Ш.ЖАВЗАНПАГМА 

Цар тахалтай холбоотойгоор эрүүл мэндийн салбар хүний нөөцийн хомсдолд орж, саяхнаас сайн дурынхныг эрчимтэй бүртгэж эхэлсэн. Гэсэн ч сайн дураар ажиллах хүмүүс хангалтгүй байгаа учраас төрийн болон хувийн сургуулийн анагаахын оюутнуудыг дайчилж хамтран ажиллах хүсэлтийг Эрүүл мэндийн яамнаас БШУЯ болон хувийн сургуулиудын удирдлагуудад хүргүүлжээ. 

207  САЙН ДУРЫН ИДЭВХТНИЙГ БҮРТГЭЖ, КОВИДЫН ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ  СУРГАЛТАД ХАМРУУЛСАН БАЙНА

Сайн дурынхныг хэрхэн зохион байгуулж байгаа талаар ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга П.Эрхэмбаяраас тодруулахад “Глобал сангийн санхүүжилтээр Өрхийн эмч нарын холбоо 207  сайн дурын идэвхтнийг бүртгэж, ковидын хариу арга хэмжээнд  сургалтад хамруулсан. НЭМГ-ын харьяа нийслэлийн 144 өрхийн эмнэлэгт  ажиллуулахаар бэлтгэсэн байгаа. Өнөөдрийн байдлаар  сайн дурын 97 ажилтан  ӨЭМТ-үүдэд ажиллаж байна. Энэхүү бэлтгэгдсэн  сайн дурын идэвхтнүүд  өмнө нь сүрьеэгээр өвдсөн иргэдийн эмийг гэрээр нь  хүргэдэг байсан юм билээ. Мөн УЗН-ээс нийгмийн хариуцлагынхаа хүрээнд 187 сайн дурын ажилчныг бэлтгэсэн. Одоогийн байдлаар 81 нь  ажиллаж байна” гэсэн юм. 
Сайн дурын ажилтнаар бэлтгэгдсэн хүмүүс бүгд ажиллахгүй байгаа шалтгааныг тодруулахад, өөрсдөө коронавирусээр өвдсөн. Мөн эргэн тойрны хүмүүсээс нь коронавирусээр өвдөж тусгаарлалтанд орсон  болон сайн дурын ажилчин хийхээс татгалзсан иргэд ч нэлээдгүй байжээ. Сайн дурын ажилтнуудад  хүнтэй зөв харилцах, онцгой нөхцөл байдалд ажиллах гэж байгаа учраас эрүүл мэндийн байдал болон эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байсан гэсэн ерөнхий шалгуур тавьж байгаа юм байна.  

 САЙН ДУРЫН АЖИЛТНУУД ХЭРХЭН БҮРТГҮҮЛЭХ ВЭ 

Сайн дурын ажилтнуудын ажлын цаг, ачаалал ямар үүрэг гүйцэтгэж байгаагаасаа хамаараад янз бүр байгаа аж. Тухайн ажиллаж байгаа эмнэлгийнхээ хариуцах ажил, чиг үүргээс нь шалтгаалан цагийн хуваарийг тогтоож байгаа гэлээ. Тухайлбал, тусламж үйлчилгээ авсан хүмүүсийн цахим бүртгэлийг бүртгэх, гэрийн эмчилгээний багцыг бэлтгэх, коронавирусын халдварын эсрэг дархлаажуулалтын цэгийг хариуцсан ажилтан, тандалт эмнэлзүйн жолооч гэх мэт хэлбэрээсээ  хамаараад ажлын цаг нь харилцан адилгүй байгаа юм. Харин цалин болон хоол хамгаалалтын хувцсыг эрүүл мэндийн байгууллагаас олгож буй. Коронавирусийн тандалт, хариу арга хэмжээний багт хувийн машинтай иргэд сайн дурын жолоочоор ажиллаж байгаа. Эдгээр жолоочтой НЭМГ гэрээ хийн, өдрийн 50 мянган төгрөгийн урамшуулал, 20 мянган төгрөгийн шатахууны эрх өгч байгаа талаар  НЭМГ-ын мэргэжилтэн Б.Батцоож “1300 орчим хүсэлт ирээд байна. Эдгээрээс гуч гаруй жолоочтой гэрээ хийж ажилд нь оруулсан. Эхний ээлжид дүүрэг болон өрхийн эрүүл мэндийн төвүүдээс нэмэлт жолооч шаардлагатай эсэх талаарх мэдээллийг авч, халдварын тохиолдол хамгийн их хороодод сайн дурын жолооч нараа ажиллуулж байна.  Сайн дурын жолооч нарыг хоёр ангилж байгаа. Нэгдүгээрт зөвхөн жолоогоо барих,  хоёрдугаарт жолоо барихаас гадна иргэдэд эмчийн үзлэг хийж, шинжилгээ авах эмнэлгийн мэргэжилтэй хүмүүсийг ажиллуулж байна. Бид аль болох эмч, эмнэлгийн мэргэжилтэй, хувийн машинтай хүмүүсийг сайн дурын жолоочоор ажиллуулах эрмэлзэлтэй байгаа. 49 газар нэмэлт жолооч авах хүсэлт ирүүлсэн байна. Одоогийн байдлаар 33 жолооч гэрээний дагуу ажиллаж байгаагаас 21 нь энгийн жолооч, 12 нь резидэнт эмч, сувилагч зэрэг мэргэжлийн хүмүүс байгаа юм. Нэмэлтээр эмнэлгийн мэргэжилтэй 13 хүн бүртгүүлсэн байгаа. Эдгээр хүмүүстэй гэрээ хийн ажилд нь оруулна” гэсэн юм.     
Харин тусгай дугаарийн утсан дээр долоон  их эмч сайн дураараа ажиллаж иргэдийн коронавирусын шинж тэмдэг, халдварын нөхцөл байдлын талаар болон бусад яаралтай тусламж үйлчилгээний чиглэлээр тулгамдсан асуултанд хариулж, шийдвэрлэж байна.  
Эрүүл мэндийн яамнаас АШУҮИС-ийн оюутнуудыг сайн дурын ажилтнаар ажиллуулах хүсэлт бүхий ЭМЯ-ны сайдын албан бичгийг Боловсрол соёл шинжлэх ухааны яаманд хүргүүлээд байгаа аж. Одоогоор хамтран ажиллах эсэх хариу ирүүлээгүй байгаа гэв. Мөн АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн хоёр, гурав, дөрөвдүгээр курсын 700 гаруй оюутныг Эрүүл мэндийн яамны харъяа байгууллага болон НЭМГ-ын харъяа өрхийн эмнэлгүүдэд дадлага хийлгэх байдлаар 14 хоног ажиллуулж байгаад хичээлд нь оруулжээ. Дараагийн удаа Монголын сувилахуйн нийгэмлэгтэй хамтраад анагаах ухааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувийн сургуулиудыг сайн дурын үйл ажиллагаанд дайчилж оролцуулах талаар уриалга гаргаж, нийгмийн хариуцлагын хүрээнд хамтарч ажиллах бичиг хүргүүлсэн байна. Харин сайн дураараа ажиллуулах хүмүүс харьяа дүүргийнхээ Өрхийн эрүүл мэндийн төвтэй холбогдон бүртгүүлж болно. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.10.13 ЛХАГВА № 201 (6678)