Я.Бэгз: Бэртлээ ялж тамирчин болдог

0
хуваалцах
930
үзсэн

Д.ДАРАМБАЗАР

 

Манай ширээний теннисний тамирчид сүүлийн жилүүдэд олимп, дэлхийн аваргын тэмцээнд амжилттай оролцож байна. Үүнээс шалтгаалаад энэ спортыг сонирхох, хичээллэх хүсэлтэй хүүхэд залуус олон болжээ. Энэ удаагийн “Амжилтын эзэн” буландаа Монгол Улсын ширээний теннисний дөрвөн удаагийн аварга ОУХМ Я.Бэгзийг урилаа.

 

-Та анх энэ спорттой ямар сэжмээр холбогдсон бэ. Тэр үеийг эргээд дурсаач?

-Анх 1990 онд Баянгол дүүргийн спорт хорооны хажууд ширээний теннисийн сургалт болно гэж сонссон. н.Батхишиг мастер шалгаруулалт явуулж байсан юм. Сонирхлоороо шалгуулаад үзтэл тэнцчихсэн. Энэ үеэс л энэ спортыг сонирхож, амьдралаа холбож явна. Тухайн үед бэлтгэл хийж байсан газар маань татан буугдаад  “Замчин” клуб дээр н.Мөнхсайхан багшийн удирдлага дор бэлтгэл хийж эхэлсэн. Үүний дараа “Хоршоолол” клубт Б.Дэлгэрмөрөн багшийн удирдлагад өнөөдрийг хүртэл тогтвортой тоглож байна.

-Анхны тэмцээн тань ямар тэмцээн байсан бэ?

-Би долоодугаар ангид байхдаа Баянгол дүүргийн хүүхдийн наадамд оролцсон. Анх удаа тэмцээнд оролцсон хэдий ч мөнгөн медаль хүртсэн юм. Энэ амжилтдаа их урамшсан. Үүнээс улбаалж л энэ спортод дурлаж, илүү гүн орсон гэж боддог.

-Таны хувьд аль төрөлд нь өрсөлдөх илүү сонирхолтой байдаг вэ?

-Бүх төрлөөр л тоглох дуртай. Хувийн тоглолт бол өөрийн чансааг ахиулах давуу талтай. Харин багийн тоглолтоороо улсынхаа амжилтыг тодорхойлдог. Багаараа тоглоход миний нэрнээс илүү  улсын маань нэр гардаг учир илүү хариуцлага өндөр, нягт тоглохыг хичээдэг.

-Таны спортын замналд өөртөө харамсаад дуусгаж байсан тэмцээн бий юу?

-Байлгүй яахав. 2016 оны Малайзад болсон ДАШТ-д багийн тоглолт хийж байсан. Бид хэсгээсээ амжилттай гарсан. Медалийн төлөө өрсөлдөх эрхийн төлөө  Латвийн багтай тулсан. Онооны харьцаа тэнцэж адил нэг нэг болсон юм. Миний хувьд хамгаалж тоглосон учир их ядарсан байсан. Сүүлийн үе эхлэхэд баруун талын гар татаад тоглолтоо шууд дуусгасан. Энэ тоглолтод хожих боломжтой байсан ч эрүүл мэндийн шалтгаанаас болж тоглолтоо дуусгаж байлаа. Хэдий бэртсэн ч түүнийгээ ялж байж тамирчин болдог гэдгийг тэр үед л ойлгосон.

-Манай тамирчдад шилдгүүдтэй өрсөлдөхөд анхаарч сайжруулах тал нь юу байна?

-Бид гарын хүч, тогтмол бэлтгэлээр дутмаг. Гадны тамирчдын хувьд өглөөнөөс орой болтол бэлтгэлээ хийдэг. Хичээл ном, сургуулиа хойш тавьж байгаад тэмцээндээ бэлддэг. Харин манай тамирчдын хувьд эсрэгээрээ шүү дээ. Ажил хийнэ, амьдралаа залгуулна гээд л асуудал их бий.

-Ширээний теннисний тэмцээний шагналын сан хэр байдаг юм бол?

-Топ спортын төрлүүдийн хажууд бага шүү дээ. Олныг хамарч чаддаггүй учраас тэр юм болов уу. Жишээ дурдахад Саяхан “World table tennis” гэдэг нэршил дор “А” зэрэглэлийн тэмцээнийг олон улсын ширээний теннисний холбооноос анх удаа зохион байгуулсан. Гэтэл энэ тэмцээний шагналын сан 400 мянган ам.доллар. Эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан, холимог хос, эрэгтэй, эмэгтэй хос гээд төрлөө хуваахаар энэ шагнал харьцангуй бага л даа. Дотоодод ч ялгаагүй. Жилдээ ганц, хоёр удаа л өндөр шагналтай тэмцээн зохион байгуулдаг.

-Манай тамирчид хэр өндөр ачаалалтай бэлтгэл хийдэг вэ?

-Улс бүр өөрийн онцлогтой. Манай тамирчдын хувьд өдөрт 7-8 цагийн бэлтгэл хийдэг. Чадвараа ахиулахын тулд нэг техникээ олон удаа давтана. Ширээний теннис их олон нарийн техниктэй. Бусад спортоос үүгээрээ ялгардаг. Богино хугацаанд техникээ зөв хийх, сэтгэн бодох чадвар хурдан байх ёстой.

-Энэ спортод бэртэл гэмтэл авах тохиолдол хэр олон байдаг вэ. Харахад аюулгүй спорт шиг санагдах юм?

-Өмнө нь гайгүй байсан. Одоо бол бөмбөг томорсноор тамирчдад хэцүү болсон. Магадгүй дотуур гэмтэл авах магадлалтай. Дээр хэлсэнчлэн бөмбөг томорсноор хурд нь удааширсан тул оноо авахад амаргүй. Халаалтаа сайн хийхгүй бол дотуур бэртэл авах тохиолдол авах нь нэмэгдсэн байгааг анзаарсан.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.12.2 ПҮРЭВ № 236 (6713)