Үндсэн хуульд өөрчлөлт хийх зайлшгүй шаардлага бий юу сэдвээр хуульч, судлаачдын байр суурийг хүргэж байна.

Б.Чимэд /гавьяат хуульч/: Үндсэн хуулийн шинжлэх ухаан, практик ирээдүйн хандлагын үүднээс үнэлэх, ярилцах хэрэгтэй

 -Үндсэн хуулийг өөрчлөх гэдэг хуулийн үзэл бодлыг бүхэлд нь өөрчилж, тогтсон эдийн засаг, улс төр,  нийгэмшлийн үндсийг нь эргүүлж цоо шинэ Үндсэн хууль гаргахыг хэлнэ. Иймд нэгэнт үзэл баримтлал нь хэвээр тогтчихсон нийтээрээ хүлээн зөвшөөрч байгаа Үндсэн хуулийг улс орны хөгжил хөдөлгөөнтэй холбож гэдэг юм уу, засч сайжруулах зорилгоор зарим нэгэн үг үсэг, заалтыг нэмж оруулах юм уу, бүдэг бүрхэг болсон зүйлийг  нь нарийвчлан зохицуулах шаардлага гардаг. Монгол орон 1990-ээд оноос зах зээлийн харилцаанд шилжиж  захиргаадалтын дэглэмээс ардчилсан дэглэм рүү орсон. Ардчилсан нийгмийн чиг баримжаатайгаар нийгмээ жолоодох гэсэн энэ үзэл баримтлалыг өөрчлөөгүй цагт Үндсэн хуулийг өөрчлөх тухай асуудал ярьж таарахгүй. Харин Үндсэн хуулийн зарим нэг зүйлийг засч, сайжруулж болно. Өөр нэг санаа гэвэл Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа өөрт бодогдсоноор хийж болохгүй. Улс төр, эдийн засаг, түүх, гүн ухаан, хууль зүй гээд  Үндсэн хуультай холбоотой олон шинжлэх ухаан байна. Тэрний уулзвар дээр гүн гүнзгий бодож, боловсруулж хийх шаардлагатай юм. Шигшиж, дахин дахин шалгаж ард олноороо хэлэлцүүлж мадаггүй боллоо гэхээр нь оруулж хэлэлцүүлдэг. Ийм хашир буурьтай зүтгэх асуудал. Одоогийн өөрчлөлт бол ерөөсөө Эрдэнэт,  Дарханаас сонгогдсон гурван хүн сонгогдсон газраа улсын хот болгоно гэдэг ч юм уу, Хөвсгөлөөс сонгогдсон  хүн Хатгалыг сум болгоно. УИХ-ын гишүүд цөөдөөд байна олон болгоно гэдэг ч юм уу, иймэрхүү орон гаран өөрчлөлт хийх гээд байна. Хэсэг бусаг хүн өөр өөрийн бодлоор эрх зүйн онол баримтлалгүйгээр Үндсэн  хуулийн үзэл баримтлалд суурилаагүй хэсэг бусаг юм энд тэнд нь хийчихээр хууль сайжрахгүй. Харин ч улам л  ээдэм хоормогийн чанартай болно. Тийм учраас өөрчлөх гээд байгаа зүйлүүдийг тус тусад нь Үндсэн хуулийн шинжлэх ухаан, практик ирээдүйн хандлагын үүднээс үнэлэх, ярилцах хэрэгтэй юм.

 

Ж.Гомбожав /УИХ-ын дэд дарга асан/: Хариуцлага, хяналтын талаас  өөрчлөлт хийх хэрэгтэй

