Б.БЯМБАЖАРГАЛ

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ.  Энэ удаа Шинжлэх ухааны академийн Физик, технологийн хүрээлэнгийн  Цацрагийн физикийн лабораторийн судлаач, доктор Ж.Эрдэнэтогтохыг  урилаа.

УРТ ХУГАЦААНЫ ТОГТВОРТОЙ ТӨЛӨВЛӨГӨӨ ХЭРЭГТЭЙ

-Манай улсад зарим салбар нь хаягдаад, зарим салбар нь сайн хөгжиж байна. Үүний гол шалтгаан нь тогтворгүй байдал. Алсын зорилго тавьж түүнээсээ бүх зүйлээ салбарлуулан зорилтоо гаргах ёстой. Улсын хэтийн зорилгоос хамаарч салбар салбарын зорилгууд урган гарч түүнд хүрэх үе шатыг нарийвчлан гаргах нь зөв. Одоо манайд урт хугацааны тогтвортой бодлого, хэтийн зорилго нь тодорхойгүй, дутагдалтай харагддаг. Гэхдээ байдаг байж болно. Гэвч ажлын байр, салбаруудад хэрэглээ болоогүй байна. Анх 2017 онд Монголд ажиллах хүсэлтээ тавьж 2018 оноос ажиллаж эхэлсэн. Тухайн үед Шинжлэх ухааны академиас Шинжлэх ухааны хүрээлэнгүүдэд стратеги төлөвлөгөө гаргуулж байсан. Гэвч тэр нь жилийн дараа өөрчлөгдсөн. Энэ жил дахин бүтцийн өөрчлөлт гарлаа. Тогтворгүй бодлогын өөрчлөлт бол хамгийн аюултай. Миний ажиллаж байсан Японы жижиг компани 30, 60 жилээр урт хугацааны төлөвлөгөө боловсруулж ажилладаг. Өнөөдөр шинэ зүйл гарч ирэхэд бидний ирээдүйн зорилготой нийцэж байна уу гэдгийг тооцоолж байх хэрэгтэй. Урт хугацааны тогтвортой төлөвлөгөө гол чиглүүлэгч. Магадгүй цаг үеийн нөхцөл байдлаас зарим засвар, шинэчлэл орж болох ч гол чиг нь тогтвортой байх хэрэгтэй. Гурван жилд 3-4 удаа өөрчлөлт хийж сольж болохгүй. Тогтворгүй бодлого аль ч салбарыг доош татаж байгаа гол зүйл болоод байна. Тус тусдаа мэдэмхийрч ажиллах нь хол хүргэхгүй. Шинжлэх ухааны салбарын бодлого ч улсын зорилготой уялдаж тогтдог.

ШИНЖЛЭХ УХААНЧДЫН БИЙ БОЛГОХ ЗҮЙЛ НЬ ИРЭЭДҮЙН “УУРХАЙ”

-Их сургуульд дөрвөн жил сураад төгсөж буй шинжлэх ухааны нарийн салбарын шинэ боловсон хүчин, мэргэжилтнүүдийн үр дүн нь богино хугацаандаа гарч улс орныг баян болгохдоо биш. Бий болгох гол зүйл нь энэ улсын ирээдүйн “уурхай”. Жишээлбэл, Sharp, Toyota бол Японы “уурхай” юм. Өнөөдрийн зөөж байгаа нүүрсний уурхай нэг л өдөр дуусна. Дуусдаггүй “уурхай”-г бүтээхийн тулд төрөөс урт хугацааны тогтвортой бодлогыг боловсруулж шинжлэх ухааны салбартаа анхаарах ёстой. Шинжлэх ухааны салбарыг хаявал биднийг хэн ч тоохгүй. Тиймээс одоо л урт хугацааны дараа хүрэх зорилгыг тодорхой болгож ирээдүйд улсаар нь тэжээх “уурхай”-г бий болгоход гол ачааллаа өгч ажиллах хэрэгтэй. Мөн физикч мэргэжлийг тасалдуулахгүйн тулд бодлогоор анхаарч ЕБС-аас нь бэлдэх шаардлагатай байна. Физикч мэргэжлээр ажиллахад ажлын байр хомс, цалин бага учраас үүнээс шалтгаалж хүүхдүүд сонирхохгүй байж болно. Тиймээс тодорхой хэмжээний мөнгөн урамшуулал олгож физикийн ангид элсэн суралцуулах нь зүйтэй.

