Соёолон ирэхэд дуулдаг “Өндрийн өвс” дуу

0
хуваалцах
229
үзсэн

Ч.ОЛДОХ

Монгол ардын уртын дууг дуулах шинж, төрхөөр нь төв халх, зүүн аймгийн, баруун аймгийн, боржигон бараатын аялгуу гэж эрдэмтэд таван хэсэгт ангилж үздэг. Энэ нь дууны дэг сургуультай холбоотой, дуулах намба төрх,  газар орны байдал, ард түмний ёс заншил, ахуй амьдрал нөлөөлж нэг дууг өөр өөр аялгуу, хувилбараар дуулдаг. Энэ дотроос говь шанхын аялгуу бүхий уртын дуу нь Өмнөговь аймгийн Манлай, Цогтцэций, Ханбогд, Цогт-Овоо, Дорноговийн Мандах сумын нутгаар дуулдаг “Хулч  морь” айзам уртын дуу, “Хурдан сайхан”, “Өндрийн өвс” бэсрэг дуунууд нь нутаг усандаа морины сүлд дуу хэмээн найр наадам эхлэхэд дуулдаг. Ерөнхий аялгуу нь шашин номын уншлага маягтай,  баянбараат аялгуутай төстэй эрэмгий өнгө аястай сонсогддог ажээ. 
“Шанхайн хэцийн гурван дуу”-г аль найр наадам эхлэхэд нийтээр дуулах бөгөөд “Хулч морь”-ийг дуулж дуусахад морины дан гэж хүн бүрт хултай айраг барьдаг. Энэ нутагт үүр цайхад “Үүлэн бор”-ыг, нар гарахад “Найман тахил”-ыг дуулаад найраа жаргаадаг байсан гэдэг. Баян-Овоо сумынхан их насны морь ирэхэд “Өндрийн өвс”,  соёолон ирэхэд “Хулч морь”, даага ирэхэд “Хурдан сайхан”-ыг дуулдаг заншилтай. 
Эдгээр дууг Гэсэр хэмээх гэлэн зохиосон түүхтэй. Гэсэр гэлэнгийн хул гэж хурдан хүлэг Ширээгийн уснаас уудаг, эсвэл Хатан Туулаас ундаалдаг ховор хүлэг байж. Нутаг хошуундаа хурднаараа алдартай, эр хүний унаа болсон эрдүү хүлэг байсан бөгөөд түүнийг Дэмчигэнч хэмээх хээр мориор хөөж барьдаг байсан тухай “Хулч морь”, “Хурдан сайхан” дуугаа зохиосон гэлцдэг. 
Гэсэр гэлэн Манжийн хаад ноёдын эсрэг босч ард иргэдээ өмгөөлж хамгаалдаг нэгэн байв. Нэг өдөр Шанхайн уулын ард байсан Манжийн ноёнтой сөргөлдөж байгаад том ташуураар цохитол өнөөх ноёны амийг хороочихжээ.  Ингээд хул морио унан Дэлгэрхангайд нутагтай өөрийн сэтгэлт хүүхэндээ очиж гэнэ. Хэрэг хийсэн тухайгаа хэлэхэд сэтгэлт хүүхэн нь “Та чинь нэг сайн морьтой гэдэггүй бил үү. Өнөөдөртөө багтаад Богдын хүрээ орж үл ялих хэрэг хийгээд баригд" гэжээ. Хэлсэн ёсоор шувуу нисэх мэт давхин Богдын хүрээ орж бараа овоолсон хятад наймаачдын майхныг мориороо дайран гарсан тул өнөөдүүл нь  “Задарсан дэрэмчин” хэмээн барьж аваад Шанзодвын яаманд хүргэжээ. Мэдүүлэг авахад нь “Морины ам дийдэхгүй майхныг дайрчихсан юм” гэв. Зарга шүүгчид Шанхын ард хүн алсан байдаг, гэтэл өдөр нь хүрээнд хэрэг хийгээд баригдсан байх юм. Газар нутгийн баримжаа, цаг хугацааны давхцлыг авч үзэхэд яавч нэг хүн энэ хоёр хэргийг үйлдсэн байж боломжгүй  хэмээснээр майхны нуруу хугалсан тухайд багахан төлбөр төлүүлээд суллан  явуулжээ. Буцаж явахдаа  тэрээр “Өндрийн өвс” дуугаа зохиосон гэдэг. 

“...Өндрийн чинь өвс
Өндөр богиноороо сүүдэртэй
Өндөр дээр нь гарахад
Өнгийн будан татлаа 
Олон ч адуугаа хураагаад
Ороохон чиг хулыгаа барилаа
Барьсан хойноо баярлаад
Бахдаж унадаг морь шүү
Дэмий чиг мориороо барьсангүй
Дэмчигэн хээрээрээ гэнэтхэн дайраад  барилаа шүү
Уургаар барьдаггүй
Уран гараар барьдаг морь шүү
Дэмий л морийг барьсангүй
Дэргэдэх наадамдаа явья даа
Эзэн миний зоригоос
Энэ морь минь илүүтэй шүү
Сэм сэмхэн гишгэгдэлтэй
Цэвэрхэн хул морь минь
Одоо цуцсан гэхэд
Хазаар зуузайгаа дараад
Харин ч халах янзтай шүү 
Хорьхон хоногийн газрыг
Хоёрхон хоногоор товчлоод
Хоёрхон хоногийн газрыг
Хоёрхон мөчөөр товчиллоо шүү
Элстэй газарт төрсөн
Эрмэг гүүний унага
Эзэн хүн уналтай
Энгийн бусдад  гайхалтай морь  шүү 
Хөнгөн хул гүүний минь унага
Хөндийн цээж гэдэг морь шүү 
Толиноос чиг тодорхой тэр минь
Торойн товолзуулсаар айсуй хөөрхий
Өрөөсөн имтэй гүүний унага
Өргөн цээжтэй хул морь минь
Өсөх наснаас унаж эдэлсэн
Өвгөн чиг хул морь минь эвий хөөрхий
Зээн зээ зээ Найдан гурван богд өршөө” 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.10.22 № 208 (6685)