Үндсэн хуульд 2000  онд  оруулсан долоон өөрчлөлтийг одоогийн Их хурал юуны өмнө өөрчилж хүчингүй болгох хэрэгтэй. Тэр долоон заалт Үндсэн хуулийг зөрчсөн. 1996 онд тэрхүү долоон өөрчлөлтийг хийх гэхэд би ганцаараа эсэргүүцэж, 75 гишүүн гар өргөн баталсан. Цэц хэлэлцээд Үндсэн хууль зөрчсөн байна гэсэн дүгнэлт гаргасан. Үнэхээр ард түмнийхээ төлөө чөмгөө дундартал зүтгэе гэж байгаа бол ядаж УИХ 50 хоног хуралддаг биш байх талаас өөрчлөлт хийх ёстой. Бид тухайн үед 70-аас доошгүй хоног хуралддаг байсан. УИХ-ын гишүүд Засгийн газрын гишүүн болчихоор Их хурлынхаа дээр Засгийн газар нь гарчихаад Их хурал нь юу ч хэлж чадахгүй болчихсоныг эргэж харах учиртай. Их хурлын гишүүн нь ч, Засгийн газрын гишүүн нь ч өөрт ногдсон  урд урдах ажлаа хийгээд явах хэрэгтэй. Аль, аль нь хангалттай үүрэгтэй, эрхтэй, хангамжтай. Тиймээс  хоёр ажлыг оромдох хэрэггүй юм. Нөгөө талаас ирц дэндүү бага, Их хурлын гишүүдийн 39 нь цуглаад 20 хүн чуулганы танхимын гуравны нэгд нь сууж байгаад хууль баталчихаад байна. Үнэхээр хууль баталъя гэж байгаа бол ирц сайтай, хариуцлагатай хандах ёстой. Энэ талаар Үндсэн хуулийн цэц үүргээ муу гүйцэтгэж байна. Нэгэнт Үндсэн хуулийн манаач юм бол стандарт бус Засгийн газар байгуулагдаж байхад юу хийж байсан юм бэ. Хөндлөнгийн хүн шиг байж болохгүй шүү дээ. Үндсэн хуулийн цэц өөрөө санаачилгаараа хэлэлцээд энэ мэт гажуудлыг засч, залруулж болно. Өмнө гаргасан шийдвэрээ ч шаардаж болно. Тиймээс одоо ялангуяа хүчний харьцаа ойртсон нөхцөлд эхний ээлжинд Үндсэн хуулийн долоон өөрчлөлтийг хүчингүй болгох хэрэгтэй байна.

 

Л.Дашням /академич/: 1992 оны Үндсэн хуульд нэмэлт оруулж болно

-Би  1992 оны Үндсэн хуульд нэмэлт оруулж болно гэж үздэг. Ардчилсан Үндсэн хууль ардчилсан тогтолцоог бодитой болгож, ард түмэндээ эрх чөлөөг эдлүүлсэн, тусгаар тогтнолыг баталгаажуулсан, түүхэнд  цорын ганц хийгдсэн томоохон ажил. Ард түмний оюуны том өв болж хадгалагдах учиртай. Амьдрал баян учраас нэмэлт оруулах, засч залруулах, зохицуулалт хийх шаардлага гарах нь ойлгомжтой. Гэхдээ түүнийгээ нэмэлт гэж нэрлэх ёстой. АНУ  Үндсэн хуулиа  ердөө ганцхан  удаа   тогтоосон. Бусад нь бүгд нэмэлт байдаг гэж манайхан ярьдаг. Өөрийнхөө юманд хандахаараа мулгууддаг тал бий. Үндсэн хуульд өмнө нь хийсэн өөрчлөлт эргээд амьдралд ямархуу үр нөлөөтэй байна гэдэг  практик дээр  харагдаж байгаа. Үйл ажиллагааны сул тал, төрийн түшээд олигархжиж гаргаж  буй хуулиуд нь цоорхой байгаа нь 2000 онд Үндсэн хуульд оруулсан долоон өөрчлөлттэй шууд холбоотой. Үндсэн хуулийн Цэцээс өөрчлөлт хийж болохгүй гэдгийг тогтоосон шүү дээ, тухайн үед. Цэцийн дээр хөх тэнгэрээс өөр юу ч байхгүй гэдэг ч УИХ толгой дээр нь сандайлчихдаг. Иймэрхүү маягаар цааш явбал хууль ёсны төртэй гэж бодоход хүртэл хэцүү болчихоод байна.

