Б.Анхбаяр: Амжилт бол бэлтгэл байдаг

0
хуваалцах
1259
үзсэн

Д.ДАРАМБАЗАР

Энэ удаагийн “Амжилтын эзэн” буландаа залуучуудын улсын аваргын алт, 2017 оны Холбооны замын аваргын мөнгө, “Шилдэг довтлогч, давуулагч, шигшээ багийн тоглогч, спортын мастер Б.Анхбаярыг урилаа. Тэрбээр 2013-2014 онд идэрчүүдийн улсын аварга, 2016 оны Монголын волейболын холбооны цомын аваргын мөнгөн медальт, 2019 онд үндэсний дээд лигээс мөнгө, “Шилдэг тоглогч”-оор шалгарч өөрийн амжилтаа ахиулж буй тамирчин юм.

-Волейболоор хэзээнээс хичээллэж эхэлсэн бэ?
-Миний өвөө Монгол Улсын ууган гавьяат дасгалжуулагч А.Доржсүрэн гэж хүн байсан. Ер нь аавын талынхан бүгд волейболоор хичээллэдэг. Тэднээс Монголын волейболын холбооны улсын шүүгч Д.Хүрэлноров, үндэсний шигшээ багийн тоглогч Д.Болормаа гэсэн гурван дасгалжуулагч гарсан. Тиймдээ ч өссөн орчин маань волейболтой холбогддог болохоор ч тэр үү өвөөгөөрөө бахархаж, удам залгасан ач хүү нь учраас энэ спортоор хичээллэж эхэлсэн. Намайг 10 настай байхад волейболын дасгалжуулагч И.Галбаатар багшид шавь оруулснаар тамирчин болох гараа маань эхэлсэн. 2009 онд анх орон нутгийн волейболын тэмцээнд ах нартайгаа орж хүрэл медаль авч байсан тэр жижигхэн амжилтаас л эхэлсэн. Түүнээс хойш олон амжилт гаргалаа.
-Гар нийлж тоглосон шилдэг тамирчин хэн байв?
-Энэ спортод сайн гар нийлэх ёстой хүн бол холбогч байдаг. Тиймээс багийн холбогч н.Отгонбаяртай хамгийн сайн нийлж тоглодог. Мөн үндэсний шигшээ багт тоглоход сайн тамирчидтай хамтарч тоглодог. Миний хувьд ганцхан өөрийн үүрэг амжилтаар бус багийн зохион байгуулалтаараа сайн байж чаддаг. “Алтайн барс” клубын ахлагч,ОУХМ А.Мөнхбаяртай гар нийлдэг. 
-Клубт хэрхэн элсэж байв?
-2014 онд “Алтайн барс” клубээс анх надад урилга ирж, зун нь бид бэлтгэлд гарч байлаа. 2017 оноос эхлэн “Үндэсний шигшээ” баг, “Алтайн барс” клубын дасгалжуулагч Б.Мөнхнаран багшийн удирдлага дор одоог хүртэл бэлтгэл хийж байна. Дасгалжуулагч багт чухал үүрэг гүйцэтгэдэг. Тэмцээн хэзээ болохоос хамаарч тамирчдынхаа сэтгэл зүй болон багийн бэлтгэл ажлыг ямар горимоор авч явахаа сайн төлөвлөдөг. Энэ спортод хөл тавьж байхад И.Галбаатар багш волейболын үндсэн техникүүдээс сайн зааж өгсөн. Одоогоор Дундговь аймгийн шигшээ багийг дасгалжуулдаг. 2013-2018 онд дасгалжуулж байсан өсвөр үеийн тамирчид нь УАШТ-ээс алт, мөнгөн медаль хүртсэн бол насанд хүрэгчид эхний гурван байрт шалгарч байсан. Багшийн дасгалжуулсан шавь нараас 10 ОУХМ цолтон, I, II, III зэргийн 200 гаруй тамирчин төрсөн байдаг.
-Волейболын спортод багийн тоглолт чухал. Багийн гишүүний хувьд ямар зарчим баримталдаг вэ?
-Эв найрамдал хамгийн чухал. Баг ойлголцолгүй, сэтгэл зүйгээр холбогдоогүй бол хэдий сайн тамирчин байсан ч амжилт гаргаж чадахгүй. Аль ч багт сайн, муу, дунд түвшний тамирчин байдаг. Тэр бүхнийг уяж холбосноор амжилтад хүрнэ. 
-Олон хүүхэд, залуус волейболд дурладаг болжээ. Тамирчин болох хүсэл эрмэлзэлтэй нь цөөнгүй байдаг. Тэдэнд зориулж зөвлөгөө өгөхгүй юу?
-Энэ спортыг сонирхож байгаа хүүхэд олон байна. Багийн спорт хүмүүжил, хатуужилтай байхыг шаарддаг. Шилдэг тамирчдыг хараад би гоё тоглодог болчих юм байна гэж бодож болохгүй. Ямар ч хүн доороос нь эхэлдэг. Тэгж байж сайн тамирчин болох эхлэл бий болно. Өндөр зэрэглэлтэй гэж бүү бод. Урт хугацаанд бэлтгэл хий, түүний дараа шагнал өөрөө ирэх болно. 
-Цаашдын тань зорилго? 
-Үндэсний дээд лиг зохион байгуулах боллоо. Мөн түүний дараа Азийн наадам болно. Энэ тэмцээнүүдэд амжилтай оролцохыг зорьж байна. Азийн наадамд шигшээ багаас сонгон шалгаруулалт хийдэг тул түүнд бэлдэж байна. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.10.6  ЛХАГВА № 196 (6673)