Д.БОЛД

Одоогоос 21 жилийн өмнө монголчууд шинэ ардчилсан Үндсэн хуулиа баталсан. Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Батцэрэгтэй ярилцлаа.

 

 

-Дөрөвдүгээр Үндсэн хууль төвөөс зугтах хүчний үйлчлэл дор төрсөн     байдаг. Хэдхэн хоногийн дараа шинэ ардчилсан Үндсэн хуулийн 21 жилийн ойг тэмдэглэнэ. Гэхдээ цөөнгүй улс төрчид үүний дотор та, танай намынхан Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай асуудлыг байнга  хөнддөг. Үүний шалтгаан юу вэ?

-Өнгөрсөн 21 жилийн­хээ нийгэм, эдийн засаг, улс төрийн амьдралд гар­сан олон өөрчлөлтийг ну­хацтай авч үзэж үнэлэлт дүгнэлт өгөх ёстой болов уу гэж бодож байна. 1992 оны Үндсэн хууль бол 1911 оноос эхэлсэн 20-р зууны монголчуудын тусгаар тогт­­нол, бүрэн эрхт байд­лынхаа төлөөх олон жи­лийн тэмцлийн логик үр дүн юм. Өнөөдрийн мон­голчууд чухамдаа сүүлийн 300 жил байгаагүйгээр, хэн нэгнээр заалгалгүй, хэн нэгнээс хараат бусаар алдаа оноотой ч гэсэн өөрс­дөө төр засгаа бай­гуулж, бодлого чиглэлээ гарган улс гэрээ төвх­нүүлж байна. Энэ бол дө­рөв­дүгээр Үндсэн хуу­лийн хамгийн том гавъяа мөн. Энэ бие даасан байд­лаа олж авах гэж бид ХХ зууны турш маш өндөр үнэ төлсөн. Өнөөдөр Монгол Улсын олон улсын нэр хүнд өсөж, биднийг ард­чилсан Монгол Улс гэж харж байна. Энэ бас Үнд­сэн хуулийн гавъяа. Ху­вийн өмч давамгайлсан эдийн засаг, хэвлэл мэ­дээллийн бие даасан за­саг­лал, хүний эрх, эрх чөлөөний хүрээнд олж байгаа даруухан боловч амжилтууд гэх мэт. Энэ болгоныг хэн нэг нь би­дэнд бэлэглээгүй, нэг өглөө тэнгэрээс унаагүй, энэ 21 жилийн турш нийт монголчуудын олсон амжилт юм. Гэвч олон жил үндэстний шаналгаа болж байгаа ядуурал, гуйланч­лал, хавтгайрсан архи­далт, баян хоосны, хөдөө хотын хэт их ялгаа, ний­гэмд шудрага ёс, итгэлцэл  улам бүр алдагдах болсон  гэх мэт шийдлээ хүлээсэн олон асуудлууд чухамдаа өнгөрсөн 20 гаруй жилд бий болсон нь иргэн хүний ч, төр засгийн ч нийг­мийнхээ өмнө хүлээх эрх үүргийн харьцаа алдагд­сан, эрх чөлөө хариуцлага хоёр балансжаагүй Үндсэн хуулийн тогтолцооны га­жи­гаас үүдэлтэйг их ярих боллоо. Дэлхий ертөнц өөрөө  их өөрчлөгдөж бай­на. Цөөн тоотой үндэст­нүүд байгалийн баялагаа цөлмүүлэх өөрсдөө бүдгэ­рэх, уусах, устан алга болж ч мэдэх аюулын өмнө байна. Товчхондоо цаг үе өөр болсон, дотоод  гадаад нөхцөл байдал эрс өөрчлөгдөж байгаатай холбогдуулан Үндсэн хуулийн өөрчлөлт тулгамдсан асуудал болоод байгаа.

-Нийгмийн чиглэлийн асуудлуудыг одоогийн Үндсэн хуулийн хүрээнд шийдэж чадахгүй гэж үү?

-Маш хүнд, асар их хугацаа орно. Хэлбэр тал нь соёлжсон өнгө аястай харагдах боловч ерөнхийдөө  барууныхны зэрлэг капитализмын үеийг туулсан тэр замналаар явна гэсэн үг. Монгол үндэстэн энэ бэрх замыг туулахдаа тэсч үлдэж чадах уу гэдэг ноцтой асуудал байгаа. Бид өрнөдөд болсон үйлдвэржилтийн үеийг туулаагүй ард түмэн шүү дээ. Өнөөдрийн үндсэн хууль маань үйлдвэр­жил­тийн үеээ туулсан, дэл­хийн дайнуудын голд байсан, арьсны өнгө, ша­шин, үндэстэн хоорондын үзэн ядах үзлийг олон жилээр даван туулж буй орнуудад байдаг үндсэн хуулиас эх загвараа авсан байгааг бүгд мэднэ. Энэ өнцгөөс харвал Үндсэн хууль ма­най уламжлал, өнөөгийн нийгэм эдийн засгийн хөгжлийн төвшин, түүний хүлээгдэж буй хөгжлийн тэмүүлэлтэй тэр бүр уялдахгүй байгаа.

