Э.Пүрэвжаргал: Би гайхалтай дүр бүтээж амжаагүй явна

0
хуваалцах
769
үзсэн

Ч.ГАНТУЛГА

 

Энэ удаагийн дугаарын зочноор залуу жүжигчин Э.Пүүрэвжаргалыг урилаа. Тэрбээр хамгийн сүүлд “Сүүдрээр гэтэгч” кинонд тоглосон юм. Түүнтэй уран бүтээлийнх нь тухай ярилцсанаа хүргэе.

 

-Сүүлд “Сүүдрээр гэтэгч” кинонд тоглосон. Нээлтэн дээрээ үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байсан?

-Баярлалаа. Киноныхоо нээлтэн дээр Соёлын тэргүүний ажилтан болсон нь бас гэнэтийн байлаа. “Сүүдрээр гэтэгч” киноны хувьд 2018 оны өвөл зураг авалтаа хийсэн. Тус уран бүтээл хоёр орны уран бүтээлчид хамтарсан гэдгээрээ онцлог. Нээлтээ хийхгүй удсаны шалтгаан нь кино багийн хувьд дуу болон дүрс, графикийн ажлыг чанарын өндөр түшинд хийж, Холливудын хэмжээний бүтээл хийхийг зорьсон билээ.

-Дүрийнхээ тухай онцолбол. Фантастик, адал явдалт кино учир дүрүүд нь их сонирхолтой байх даа?

-Миний хувьд энэ бүтээлд Мира гэдэг дүр дээр ажиллалаа. Их сонирхолтой дүр л дээ. Учир нь уран сайхны хэллэгээр бол шулам. Хүмүүст ойлгомжтой хэлбэрээр ойлгуулбал биед нь албин чөтгөр шүглэсэн эмэгтэй гэж хэлж болох юм. Энэ дүр эрэгтэй гол дүртэйгээ хайр сэтгэл болон бусад шидийн зүйлээр холбогддог. Бидний дүр солонгос, монгол талаасаа гол дүр гэж хэлж болно.

-Өмнө нь мэдээж шулмын дүрд тоглож байгаагүй байх. Содон сонсогдож байна шүү?

-Гадны хүч, шид гэдэг мэдээж надаас хол сэдэв. Ялангуяа хэлж байгаа үг, үйл хөдлөлөөрөө түүнийг илэрхийлнэ гэдэг сонирхолтой мөртлөө амаргүй даваа байлаа. Энэ бүхнийг өөртөө суулгахын тулд ийм сэдэвтэй олон кино үзсэн. Ямар үед ямар араншин гаргах вэ гээд судалгаа хийсний хүчинд дүр дээрээ ажиллаж дууслаа. 

-Таны хувьд анх удаа солонгосчуудтай хамтрав уу?

-Анх удаа солонгос уран бүтээлчидтэй хамтарч үзлээ. Өмнө нь Австралийн найруулагчийн хоёр бүтээлд оролцож байсан туршлага бий. Тухайн бүтээлд гол дүр буюу монгол удган эмэгтэйн дүр дээр ажиллаж байсан юм. Тэр киноны нэгдүгээр анги Австралид нээлтээ хийсэн. Харин хоёрдугаар ангийн зураг авалтыг 2020 онд ирж авсан. Удахгүй нээлтээ хийх байх.

-Найруулагч нар танд ихэвчлэн эсрэг дүр санал болгодог уу?

-Уран бүтээлч, жүжигчин хүн ямар ч дүрийг амьдруулж чаддаг байх учиртай. Ер нь ихэвчлэн их хүчтэй, характертай дүр санал болгодог. Эсвэл бүр сэтгэхүйн драм ч юмуу.

-Эсрэг дүр жүжигчнээс илүү ур шаарддаг ч байж болох юм. Таны хувьд эсрэг дүрийн саналыг баяртай хүлээж авдаг уу?