Мөн их сургуульд эхний жил ерөнхий эрдмийн хичээл үздэг тогтолцоотой байхад физикийн нарийн салбар орхигдох нь гарцаагүй. Яагаад гэвэл физикийн салбар олон жил тасралтгүй “нухаж” суралцдаг. Тиймээс нэг жил тасраад эргээд ороход хүнд салбар. Нэг шийдвэр гаргахдаа олон талыг биш өөрсдийн гаргасан саналаа батлах гэж зүтгэдэг үйлдлийн сөрөг үр дагаврын тод жишээ нь энэ тогтолцоо юм. Тэгэхээр бодит байдалд суурилсан, олон талыг хамарсан оновчтой шийдвэр гаргахад туслах их энгийн нэг арга бий. Аль болох хэмнэлттэй шийдвэр гаргах, бүх асуудлыг шийдвэрлэхэд хэрэглэж болдог. Хүснэгтийн дээд талд нь шийдвэр гаргахдаа тооцох ёстой хүчин зүйлсийг тоочиж бичнэ. Доош нь боломжуудаа бичнэ. Ингээд өөрсдөө үнэлж тоо өгөөд хамгийн өндөр оноотойг үндэслэн шийдвэр гаргадаг тоон шинжилгээний арга бий. Энэ мэтээр салбар салбарынхан цуглаж саналаа хэлэлцэж чанарын шинжилгээний аргаар шийдвэр гаргахаас илүү тоон шинжилгээний аргаар шийдвэр гаргах нь оновчтой байдаг.

АСУУДЛЫГ УХАЖ ШҮҮМЖЛЭЛТ СЭТГЭЛГЭЭГЭЭР ХАНДАХ ХЭРЭГТЭЙ

-Өндөр хөгжилтэй оронд ажилчид нь бүгд “ухаж” ажилладаг. Асуудал юунд байгааг хэлэлцэж, шүүмжилдэг. Бүгд тийм сэтгэхүйгээр ажилдаа хандахад урагшлах зам дардан болдог. Тухайлбал, миний ажилласан Япон компанид цөмийн станцын дэлбэрэлт болоход үйлдвэрт хүн орж ажиллах боломжгүй болж байгаа юм. Тиймээс робот бүтээх шаардлагатай болсон. Компанид робот үйлдвэрлэдэггүй байсан ч 3-4 жилийн дотор бүтээсэн. Үүнээс харахад зорилгоо тодорхойлоод зөв менежментээр бүгд ажилдаа сэтгэл гаргаж ажиллавал болохгүй зүйл гэж байхгүй. Яг үүнтэй адил зорилго тодорхой бол монголчууд хийж чадна. Манайхны ялгаа нь ил тод шүүмжилж чаддаггүй, нэгнээсээ айдаг. Цаашид хөгжье гэвэл тогтолцоо, хяналтаа сайжруулах хэрэгтэй.

Блиц

Боловсрол:

  • 2004-2008 онд МУИС-ийг бакалавр, физикч мэргэжлээр
  • 2008-2011 онд Япон улсын “Tokai” их сургуульд Цөмийн эрчим хүчний инженерийн чиглэлээр магистр
  • 2015-2017 онд Японы “Chiba” их сургуульд Физикч мэргэжлээр докторын зэрэг хамгаалсан.

Ажлын туршлага:

  • 2011-2018 онд Японы “Atox” компанид Цацрагийн хяналт, хэмжилт чиглэлийн судлаач, инженер
  • 2018 оноос Шинжлэх ухааны академийн Физик, технологийн хүрээлэнгийн Цацрагийн физикийн лабораторит ажиллаж байна.