-Үндсэн хуулийн өөрчлөлтийн гол агуулга нь юунд чиглэх вэ?

-Цаг үе, нөхцөл байдал өөр болж буй тухай хэлсэн. Орчин үед хөгжих тухай ойлголтын ард яг юу хүсч байгаагаа нарийн тооцох ёстой. Тэгэхгүй бол хөгжинө гэж хөөрцөглөж бүх юмаа нээлттэй яваад эргээд бусдын идэш болж, үндэстнээрээ золиослог­дох эрсдэл байгаа. Иймээс л Үндэсний эрх ашгаар засаглах, үндэсний эрх ашгийг нэгдүгээр эрэм­бэнд тавих боломж бүхий өөрчлөлтийн концепци руу чиглэх ёстой болно. Улс төрийн тогтолцоогоо илүү чамбайруулах, тө­рийн институцуудын эрх үүргийн нэдлийг хангаж өгөх, нийгэм эдийн засгаа дунд, урт хугацаанд төлөв­лөж хөгждөг горимд шил­жих, хүн ам нутагшилт, байгаль орчны аюулгүй байдал, хот төлөвлөлтийн асуудлуудыг иж бүрэн шийдэх бололцоог Үндсэн хуулиар хангах зэрэг үнд­сэн өөрчлөлтүүдийг хийх хэрэгтэй. Харин хувийн өмч, олон ургалч үзлийн хүрээнд хүрсэн төвшингээ хэрхэвч сулруулж болох­гүй юм. Бас одоогийн Үнд­сэн хууль маань өөрийгөө хайр найргүй шүүмжлэх бололцоо олгож байгаа иргэний эрхийн тэр боломжийг  хэвээр авч  үлдэх хэрэгтэй.

-Та жил бүрийн арванхоёрдугаар сард болдог ардчиллын баярыг тэмдэглэдэг үү?

-Тэмдэглэдэг. Би Ардчилсан холбооны анхны зохицуулагчдын нэг, АН-ыг үүсгэн байгуулагчдын нэг юм шүү. Энэ утгаар 90-ээд оны нийгмээ ардчилах улс төрийн тэмцлийн он жилүүд миний амьдралын хамгийн гайхамшигтай дурсамж байдаг. Олон газар уулзалт ярилцлага хийж олон хүнд МоАХ, АН-ын батлах гардуулж бас тун амаргүй бэрхшээл сорилтыг туулж явлаа. Одоо бол ардчиллын тухай, түүний сайн муу тал, хэмжээ порц, бусад улсуудын туршлага гэх мэт олон талаас нь эргэцүүлж боддог болсон.

-Өнөө цагийн Монго­лын ардчилалд ямар үнэлэлт дүгнэлт өгдөг вэ?

-Ардчилал дангаараа үзэл санаа, хөгжлийн бэ­лэн жор биш юм. Ардчилал хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйл, хөгжлийн бо­ломж мөн. Энэ утгаар улс орон бүр өөрийн онцлог байдлаасаа хамааран ард­чиллыг хөгжүүлж байна.

-90-ээд оны ард­чиллын романтизм буюу ардчилал, чөлөөт зах зээ­лийн хэтэрхий хялбар­шуулсан гэнэн төсөөлөл төгсгөл болж прагматик ардчилал буюу чухамдаа амь дүйсэн зэрлэг капи­тализмтай нүүр тулахад бид Мон­голчуудын ард­чилсан нийгмийн дэг журам ямар байх юм, яаж авч явах ёстой вэ гэдгээ бодож эрэг­цүүлэх болсон. Өнөө­дөр бидэнд буюу монгол төрд, Монголын ардчи­лалд  хамгийн их дутагдаж байгаа юм бол мөнгө биш харин үн­дэстний хүсэл тэмүүллийг сэрээх шинэ­лэг үзэл санаа, хүчирхэг сэтгэлгээ дутагдаж байна.

-Баруун зүүний намууд өрсөлдөж социалист, социал демократ эсвэл либерал либертари үзлүүд номлож байгаа биз дээ?

-Сүүлийн жилүүдэд тендер, албан тушаал тойр­­сон тэрсэлдээн, зо­доон болж байсан боло­хоос үзэл санааны эрүүл өрсөлдөөн байхгүй болсон. Дээрх үзлүүдийн хэсэг бусаг илрэл байгаа боло­хоос системтэй улс төр, нийгэм эдийн засгийн цэгцэрсэн платформ бүхий системность буюу бүхэл цогц, иж бүрдэл огт бий болоогүй. Дээрээс нь тэрсэлдээнээ өрсөлдөөн гэж буруу ойлгож бүр хамгийн муу урхагтай нь олон нийтэд буруу ойл­гуулж байгаа. Энэ оюун санааны хүрээнд үүссэн будилаанаа цэгцэлж байж ардчилал мөн чанараараа хөгжих болно.

-Танай намынхан Үн­дэсний үзэл дээр суу­рилсан ардчилал хөгжүүлнэ гэдэг бил үү?

