С.САРУУЛ

Амгалан дулааны станцад гэмтэл гарсны улмаас өчигдөр оройноос эхлэн  Баянзүрх дүүргийн зарим орон сууцнууд хэрэглээний халуун ус, халаалтгүй болсон. Тодруулбал, тус станцад тог тасарснаас сүлжээний насос зогссон аж. Гэмтлийг засварлахаар Улаанбаатар дулааны сүлжээ ХК-ийн хоёр бригад ажиллажээ. Нийслэлийн хэвлэлийн албанаас өгсөн мэдээллээр 03:50 цагт гагнуур дуусаж, Кино үйлдвэрийн салаанд задарсан 200мм-ийн ган хоолойн гэмтлийг олж гагнаж дууссанаар тэр хавийн салааг залгаж эхэлсэн байна. Ингэхдээ сүлжээний даралт, температурыг аажуухан нэмэгдүүлж ажлын даралтад хүргэх аж. Ийнхүү ойролцоогоор таван цагийн дараагаас хэвийн ажиллаж эхэлнэ гэж үзжээ.

Амгалан ДС-ын гарах халууны хэмийг 07:00 цаг гэхэд 100 хэмд хүргэх даалгаврыг албаны зүгээс өгсөн байна. Дулааны станцын зуухыг дүүргээд галлаж эхэлсэн бөгөөд өнөөдөртөө хоёр зуух нэмж галлана гэдэг мэдээлэл өглөө.

Эх сурвалж: www.polit.mn