ГАДААД ХҮНЭЭР УДИРДУУЛВАЛ МОНГОЛЧУУД АЖИЛ ХИЙДЭГ

-Гадаад руу эрдэм мэдлэг, туршлага хуримтлуулахаар судлаачид зорьдог. Улсаас ч үүнийг дэмждэг. Гэхдээ эргэж ирээд “адилхан монгол хүн” л болдог. Яагаад гэвэл тэр хүн эх орондоо буцаж ирээд сурсан зүйлээ зааж, хэлэхээр үгийг нь хүлээж авдаггүй. Тиймээс эхний удаад гадаад хүнээр удирдуулж зөв менежментийг төлөвшүүлэх хэрэгтэй. Мөн шинжлэх ухааны салбарыг хөгжүүлэх, хийсэн судалгааны үр дүнг бодит байдалд нэвтрүүлэх, хэрэгжүүлэхэд эрдэмтэд, өөрсдөө ажиллах хэрэгтэй байгаа санагддаг. Ач холбогдлоо тайлбарлаж хэвлэл мэдээлэлтэй хамтарч ажиллах нь зүйтэй.

ХОР ХАВДРЫН ҮҮСЭЛ, ШАЛТГААНТАЙ ХОЛБООТОЙ СУДАЛГАА ХИЙЖ БАЙГАА

-Одоогийн байдлаар гурван чиглэлийн судалгаа хийж байгаа. Хоёр нь нийгэмд тулгамдаж буй хамгийн том асуудал болох хорт хавдрын үүсэл, шалтгаантай холбоотой. Нэгдүгээрт, Эрүүл мэндийн яамны захиалгаар “Улаанбаатар хотын орон сууцны ардоны хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөл”-ийн судалгаа хийж байна. Энэ судалгаа одоо эхэлж байгаа. Хоёрдугаарт, “Био молекул, цацраг түүний харилцан үйлчлэлийн судалгаа” гэсэн нэртэй. Үндсэндээ агуулга нь хорт хавдрын суурь үндэс, механизмыг судлах, цацрагаар эмчлэх суурь судалгаа хийж байна. Гуравдугаарт, Японтой хамтарсан сансрын үүлний зүй тогтлыг судлах судалгаа. Эхний судалгааны ардон гэдэг нь цацраг идэвхт туяа ялгаруулдаг элемент. Барилгын материалуудад агуулагддаг. Ардон нь агаарт дэгдэмхий, амьсгалын замаар уушгинд орж уушгийг шардаг сөрөг нөлөөтэй. Энэ нь уушгины хорт хавдрын гол шалтгаан болж байгаа.

Манай улсад үнс, байгалийн материалыг “эко, аюулгүй” гэсэн тодотголоор барилгын материалд ашигладаг ээдрээтэй асуудал байдаг. Тиймээс орон сууцанд ашиглаж буй барилгын материал, үнс нь ардон ялгаруулдаг, аюултай эсэх, стандарт нь ямар байвал хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй байх хэмжээг тогтоохоор судалж байна. Судалгааг ирэх онд дуусгахаар төлөвлөж байгаа. Хоёрдугаарт, хорт хавдрын өвчлөлөөр монголчууд дэлхийд тэргүүлж байна. Нэгж хүн амд ногдох хорт хавдрын шалтгаант нас баралтын тоо өндөр. Тэгэхээр хүний эрүүл мэнд, аюулгүй байдал анхаарах гол асуудал болоод байна. Тиймээс бид шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хорт хавдрын үүсэл, шалтгаант нөхцөл, түүнээс хамгаалах ёстой. Цацраг туяаны нөлөөгөөр хорт хавдар үүсэж байна. Мөн суурь судалгааны хүрээнд цацраг туяа, архи тамхи, стрессээс үүдэн хорт хавдар үүсэхээс хамгаалах бүтээгдэхүүний судалгаа давхар хийж байгаа.

