Канадын Лилиях Фернандесийг финалд ялсан Английн 18 настай Эмма Радукани “USA-OPEN”-д түрүүллээ. Тэрбээр Их дуулгын тэмцээнд хоёр дахь удаагаа оролцохдоо л анхны Их дуулгын цомоо өргөсөн ховорхон амжилтын эзэн болов. Мөн Их дуулгын хоёр дахь цомыг өргөсөн англи эмэгтэй гэж түүхэнд бичигдлээ. Одоогоос 44 жилийн тэртээ 1977 онд Уймбэлдоны нээлттэй Их дуулгад  Английн теннисчин эмэгтэй Ваде түрүүлж байсан түүхийг өнөөдөр Эмма сөхөн санууллаа. Эммагийн хувьд маш богинохон түүхтэй нь сонирхол татам. Хэдхэн сарын өмнө Теннисний эмэгтэйчүүдийн холбооноос  Ноттингхэм- нээлттэй тэмцээнд  Радуканиг  цагаан хуудсаар оролцуулсан байдаг. Түүнээс хойш яг нэг сарын дараа буюу долдугаар сард зохиосон Уймбэлдоны нээлттэй Их дуулгад түүнийг мөн л цагаан хуудсаар оролцуулах эрх олгосон. Тэр нээлттэй тэмцээнд гурав дараалан ялж, шилдэг 16-д шалгарснаар мэргэжилтнүүдийн хараанд анх удаа өртсөн. “USA-OPEN” бол түүний хувьд хоёр дахь Их дуулга.  Их дуулгад түрүүлснээр түүний рэйтинг 150-аас 23 руу дэвшсэн байна.
Түүний өрсөлдөгч 19 настай Лилиях Фернандес “Би мөрөөдлөө атгаад алдлаа. Мөрөөдлөө биелүүлэх, эзэн болох нь чамаас л хамаарна. Өөрөөсөө хүчтэй өрсөлдөгчийг ялж байж л чи мөрөөдөлдөө хүрнэ гэж аав минь сургадаг байсан. Би финалд хүрэхдээ өөрөөсөө хүчтэй теннисчдийг буулгаж чадсан. Харин финалын тоглолтод өөрөөсөө сул тоглогчийг басаж, тооцоо алдсанаас цомоо алдлаа. Би их харамсаж байна. Нөгөө талаар их сургамж авлаа” гэж Лилиях Радукани алдаагаа дүгнэлээ. 

Эх сурвалж: Зууны мэдээ сонин 2021.9.15 ЛХАГВА № 181 (6658)