Дарьгангын уулсын тэргүүн, уртын дууны оргил “Сүмбэр Алтан-Овоо”

0
хуваалцах
1016
үзсэн

Ч.ЗОТОЛ

 

“Зууны мэдээ” сонин ”Монгол ардын дуу” булангаараа монгол ардын аман зохиолын нэг том өв болох ардын дууны талаар судлан сурвалжлан бичдэг билээ. Энэ удаа “Сүмбэр Алтан-Овоо” уртын дууны талаар уншигчиддаа толилуулж байна.

 

“Сүмбэлзээд сүмбэлзээд харагдах

Сүмбэр Алтан-Овоо минь

Сүүдийгээд сүүдийгээд үзэгдэх

Сүмтэй будрын чулуу минь ...” хэмээн Дарьганга хошууны  ард түмэн хэдэн үеэрээ дуулсаар  иржээ.  Энэ бол нэлээд эртний домог түүхтэй уртын дуу юм. Дуу төрсөн домог түүх нь газар нутгийн байдал, бүхнийг өөрсдийн таалалд нийцүүлэн ирсэн эрх мэдэл бүхий  ноёдын  дарлал боолчлолын эсрэг тэмцлээс үүдэн  гарчээ. Тухайлбал,  Дарьгангын сүргийг  байгуулсны дараа тахих овоог  анх тогтоох үед нутгийн эрх баригчид “Их булгийн зүүн хойно, Давхар энгэрийн ард байх Дашлүнг тахина” гэхэд ардууд “Дарь овоог тахина” гэж маргалджээ. Иймд ноёд нь албадан  сүрэгчин гар тутмаас тодорхой тооны хуяг эр, адуунаас азарга дайчлан гаргуулж Давхар энгэр хэмээх газраас чулуу зөөлгөж Дашлүн дээр овоо босгуулж эхлэхэд нутгийн  шударга эр Жамъян, Магсар нар ард олныг турхирч зарга тэмцэл үүсгэн Гусай \хошуу захирагч\ амбанд заалджээ. Тэд Дарь-Овоог байхад Дашлүнг тахина гэж Давхар энгэрийн  чулууг зөөлгөж, дээдсийн сүргээс 70 гүү сувайруулан, албаны олон эрийг чирэгдүүлэн, ар гэрийг зовоож байгааг илчилсэн тул азаргаа авч Дарь овоо нь дарьгангынхны жил тутмын тахилгатай Дарь Алтан-Овоо гэж  алдаршсан хэмээн Л.Жамсрангийн “Дарьгангын сүрэг хошуу” \1994 он\ номын 12 дугаар талд бичжээ.