Жишээлбэл, уурлаж бухимдах, хоолоо хэтрүүлж идэхэд чөлөөт радикал гэсэн урвалын өндөр идэвхтэй, эвдэрсэн молекулууд үүсч байдаг. Энэ нь зарим тохиолдолд аюулгүй гадагшилдаг. Зарим нь бие дотор эрхтэнд наалдаж “эвдэлдэг”. Чөлөөт радикал нь уураг, булчинд очиж наалдвал төдийлөн сөрөг нөлөө үзүүлэхгүй. Гэсэн хэдий ч эсийн доторх ДНХ-д очиж наалдвал аюул учруулдаг. Тухайлбал, ДНХ-г эвдэж хүний биед хэрэггүй эс болгодог. Тэр үүссэн эс нь үржиж хуваагддаг, “идэмхий” эс болсноор хавдар үүсэж байгаа юм. Тэгэхээр хорт хавдрын үүсэл болоод байгаа чөлөөт радикалыг тасалбал аюулгүй болно гэсэн үг. Тиймээс чөлөөт радикалыг шингээдэг биологийн идэвхтэй антиоксидант нэгдэл бүхий бүтээгдэхүүнийг судалж байна. Антиоксидант нь өнгөт жимсэнд түлхүү агуулагддаг. Гадаадад хоолны дараа дессерт иддэг учир нь энэ. Шинжлэх ухааны үндэслэлтэй.

АРААС НЬ БИШ ШИНЭ ЗАМ ГАРГАЖ БАЙЖ ГҮЙЦНЭ

-Наран дээр болж байгаа цөмийн урвалыг дэлхий дээр жолоодлоготой ашиглах станц хөгжүүлэх ажлын төсөлд ажилласан. Түүний цацрагийг хэмждэг багаж бүтээх судалгааг хийж байсан юм. Хүнд устөрөгчийн хэмжээг хянадаг багаж. Энэ нь уснаас атомын цөм нь өөр, цацраг идэвхтэй. Дэлхийн хөрөнгөтэй орнууд их хөрөнгө зарж цөмийн болон нарны эрчим хүчийг дэлхий дээр жолоодлоготой ашиглах чиглэлд ажиллаж эхэлсэн. Гэхдээ манай улс энэ чиглэлд ажиллах нь үр дүнгүй гэж боддог. Уран ашигладаг цөмийн станцын асуудалд бүгд маргалдаж байна. Иргэд ураныг аюултай гэсэн талаас нь болгоомжилж байгаа. Аюултай тал нь асуудалгүй. Гол нь эдийн засагт нөлөөлөх байдлыг анхаарах ёстой.

Манай улс эрчим хүчний хэрэглээ багатай. Ганцхан цөмийн станцын гаргах эрчим хүчийг хэрэглэдэг орон. Хөрөнгө зарж нарны, дулааны цахилгаан станц барьчихаад хажууд нь том цөмийн станц барьвал эдийн засагт хүндрэлтэй. Мөн эрчим хүчний аюулгүй хэрэглээ гэдэг чухал асуудал байна. Нэг том цөмийн станц бариад бүх цахилгаан, эрчим хүчээ хангачихъя гэдэг ойлголтоор хандаж болохгүй. Мөн улс орныг хөгжүүлэхэд шинжлэх ухааны салбар хэрэгтэй. Түүнээс шинжлэх ухааны салбарыг дангаар нь хөгжүүлээд үр дүнгүй. Дэлхийн улс орнууд шинжлэх ухаанаа аль хэдийнэ хөгжүүлж биднээс урд явж байна. Тиймээс бид араас нь гүйх хэрэггүй. Хажуугаар нь шинэ зам гаргах хэрэгтэй. Машин үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч орны араас машин үйлдвэрлэнэ гэдэг утгагүй. Дэлхийд ховор хэрнээ бидэнд байдаг онцлог чанараараа ялгарах ёстой.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.9.20  ДАВАА № 184 (6661)