-Би гайхалтай дүр бүтээж амжаагүй байна. Тиймээс дүр бүтээсэн гэж ярих дургүй. Харин эсрэг дүр дээр ажиллахад арай барьцтай байдаг юм болов уу. Учир нь характер, нүүр будалт, хувцаслалт гээд өөрийгөө илэрхийлэх боломж нь илүү санагддаг. Үүнээс л хүч, зориг ордог учир ажилласан дүр бүхэн минь амттай шүү.

-Жүжигчин болох мөрөөдөл тань юунаас эхтэй юм бэ?

-Би багадаа жүжигчин болно гэж бодож байгаагүй. Зүгээр л жаахан охины гэнэн хүслээр зурагтаар гардаг хүн болчихвол гоё гэж санадаг байлаа. Энэ мэргэжлийг сонгоход хамгийн их түлхэц болсон хүн нь миний хуучин ажилладаг байсан компанийн Мөнхөө гээд захирал бий. Намайг үргэлж дэмжиж чи л чадна, чи их мэдрэмжтэй гэж урам өгдөг байлаа. Мөн гэр бүлийнхэн минь ямар ч үед миний ар талыг бат дааж, дэмжсээр ирсэн.

-Хэрэв би жүжигчин болоогүй бол гэж та бодож үздэг үү?

 -Магадгүй цагдаа ч юм уу мөрдөгч болох байсан байх. Учир нь багаасаа аливаа юмны араас хөөцөлдөж, учрыг нь олох дуртай хүүхэд байсан. Цагдаа нар өдөр бүр өөр хэрэг мөрдөж, өөр сэдлийг авдаг шүү дээ. Энэ нь миний сонирхлыг татах байсан нь лавтай.

-Урьд нь ажиллаж байсан дүрүүдээс таниас тэс өөр, хүнд байсан бүтээл гэвэл ямар кино вэ?

-“Хөхөөний үүр” киноны Туяагийн дүр. Надаас тэс хөндлөн хүн байсан. Учир нь би хүүхэд, нохой, амьтанд үнэхээр хайртай. Гэтэл тухайн дүр эмэгтэй хүн, хүүхдийг зовж шаналж байгааг огтхон ч тоохгүй. Зөвхөн мөнгөний төлөө хүн чанараа гээсэн, цэвдэг хүүхний дүр л дээ.

 -Камер асаад яг зураг авалт эхлэхэд танд ямар мэдрэмж төрдөг вэ?

-Зохиолоо уншаад, дүрийнхээ дагуу камерийн өмнө гараад зогсохдоо өөрийнхөө өчигдөр, уржигдар эсвэл өнөөдөр тохиолдсон ямар ч асуудлыг мартаад гардаг. Зөвхөн тухайн дүрээр л амьдрахыг зорьдог. Энэ үед л би дахин сэргэсэн мэт гайхалтай мэдрэмжийг мэдэрдэг юм.

-Таныг одоо тайзан дээрээс л хармаар байна?

-Үнэнийг хэлэхэд миний хувьд тайзны бүтээлийг их сонирхож байна. Тайзны жүжигт ажиллах санал ирсэн. Одоогоор зохиолоо уншиж амжаагүй байна. Магадгүй ажиллахаар болчихвол удахгүй тайзны бүтээлээр үзэгчидтэй уулзахыг үгүйсгэхгүй.

-Магадгүй Жульеттад тоглох санал ирвэл яах вэ?

-Эмэгтэй жүжигчин бүхний мөрөөдөл нь Жульетта байдаг байх. Ямар ч хир бүртаггүй, эвдрээгүй охин танхил байгаа хэсгүүд гардаг. Миний хувьд ч нууцхан мөрөөдөл бий. Гэхдээ царай зүс, зан характерийн хувьд тохирох үгүйг мэдэхгүй юм. Харин “Парисийн дарь эх” жүжгийн Эсмеральда ч юмуу  илүү гал цогтой, хүчтэй дүр дээр ажиллахсан гэж боддог.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ  НЭГДҮГЭЭР САРЫН 19. ЛХАГВА ГАРАГ. № 13 (6745)