Ширээний теннис эрүүл мэндийн спорт

0
хуваалцах
278
үзсэн

Д.ДАРАМБАЗАР 

Манай улс “Токио-2020” олимпийн наадамд ширээний теннисээр хоёр тамирчин оролцсон нь түүхэн амжилт болсон юм. Өсвөрийн улсын хоёр удаагийн аварга, Ахмадын улсын аваргын шилдэг тамирчин, дасгалжуулагч Н.Батрагчааг “Дугаарын зочин” буландаа урьж ярилцлаа. 

-Хэзээнээс энэ спортоор хичээллэж эхлэв. Яагаад сонгох болов?
-Ширээний спортоор 1980 оноос хичээллэж эхэлсэн. 1981 оноос аймгийнхаа аварга шалгаруулах тэмцээнд түрүүлээд өсвөр үеийн улсын аваргад оролцсоноор үргэлжлүүлэн хичээллэх болсон. Мөн энэ спорт амжилт гаргахаас илүү эрүүл мэндийн хувьд ач холбогдолтой. Хичээллэж бусдад заах, байнга хөлс гаргаж байдаг тул маш дуртай байдаг. Хажуугаар нь амжилтаа ахиулах юмсан гэж бодож байнга бэлтгэл хийдэг. 
-Ширээний теннис ямар ач холбогдолтой вэ?
-Эрүүл мэндэд сайн. Хамгийн гол нь нүдний хараанд сайнаар нөлөөлдөг. Мөн шатартай адил оюун ухаан шаарддаг болохоор төлөвшүүлж өгдөг. Зүрх судасны өвчинд сайн гэж хүмүүс хүүхдүүдээ бэлтгэлд авчирдаг. 
-Улсын аваргуудад оролцож байсан юм байна. Олон улсын тэмцээнд оролцох сонирхол байдаг уу?
-Дан ганц улсын аваргад медаль хүртсэн тамирчин олон улсын тэмцээнд яваад байна гэж байхгүй. Миний хувьд олон улсад гэж ярихаас илүүтэйгээр, амжилтаа бататгах, ахиулах юмсан гэж боддог. Залуу байхад тэмцээнд явна гэж хөөрдөг байсан бол одоо сурсан зүйлээ заах, эрүүл мэнддээ анхаарч энэ спортоор хичээлэх хэрэгтэй гэдгийг мэдэрч байна. 
-Амжилт гаргахад тохиолддог саад бэрхшээл гэвэл?
-Энэ спорт хөгжихөд дутуу зүйл нь "анхаарал" юм даа. Жаахан хүүхдийг эцэг эх нь сайн анхаарахгүй бол сурч боловсорч, мэдлэг авах нь ховор шүү дээ. Үүнтэй ижил аав ээж нь сайн анхаарахгүй, тусалж дэмждэггүйтэй холбож болох байх. Санхүү маш чухал байдаг. Дэмжлэг багатай болохоор монголчууд бараг цайны цагаараа бэлтгэл хийдэг. Харин Хятад, Солонгосын хүүхдүүд өглөөнөөс орой болтол бэлтгэл хийж, тэмцээн уралдаанд ороод улсаасаа цалинждаг. Харин монголчууд  жинхэнэ хоббигоороо явдаг даа. Тэр дундаас чин эрмэлзэлтэй хүмүүс цаашдын зорилгоо болгодог. Зардлын асуудлыг шийдвэл Монголоос мундаг тамирчин олон төрөх байх гэж бодож байна. Тамирчдад ямар нэгэн зардлын асуудал тулгардаггүй. Иймээс энэ спорт хөгжихөд илүү боломжтой гэж хардаг. 
-Манай тамирчдын онцлог давуу тал юу байдаг вэ?
-Монгол тамирчид юмыг хурдан сурдаг. Гадаадын тамирчид гурав, дөрвөн наснаасаа энэ спортоор хичээллэдэг юм билээ. Монголчууд бүр хожуу 10 орчим наснаас эхэлдэг. Харин би нэлээд хожуу хичээллэж эхэлсэн. Хятад, Солонгос гэсэн теннисийн дэлхийн томоохон улсууд  ийм наснаас теннис тоглоод амжилт үзүүлнэ гэж бараг байхгүй, үлгэр гэж ярих байх. Гэхдээ би өөрөө тэгж боддоггүй. Монгол хүн юмыг хурдан сурдаг, энэ онцлогоороо түвшин хурдан ахидаг байх гэж бодож байна.
-Тоглолтдоо хэрхэн төвлөрдөг вэ? 
-Би тэмцээнд болон тоглолт хийхдээ зөвхөн урдах зүйлдээ л анхаарлаа хандуулдаг. Ширээний теннис нэг талаараа шатартай адил оюуны спорт. 1-2 үйлдлийн дараах довтолгоог тооцоолж байдаг. Анхаарал сарнихад л алдаа гаргах өндөр эрсдэлтэй. Анх тоглож сурч байхад зааланд цугласан хүмүүс рүү анхаарал сарниад сайн төвлөрч чаддаггүй байсан. Бэлтгэл сайн хийсэн тамирчид өөртөө итгэлтэй тайван байдаг.