Мөн номын 28 дугаар талд “Халхад зохиогдсон Гандангийн “Эрдэнийн эрхи”, Бямбын “Асрагч  нэртийн түүх” гэсэн  зохиолд Халхын Гэрсэнз Хунтайж V хүү Дарь тайждаа, Хөхий Хатгины нутгийг  өгч эзэмшүүлсэн тухай мэдээ бий. Хатгин бол одоогийн Дарьгангын зүүн хөрш, Хөхий \Хөөхий\-д гэдэг аймаг, \овгийн\ хүмүүс Дарьгангад бий. Иймд Дарьганга нутаг XVI  зууны үед Дарь ноёны захиргаанд байжээ. Тэр ноён үргүй учраас удам нь тасарсан байна. Тэгвэл овооны нэрээс уулын өвөрт байгаа чулуун хөргүүд түүнтэй холбоотой байж магадгүй гэсэн санааг зарим судлаач  дэвшүүлсэн байдаг аж. Учир нь “Миний хүү Алтан-Овоогоо л бодож яваарай, нутгийн бүхий л уул ус чинь түүндээ багтдаг юм. Ганга нуур бол Алтан-Овооны гэргий  нь юм. Хонгор овоо хүү нь, Лүн хайрхан лам нь, Баяндулаан түшмэл нь, Дөхмийн бор овоо дүү нь юм гэнэ лээ. Тийм болохоор нутгийн бүхий л уул усаа бодож явна гэсэн үг гэж энэ нутгийн нэрт найрагч,  Соёлын гавьяат зүтгэлтэн  Г.Мэнд-Ооёогийн ээж нь  үр хүүхдүүддээ захиж хэлж байсан  бол Алтан-Овооны сахиус нь сэтэртэй цагаан морь байсан гэж нутгийн хууччуул ярьдаг байжээ. Түүнчлэн хазаар, хөмөлдрөг хударгатай, их дэлтэй, хадаг яндар болсон цагаан морь овоо тахилгын үеэр явж, бусад цагт Ганга нуур, Дуут нуураас ундаалан, жасын адуунд бэлчээрлэж явдаг. Тахилгын үеэр их номхон, хүн бүр хөлсийг нь гараараа илж магнайдаа хүргэнэ. Бусад цагт онгон эмнэгээрээ явна. Сүм хурал тарахын үеэр л үзэгдэхгүй болсон гэдэг гэж Г.Мэнд-Ооёогийн аав Гомбожав хэмээх буурал олон жилийн өмнө хуучилж байсан хэмээн Ардын жүжигчин, уртын дуучин Ш.Чимэдцэеэ  “Жаахан шарга” \1994 он\ номдоо тэмдэглэжээ. “Сүмбэр Алтан-Овоо” дууг  2021 оны тавдугаар сард “Дарьганга ардын бэсрэг уртын дуу” хэмээн нэрлэж, МҮОНРТ-ийн  алтан санд залуу дуучдын дуулснаар бичиж авчээ.  Хэдийгээр ганцхан бадаг, түүнийгээ давтаж дуулах боловч эрт үедээ хэдэн ч хувилбартай байсан байж мэдэх юм. Нутгийн ард түмэн газар нутгаа магтаж өөр өөрсдийн сэтгэлийг шингээн үгийг мөн хэдэн янзаар дуулдаг байсан болов уу.

Дуунд дурдагдаж буй Алтан Овоо нь Сүхбаатар аймгийн  нутаг  Молцог элсний хойд захад Дарьганга сумын төвийн дэргэд оршдог 1354 метр өндөр унтарсан галт уул. Тус аймгийн урд хэсгийн  зургаан сумын дарьгангачууд   тахиж шүтэж ирсэн  бөгөөд хожим монголчуудын их шүтээн, тахилгат уул болсон юм. Нутгийн ард түмэн  Дарь-Овоо, Алтан Дарь-Овоо хэмээн нэрлэдэг.

Судлаачдын үзэж буйгаар  Дарь уул  нь галт уулын хүчтэй дэлбэрэлтээс үүсч тогтсон бөгөөд  шовгор хэлбэр нь эвдрээгүй үлдсэн, хайлмал хүрмэн чулуу ихтэй. Хязгаар нутагтаа хамгийн өндөр уул учраас Захын хар өндөр ч гэж нэрлэгдэж байв. Нутгийн ард түмэн байгалийн үзэсгэлэнг дархлах, газар нутгаа хамгаалах, эв нэгдлийг бататгах үүднээс уулын оройд XVII зууны үед алтан ганжирт  Батцагаан хэмээх овоог босгосноор Алтан Дарь-Овоо хэмээн нэрлэх болсон.

Манжийн хааны зарлигаар  1700-гаад оноос Алтан-Овоог нутгийн тахилгатай болгож жил бүрийн хаврын эхэн, зуны дунд сард тахидаг уламжлал тогтсон. 1913 оноос  Богдын  зарлигаар  намрын дунд сарын 12-нд төрийн их тахилга үйлддэг болсон. 1935  оноос хойш үзэл суртлын нөлөөгөөр  50 гаруй жил тахилгын зан үйл зогссон ч нутгийн иргэд нууцаар тахиж шүтэж байсаар  1990 онд  дахин  сэргээсэн.  2004 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди  зарлиг гаргаж төрийн тахилгат уул болгосон бөгөөд бэлд нь орших хүн чулуудыг 1998 онд улсын хамгаалалтад авсан байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.8.20 БААСАН № 163 (6640)