Зууны түүхтэй хүрээлэн, эрдэм оюуны их өргөө

0
хуваалцах
170
үзсэн

Ч.ЗОТОЛ

 

Монгол Улсад  хөгжил дэвшлийн шинэ цаг үе болсон 1921 оны ардын хувьсгалын дараахан эрдэм судлалын анхны байгууллага Судар бичгийн хүрээлэн буюу ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн байгуулагдсан. Бичгийн мэргэдийн гал голомтоо бадрааж эрдэм гэгээрлийг цогцлоох энэ цаг үеэс нэгэн зууны түүх бичигдэж өнөө бид бүхэн энэхүү үнэт түүхээ бахархан тэмдэглэж байна. Тус хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачид түүхт ойгоо хэрхэн дүгнэж байгааг хүргэе.

 

Ж.Бат-Ирээдүй:  Монголын шинжлэх ухааны шинэ  зуун эхэллээ

/ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор/ 

-Улс үндэсний хэл бичгийн ухаан, эрдэм судлалын 100 жил гэдэг их хөдөлмөрийн түүх, туулж өнгөрүүлсэн туршлага, бахархам замнал, ой санамж юм. Тухайн цаг үед Судар бичгийн хүрээлэнгийн захирал, сайд О.Жамъян, эрдэмтэн нарийн бичгийн дарга Ц.Жамсран, гүн Дашням, Эрдэнэбилэг түүнчлэн  сул гишүүн зэрэг бичгийн мэргэд, цөөн тооны орос ажилтнуудаас бүрдэж байсан бол өнөөдөр тус хүрээлэн 50 гаруй эрдэм шинжилгээний мэргэшсэн ажилтантай, хэл шинжлэл, уран зохиол, аман зохиолын суурь судалгааны томоохон байгууллага болтлоо өргөжин хөгжжээ.

Судар бичгийн хүрээлэнгээс манай улсын музей, Үндэсний номын сан, архив, соёл урлаг судлалын хүрээлэн  зэрэг олон байгууллага үүссэн   бөгөөд байгуулагдсан цагаасаа эхлэн хэл бичиг, утга зохиолын шинжлэгдэхүүний материалыг цуглуулан бүртгэх, шинжлэн судлах ажилд гол анхаарлаа тавин ажилласны зэрэгцээ уламжлалт өв соёл, хуучны ном зохиол, хөшөө дурсгалын бичээсийг хадгалан үлдээж, нийт улсын хэмжээнд хэл бичиг, аман зохиол, нутгийн аялгууны томоохон сан үүсгэж, бүх нийтийг бичиг үсэгтэй болгох, сургалтын гол хэрэглэгдэхүүнийг зохиох, соён гэгээрүүлэх, нийгмийн болон олон улсын хэмжээний үйл ажиллагаанд оройлон оролцсон, улс нийгэмдээ олон томоохон үүрэг гүйцэтгэсэн онцгой гавьяатай байгууллага билээ. 

Хэл зохиолын хүрээлэнгийн 100 жил гэдэг тус хүрээлэнд ажиллаж ирсэн олон зуун хүний хамтын ололт амжилт, бахархал юм. Ганц жишээ өгүүлэхэд, бид 100 жилийн хугацаанд  2000 шахам бүтээл туурвиж, хийж бүтээснээрээ олон улсад ч үнэлэгдэж, хүндлэгдэж байна. 1963 онд Олон улсын Алтай судлалын Алтан медалийг академич Б.Ринчен, 2015 онд Д.Цэрэнсодном нар хүртэж, 2003 онд академич Х.Сампилдэндэв ОХУ-ын Петрийн академийн алтан медаль, 2020 онд академич Л.Болд Туркийн ШУА-ийн хүндэт гишүүнээр сонгогдлоо. 

Судар бичгийн хүрээлэн, Дуун ухааны тасгаас эрдмийн хэтээ цахисан Хэл зохиолын хүрээлэнгийн 100 жил гэдэг туулж давсан бэрхшээл, ялалтын он жилүүд байлаа. ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн Монгол Улсын хэл, утга зохиол, аман болон бичгийн соёл, соёлын биет бус өвийн үндсэн суурь байгууллагын хувьд 100 жил гэдэг ирээдүй залгамж, шинэ замын эхлэл билээ. Өдгөө тус хүрээлэнгийн эрдэм шинжилгээний нийт ажилтны дундаж нас 36 бөгөөд 50 орчим хувийг залуучууд эзэлж байна. Зөвхөн 2020 онд, хүрээлэнгийн залуу ажилтнууд гадаадад 20 шахам өгүүлэл хэвлүүлснээс  тав  нь өндөр зэрэглэлийн сэтгүүлд багтсан нь бахархам сайхан.  Цаашид, улс орныхоо эх хэл, утга соёлын чиглэлээрх хөгжлийн бодлогын тэргүүлэх, санаачлагч байгууллагын хувьд бид  судалгаа шинжилгээ, чанар, инновац, менежмент, гадаад дотоод хамтын ажиллагаа зэрэг чиглэлээр олсон амжилтаа улам бататган ажиллах болно.  