 

Ч.Хурц /Геологи, уул уурхайн сайд асан/: Хүний эрх, эрх чөлөө хязгаарлагдмал байгааг анхаарах ёстой

-Үндсэн хуулийн тухайд бид агуу баримт бичиг баталсан гэж би боддог. Тухайн үед  монгол оронд ардчилсан зах зээлийн үеийн нийгмийг байгуулах хамгийн том баталгаа баримт бичгийг 430-аад депутат хийсэн. Үнэ цэнэ  нь хоног ирэх тусам тодорч, ач холбогдол нь харагдаж байна. Цаг хугацаа гэдэг аливаа зүйлийг зөвхөн шалгуур төдийгүй, сайн муу талыг ил гаргадаг гайхамшигтай хүчин зүйл. Бид Үндсэн хуулиараа Монголын ард түмэн даян дэлхийд ардчилсан нийгмийг хувийнхаа соёл уламжлалд тулгуурлан хүний эрх, эрх чөлөөг дээд зэргээр хангаж, зах зээлийн эдийн засгийг хөгжүүлж, улс орныхоо хувь заяаг цааш авч  явна гэсэн зургаан зүйлийг даян дэлхийд зарласан. Хууль батласнаас хойш  20  гаруй жил өнгөрлөө.  Ямар замаар, яаж хэрэгжиж байна гэдгийг эргээд  харахад бодох, ярих  зүйл их байна. Үндсэн хуулиараа зарлан батлагаажуулсан зургаан зүйл, тэрхүү   хувь заяагаар Монголын ард түмэн, улс орны амьдрал  хөгжинө гэж бид бүхэн горьдож байсан. Харамсалтай нь бидний хийсэн  хуулийн хүрээнд гэрээ эрхийн баримт бичиг гаргаж  хүний  эрх, эрх  чөлөө тодорхой хэмжээгээр хязгаарлагдмал болжээ.

 

Д.Бямбасүрэн /Ерөнхий сайд асан/: Анхаарууштай хэдэн   зүйл бий  

-Үндсэн хуулийн асуудлыг монголчууд нэг үе овоо ярьж байснаа чимээгүй болчихож. Үндсэн хууль бол төр, засаг, ард түмний хооронд байгуулсан гэрээ юм. Түүнээс  хэн нэгний дурсгалын хөшөө биш, үүрд мөнх хөдөлгөхгүй байх ёстой зүйл ч биш. Хүн ард,  үе үеийнхэн өөрсдийн амьдралын жамыг тогтоохдоо Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж байх ёстой. Миний бодлоор хэд хэдэн анхаарууштай зүйл бий. Нэгдүгээрт, Үндсэн хуульдаа улстөрийн нам гэдгийг өргөмжилсөн орон цөөхөн байдаг. Италийн Үндсэн хуульд л нам гэсэн ганцхан үг орсон байдаг.  Бусад орныход нам гэсэн үг, үсэг ч байдаггүй. Гэтэл улстөрийн намууд гэдэг бүлэг маань ер нь төрийн албыг худалдах, наймаалцах, хөрөнгө мөнгөтэй хүмүүс бүлэг байгуулж хүчээр түрж орж ирэх эвгүй гарц болчихоод байна. Үүнийг өөрчлөхгүй болохгүй. Эсвэл нам гэдгийг, хариуцлагатайгаар тодорхойлж, тэрхүү байгууллагын хэм хэмжээг тогтоох хэрэгтэй. Эсвэл түүнийг  Үндсэн хуулиас гээж, олон нийтийн байгууллага маягаар сонгуульд оролцох боломжийг нээх хэрэгтэй. Францад олон нийтийн байгууллага, бүлэглэлүүд сонгуульд ордог шүү дээ, тэр маягаар. Засаглалын хувьд нэг танхимтай парламентын асуудал хяналтгүй болдог юм байна, буруу, зөв шийдвэр гардаг юм байна гэдгийг өнгөрсөн хугацаа хангалттай харууллаа. Тэгэхээр би Ерөнхийлөгчийн засаглалыг Монголд байж болно гэж үздэг. Манайхан Ерөнхийлөгчийн засаглал, парламент гээд эсрэг, тэсрэг хоёр зүйлийг сөргөлдүүлээд байдаг. Уг нь Францынх шиг Ерөнхийлөгчтэй, Засгийн газартай байх юм бол хариуцлага дээшилнэ. Тэгээд ч Ерөнхийлөгч гэдэг бүх ард түмнээс сонгогддог эрхийн чадамжтай субъект шүү дээ. Гэтэл зүгээр баячуудын төлөөлөл орж ирээд бужигнаад байвал төр чадамжгүй болох талтай.

Ч.Олдох