүлж, хуулийн хэрэгжилтийг дээд зэргээр хангаж ажиллах шаардлага үүсч байна. Бид мянга сайн хууль батлаад хэрэгжүүлж чадахгүй бол бүх ажил талаар өнгөрнө. Дэд бүтэц, аюулгүй байдал, техник хангамж, технологийн зөв оновчтой шийдэл, иргэдэд таниулан сурталчлах, ойлгуулах гээд олон ажлыг яаралтай хийх хэрэгтэй. Олон оролцогч талуудын нягт хамтын ажиллагааны дараа үр дүнгээ өгч эхлэх ч суурийг нь бат бөх тавьчихбал цаашдаа илүү амар болно.

 

Хүн дунджаар 1 секундэд 1.7МВ орчим дата үүсгэдэг

 

-Манай компани дэлхийн жишиг дата төв болж, бүтээгдэхүүн үйлчилгээгээ олон улсад экспортлох зорилготойгоор 10 гаруй жилийн хугацаанд дата төвийн чиглэлээр дагнан, үйл ажиллагаагаа амжилттай явуулж ирлээ. Бид харилцагчиддаа физик дэд бүтцээс виртуал дэд бүтэц, виртуал дэд бүтцээс үндэсний, анхны клауд дэд бүтцийн үйлчилгээг үзүүлж, цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхсаар, дотооддоо болон салбартаа анхны олон нийтэд нээлттэй хувьцаат компани болтлоо өргөжин тэлж, зогсолтгүй хөгжсөөр байна. Манай дата төвүүдэд 13 орны, харилцагчдын 500 гаруй ТВ дата хадгалагдаж, өдөрт 15 гаруй сая хандалт авч ажиллаж байна. Энгийнээр хэлбэл “HD” киног тасралтгүй 8400 өдөр үзэх хэмжээ, номоор хэмжвэл “Дайн ба Энхийг” 170 сая ширхэг хувилсантай тэнцүү хэмжээ гэж ойлгож болно. Нийт датаны 50 хувь нь сүүлийн гурван жилд бий болсон гэхээр Монголчууд төдийгүй хүн төрөлхтөн хэрэгтэй, хэрэггүй ямар их мэдээ, мэдээлэл, өгөгдөл үүсгэж байгааг харж болно. Цахим ертөнцийн ачаар, дэлхий хэлбэрээ эрс өөрчилж, хавтгай болсонтой хүн бүр санал нийлэх байх. Бидний өдөр тутмын ажил амьдрал, гадаадаас хэдэн сая ам.доллараар импортлон авч буй интернет гэдэг зүйлтэй, дэлхийгээр хэрэн тархсан шилэн кабельтай салшгүй хамааралтай болсон. Үүнийгээ дагаад дата асар их хэмжээгээр үүсч, хадгалах, дамжуулах сав буюу дата төвүүд ч томорсоор байна. Бид дунд хугацааны стратегиа клауд дэд бүтцэд тулгуурлан, олон улсад үйл ажиллагаагаа тэлнэ гэж тодорхойлсон. Энэ зорилтынхоо хүрээнд өнөөдрийн байдлаар “TIER III” стандартын дата төвийн төсөл, үндэсний хэмжээний  үүлэн технологийн төслүүд дээр компанийн нөөцийн 60 гаруй хувийг зарцуулан ажиллаж байна. Цахим орчинд харилцагчиддаа хүссэн, хэрэгцээтэй орон зайг нь өгч чадвал хязгааргүй боломжийг атгаж, үнэ цэнийг бүтээнэ гэж харж байна. Хүн дунджаар 1 секундэд 1.7МВ орчим дата үүсгэдэг гэсэн 2021 оны судалгаа бий. Энэ датаг цуглуулж, хадгалж, анализ хийн боловсруулан шийдвэр гаргалтад ашиглах нь чухал. Компаниудын хувьд олон улсын дунджийг харвал өдөрт 2*1018B дата буюу өгөгдөл шинээр бий болгож байна. Хэдий ийм их хэмжээний өгөгдөл өдөр тутамдаа үүсгэж байгаа ч зөвхөн 26 хувь нь л компанийн шийдвэр гаргалтад датагаа ашигладаг соёлыг нэвтрүүлээд байна. Олон улсын өгөгдлийн корпораци (IDC)-ийн судалгаагаар 2025 он гэхэд бий болсон өгөгдлийн хэмжээ нийт 175 зеттабайт болно. Үүний 49 хувь нь үүлэн технологийн шийдэл бүхий дата төвүүдэд байршина гэсэн байна. Эндээс харвал “Айтүүлс” компани гурван жилийн өмнө үүлэн технологийн дэд бүтцэд хөрөнгө оруулалт хийсэн нь зөв шийдвэр байжээ.

 

Дата центрүүд үүлэн технологируу хурдацтай шилжиж байна

 

-Олон улсын дата төвүүд байгаль экологид илүү ээлтэй болж өдрөөс өдөрт хөгжсөөр байна. Сэргээгдэх эрчим хүчийг үйл ажиллагаандаа түлхүү ашиглаж, цаг уурын хүйтэн сэрүүн орчин нөхцөлд тулгуурлан дэд бүтцээ зохион байгуулж байна. Сүүлийн жилүүдэд Швейцарын өндөр уулсад бий болох дата центрүүдийн тоо улам нэмэгдэж байна. Мэдээж энэ нь тус улсын хууль эрх зүйн орчины таатай байдлыг илтгэж байна. Бидний хувьд дата центрийн чиглэлд гаднын хөрөнгө оруулалт татах газар зүйн байршил, геополитикийн давуу тал, эрчим хүч, интернет урсгалын таатай үнэ тариф гээд орчин нөхцөл бүрдсэн ч эрх зүйн таатай орчин хараахан бүрдээгүй байна. Энэ нөхцөл бүрдвэл гадны хөрөнгө оруулалт ихээр хийгдэж Монгол Улсын эдийн засаг сэргэх,  монгол инженерүүдийн хөдөлмөрийн хөлсний дундаж хэмжээ нэмэгдэх зэрэг олон талын давуу тал байна. Технологийн хувьд дата центрүүд үүлэн технологи руу хурдацтай шилжиж байна. Энэ нь серверийн ашиглалтыг нэмэгдүүлэх, гарааны бизнес эрхлэгчид болон хөрөнгө оруулагчдыг холбох гүүр нь болох, бизнес эрхлэгчдэд дэд бүтцэдээ санаа зовохгүйгээр бизнесийн хүрээгээ тэлэх, хурдасгах гэх мэт олон боломжийг нээж байна. Айтүүлс компани ч гэсэн энэхүү боломжийг алдалгүй атгаж, Үндэсний үүлэн технологийн хөгжүүлэлт, шилжилтийг зоригтой хийж, үйл ажиллагаандаа итгэл төгс нэвтрүүлэн ажиллаж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 31. ДАВАА ГАРАГ. № 23, 24 (6755, 6756)