Нэгэн зуунаа үдэж, дараа зууны үүрийн гэгээг угтан тосож буй энэ мөчид ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн хэмээх эрдмийн хамт олны нэрийн өмнөөс эрхэм уншигч Та бүхний оюун билиг үргэлжид мандан дэлгэрч, өлзий хутаг орших болтугай хэмээн ерөөе.

 

О.Шинэбаяр: Монголчуудын мэдлэг оюунд нэн хэрэгтэй толь бичгүүд бүтээлээ

/Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор/

-ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн бол Ардын хувьсгалтай нас чацуу байгууллага юм. 1921 онд Дуун ухааны тасаг, 1930 онд хэл бичгийн кабинет, 1957 онд Хэл бичгийн утга зохиол судлах газар, 1961 онд Хэл зохиолын хүрээлэн болж өргөжин хөгжиж ирсэн. Өдгөө Шинжлэх ухааны хүрээлэнгүүд дотроо манай зарим судлаачдын ярьж байгаагаар  нэрээ огт солиогүй  байгууллага юм. Монгол хэлний тухай хууль 2015 онд батлагдан хэрэгжиж эхэлсэн. Энэ хуульд Хэлний бодлогын үндэсний зөвлөл, түүний ажлын албатай хамтарч ажиллах эрх бүхий байгууллага нь Хэл зохиолын хүрээлэн гэж засан. Өөрөөр хэлбэл, монгол хэлний тухай хуультай ганц хүрээлэн нь манайх вм.

 Энэ хууль амар хялбар гараагүй,үе үеийн эрдэмтэн мэргэд, эх хэлэндээ хайртай хүн бүхэн монгол хэлнийхээ тухай хууль, эрхзүйн орчинтой болохыг ярьж байсан. Энэ жил бид  100 жилийн ойн хүрээнд судалгаа шинжилгээний болон төсөвт ажлууд хийж ирлээ. Үүнээс гадна олон нийтэд хандсан ажлуудыг хэрэгжүүлсэн. Бид хамгийн сүүлд л гэхэд Монгол Улсад шинжлэх ухааны байгууллага үүсч хөгжсөний 100 жилийн ойд зориулан “Нээлттэй хаалганы өдөр” зохион байгуулсан. Цар тахлын үед үүнийг цахим өдөрлөг хэлбэрээр хүргэсэн. Манай хүрээлэн энэ өдөрлөгөөрөө Монгол Улсын Төрийн дуулалд байдаг “Үндэс язгуур, хэл соёлоо үрийн үрд өвлөн бадраая” гэсэн уриагаар  нэрлэн  их, дээд сургуулийн оюутнууд дунд эссэ бичлэгийн уралдаан зарласан. Энэ уралдаан Билгүүн номч Б.Ринчен гуайтай холбоотой. Түүний дээр үед бичсэн “Монгол хэл, бичгийн мэргэжил гэж сонин сайхан зүйл бий” гэсэн нийтлэл бий. Үүнд энэ мэргэжлийн сайхныг, эзэмшихийн учрыг бичсэн байдаг. Оюутнуудыг салбараар аялуулан эрдэмтэн, судлаачдын ажилтай танилцуулсан. Энэ бол олон нийтэд хандсан том ажил байлаа. Бүтээл номын хувьд энэ жил арвин байгаа. “100 жилийн ой: Зуун үйл явдал, зуун зураг” гэсэн түүхэн товчоо, зурагт номыг хэвлүүллээ. Үе үеийн онцлох үйл явдал, түүхэн хүмүүсийг оруулсан. Суурь судалгааны төслөөс гадна инновацийн төсөл, гадаадын улс орнууд, яамдтай хамтарсан төсөл хэрэгжүүлсэн. Шинжлэх ухааныг хөгжүүлэх гол зүйл нь шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээлэл юм.

Үүнийг хүргэдэг гол зүйл нь нэр томъёо, мэргэжлийн үг хэллэг, энэ чиглэлээр бид цахим  сан бүрдүүлэн ажиллаж байна. 14 хүрээлэнгийн эрдэмтэн судлаач, их, дээд сургуулийн багш нартай хамтарч ажилласан. Цаашид энэ толь өргөжин дэлгэрэнгүй болох нь монголчуудын мэдлэг оюунд хэрэгтэй юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.11.30 МЯГМАР № 234 (6711)