-Теннис тоглоход тамирчдад давуулалт их чухал санагддаг?
-Давуулалтын тухайд янз бүрийн эргэлттэй техникийн хөдөлгөөн байдаг. Дээш, доош, хажуу тийш гэсэн давуулалт бий. Бэлтгэл хийхдээ өдөр бүр хэдэн минут давуулалт хийнэ. Тэгж байж бидний давуулалтын эргүүлэлт сайн болно. Зөвхөн ширээний буланд зориулан давуулалт хийх дасгал байдаг. Торонд ойрхон, бөмбөг буцаад ойхоор давуулж болно. Мэргэжлийн тамирчдын хувьд хожлын 50 хувийг  давуулалт гэж үздэг. Давуулалт зөв хийвэл өрсөлдөгчөө хожино. Буруу хийвэл хожигдоно. Энэ бүхнийг сайн хийж сурахын тулд хичээж бас сургаж байна. 
-Давуулалт авах олон арга байх уу?
-Олон байлгүй яах вэ. Хэрвээ хол давуулбал өрсөлдөгч амархан авна. Мэргэжлийн хэллэгээр эргэлттэй цохилт гэж байдаг. Энэ эргэлттэй цохих бөмбөг хамгийн хурдтай нь. Хэрэв би хол давуулаад нөгөө хүн хариу цохивол би хамгаалалтын байдалд орно. Тэгэхээр би сөрж цохих, аль эсвэл хамгаалалтын байдлаар тоглох болно. Тиймээс тоглолтын санаачилгыг тухайн тамирчин гартаа авах ёстой. Довтолгоог өөрөө эхлэхийн тулд янз бүрийн тоглолтын тактик хэрэглэдэг. Тухайлбал, ойрхон давуулахаар өрсөлдөгч  зөөлхөн авдаг. Тэр үед нь ширээн дээрээс нь довтлох юм уу, шууд эргэлттэй цохилт хийх жишээтэй. Мөн өрсөлдөгчийнхөө орон зайн байрлалыг маш сайн мэдрэх шаардлагатай. Энэ нь өрсөлдөгч тамирчныхаа сул талыг ажиглаж тоглоно гэсэн үг. 
-Энэ спортыг чадахгүй гээд шантардаг хүмүүст юу гэж зөвлөх вэ?
-Хүмүүс тоглож байгаад чадахгүй юм байна гээд шантраад хаячихдаг. Суръя гэсэн хүмүүс хичээж байгаа нь харагддаг.  Эрмэлзэлтэй хүмүүс сайн тамирчинтай уулзаж, "яаж сайжрах вэ" гэж асууж зөвлөгөө авдаг. Тухайн салбартаа байгаа хүмүүстэй уулзаж, яаж дур сонирхолтой болох, яаж хурдан ахих вэ гэх мэтчилэн заалгаж зөвлөгөө авч байгаа харагддаг. Гэхдээ манай улсын тамирчид шантраад байх зүйлгүй. Учир нь ямар нэгэн гэмтэл бэртэл гэж энэ спортод байхгүй. Гол нь техник дутсанаас болж хаях зүйл гардаг гэж хардаг. 
-Анх сурч байгаа хүмүүс ямар дасгал хийвэл тохиромжтой бол?
-Анх сурч байгаа хүмүүс бөмбөгөө хүчтэй цохихын тулд биеийнхээ жинг баруун, зүүн хөл дээрээ шилжүүлж сурдаг. Хурдтай хөдөлж байхдаа яаж хүчтэй цохих вэ, хүндийн төвөө хоёр хөл рүүгээ яаж шилжүүлэх вэ гэх мэтчилэн судалж заахыг хичээдэг. Ерөнхийдөө энэ спорт жинхэнэ мэдрэмж шаардсан зүйл байдаг. Аль ч спортоор хүн хичээллэж эхлэх үед суурийг нь сайн тавих хэрэгтэй. 
-Теннисийг хобби болгож тоглодог гэсэн. Энэ талаараа зөвлөгөө өгөхгүй юу?
-Анх хичээллэж эхэлсэн цагаасаа хойш бэлтгэл сургуулилт хийж ирлээ. Теннисийг хаана ч тоглож болно. Ажлын бус цагаар аав ээж нар хүүхдүүдээ дагуулаад хамтдаа цагийг сайхан өнгөрөөж ч болно. Хөдөлгөөний дутагдал гэхгүй, эрүүл мэнддээ анхаарч, бүгд л хобби, дур сонирхлоо дагаж байж тоглодог. Долоо хоногт тогтмол 2-3 цаг хичээллэж болно. Хобби бол хүний амьдралд баяр баясгалан авчирдаг зүйл. Баяр баясгалан авчираад зогсохгүй эрүүл мэндэд тустай. Дур сонирхлоороо эрүүл байна гэсэн үг. Их цаг зав зарцуулаад байх шаардлагагүй. Өдөрт нэг цаг байсан ч болно. Ингэснээр л жинхэнэ хобби болж чаддаг юм.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.9.28 МЯГМАР № 190 (6667)