-Хэдэн жилийн өмнө  бидний хэсэг нөхөд МҮАН-ыг сэргээн байгуул­сан нь зүгээр нэг гомдол тунирхал, жижиг зөрчилөөс үүдэлтэй биш юм, чухамдаа нийгмийг үзэл санааны мухардлаас гаргах эрэл хайгуулын явцад МҮАН төрсөн гэж хэлж болно. Бид монголчуудын үндэсний эх оронч үзлийг Монгол төрийн улс төрийн бодлого болгох ёстой гэж хэлдэг. Ардчиллын хамгийн том гавъяа нь монголчууд үүх түүхээ эргэн харж, үн­дэсний эрх ашгаа сэхээрч, ухааран үндэсний үзлийг улс төрийн бодлого болгох боломжийг авчирч байна, харин  үндэсний үзэл нь ардчилал завхрал болохгүй байх, ардчилал нэрийн дор бусдын идэш, бусдын хараат болохгүй байх тэр үндэсний эрх ашгийн хил хязгаарыг тогтоож өгөх болно.

-Үндэсний үзлийг яаж улс төрийн бодлого болгох вэ. Хамгийн том жишээ нь юу байж болох вэ?

-Дахиад л Үндсэн хуулийн  асуудлыг хөндөх хэрэгтэй болох байх. Үндэсний эрх ашгийг засаглалын хамгийн дээд эрэмбэндээ байлгаж чадах тийм улс төрийн тогтолцоог бий болгож чадвал энэ нь үндэсний үзэл улс төрийн бодлого болж буй хамгийн  гол илрэл болов уу.

-Бусад улс орнуудын туршлага, үндсэн хуулийн өөрчлөлтийн сургамж ямар байгаа вэ?

-Өнөөдрийн  Үндсэн хууль  хүйтэн дайны үеийн дараа, ЗХУ-ын задралын дараа, ардчиллын шинэ давалгаа дэлхий дахинд өрнөж байсан тэр үед  буюу гадаад, дотоод нөх­цөл байдлын  хувьд “төвөөс зугтах хүчний үйлчлэл” дор батлагдсан. Хуучин  пост коммунист орнуудаас хамгийн түрүүнд шинэ Үндсэн хуультай болсон орнуудын нэг нь манай улс юм. Өөрөөр хэлвэл шилжилт хийж буй орнуудын хувьд түрүүлнэ гэдэг нь сайн гэхээс илүү “туршлагын туулай” болсон гэж хараг­даж байгаа. Мөн өрнө­дийн их гүрнүүд шил­жил­тийн орнуудыг яаралтай “Үндсэн хууль­жуулах” идеологи хүчтэй явуулсан байдаг. Тэгэхэд Польшид 1997 онд, Казахстанд 1995 онуудад шинэ үндсэн хуулиа баталсан бол Унгар бүр саяхан 2011 онд олон сургамжийг тооцон байж шинэ Үндсэн хуультай боллоо. 1980-аад онуудад азийн бар болтлоо хөгжсөн Тайланд 2007 онд, Европын цээжинд орших Нидерланд 2010 онд, байга­лийн баялагаа гадны­ханд цөлмүүлж байсан Нигер, Нигериа зэрэг улсууд 1999 онд шинэ Үндсэн хуультай болсон байна гэх мэт олон харьцуулалт, жишээ, сургамж дурьдаж болно. Зүй тогтол талаас нь харах юм бол  глобаль эдийн засаг хүн төрөлхтөнд сайн муу хоёрыг аль алийг нь авчирч байна. Үүний дотор хүн ам цөөтэй жижиг үндэстэн, хөгжил буурай орнуудын хувьд бол байгалийн баялагаа цөлмүүлэх, язгуурын түүх соёлоо гээх, өөрсдөө бүдэгрэн доройтох зэрэг  олон олон эрсдэлд орж байна. Энэ болгоноос үүдэн  эдийн засаг, соёлын глобаль нэвчилтийн эсрэг зогч, тэсч үлдэх дархлаагаа Үндсэн хуульдаа суулгаж өгөх гэсэн хандлага хүчтэй явж байна. Ийм ч учраас өнгөрсөн жилүүдийн алдаа оноондоо дүгнэлт хийж, өрсөлдөн, зөр­чил­дөн тэгэхдээ тэр­сэлдэн, тэмцэлдэн өөрчлөгдөж буй дэлхий ертөнцөд Монгол үндэстнийг авч үлдэх гүн гүнзгий зорилго зорилт бүхий тавдугаар Үндсэн хууль энэ цаг үеийн манай нийгмийн хамгийн тулгамдсан асуудал юм болов уу гэж боддог.

Нийгэм бол томоохон шинчлэлийг хүсч байгаа харагддаг. Олон судалгаа ийм дүнтэй гардаг. Харин улс төрийн намууд, улс төрчидийн хувьд бол үндэсний эрх ашгаа ухамсарлан энэ асуудал дээрээ зөвшилцөл хийх ёстой байх. Дахин давтан хэлэхэд Шинэ үндсэн хуулийн үндсэн концепци нь үндэсний эрх ашиг дээрээ төвлөрч чаддаг, төвлөрч болдог тийм улс төрийн тогтолцооны цөмийг л бий болгох ёстой.