Ч.Зотол  

Зохиолч, сэтгүүлч Б.Номинчимэдийн “Цагаан бороо” роман “Оны шилдэг ном”-оор шалгарчээ.  Хэвлэгдсэн цагаасаа эхлэн бестеллер болж, нийгэмд давалгаа үүсгэсэн уг роман үргэлжлэх үү, хоёрдугаар дэвтэр гарах уу хэмээн уншигчдын зүгээс  ихээхэн асууж байгаа юм. Тэгвэл зохиолч саяхан  Зууны мэдээ сонины “Трэнд зочин”-оор уригдаж ярилцлага өгөхдөө энэ талаар байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр  зохиолын дүрүүдийн тухай асуусан сэтгүүлчийн асуултад хариулж байгаад  “...Өгүүлэмж дүр чухал. Долоон хөх чоно, ялангуяа Цоохор Ананд, Занаг Базар, Гоорин Даш гэх мэт дүрүүд хүмүүст хүрсэн бололтой. Нэг уншигч маань гудамжинд нэг хүнийг хараад “Занаг Базар гэж ийм л хүн байсан байх даа” гээд удаан зогссон гэсэн. Занаг сэтгэлд нь хүрсэн болоод л тэр. Гэхдээ би зарим дүрээ дутуу гаргасан байна билээ, эргээд харж байхад. Гоо Лувсан бол уг нь их өвөрмөц, энэ ертөнцийн бус юм шиг хачин хүн юм. Нэг тийм, энэ ертөнцийн явдлыг огт тоодоггүй, анзаардаг ч үгүй, юуг ч сонирхдоггүй мэт, тэгээд лимбээ үлээгээд л, аялгуунд нь уусаад л алсыг ширтээд сууж байдаг. Түүнд яг л эрвээхий мэт шавж эргэлдэж буй хүүхнүүдийг бол бүр тоохгүй, бараг л хялайж харахгүй. Бодол сэтгэл нь чинад ертөнцийнх мэт. Гэхдээ тэр чинад ертөнц их ойрхон, нэг тийм өөр шиг нь ер бусын хүний тухай ч байсан байж болно. Тэгээд тийм хүн яагаад сайн эр болчихов гэхээр, ямар нэгэн ухамсаргүйгээр, тэр дотоод хүч чадлаа тэр бурангуй цаг үед гаргах ганц гарц, талбар нь тэр л байж... Тийм хүний дүрийг их дутуу гаргасандаа харамссан. Бас Хялуу Сүх бол ээ дээ, тун өөр хүн юм. Энэ зуурдын хорвоогийн хуран үймээнээс залхсан, хоосон чанарт дөхсөн мэт их гүн хүн. Тэр хоёрын энэ гүн мөн чанарыг дутуу гаргаснаа хэвлүүлснийхээ дараа харсан. Гээд яахав, хожим үргэлжлэл дээр нь засах арга хайна даа” гэжээ.

Тэгэхээр “Цагаан бороо” романы үргэлжлэлийг зохиолч бичих юм байна. Харин “Яг хэзээ бол” гэдэгт  “Ямар ч байсан бичнэ, харин хэзээг хэлж мэдэхгүй байна” гэжээ.

Ярилцлагыг эндээс үзнэ үү  https://www.polit.mn/a/93498

Эх сурвалж: Polit.mn