Б.БАЯРЖАВХЛАН
Монгол Улсын тэргүүн зэргийн ерөөлч, магтаалч, МУСТА Сугирын Мөнхжаргалтай ярилцлаа. Тэрээр Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 475 дугаар тогтоолоор Соёлын биет бус өвийг ур чадварын өндөр түвшинд өвлөн эзэмшсэн тул соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчаар бүртгэсэн байна.
-Сар шинэдээ сайхан шинэлэв үү. Уран бүтээл арвин, ажил үйлс тань өөдрөг, сайхан байна уу?
-Сар шинийн өнгө сайхан гарч, байгаль дэлхий налайж, урин хавартай золгож байна. Уран бүтээл арвин дэлгэр байна. Өмнөговь аймгийн ерөөлч, магтаалч, цоллогчдын “Цэц билиг” холбоо 2025 онд амжилт бүтээлээр дүүрэн, үр өгөөжтэй сайхан жил байлаа.
-Говь нутгийнхны үг яриа нь уянгалаг, яруу тансаг. Ерөөл, магтаалын өлгий нутаг ч энэ бүс хэмээн хууччуул өгүүлдэг. Та ерөөлч хүний хувьд үүнийг юу гэж боддог вэ?
-Манай говь нутгийн зон уран яруу, цэцэн үгтэй хэл ярианы баялаг сайтай ард түмэн. Ерөөлийн олон төрөл зүйл говь тал нутгаас улбаатай гэдэг. Өмнөговь аймгаас Төрийн хан хуурч, МУАЖ Ц.Цэрэндорж, Монгол Улсын анхны Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Оргой, Цэцэн Банзрагч зэрэг алдартай ерөөлч төрсөн байдаг. Энэ нь Өмнөговь аймгийн ард түмэнд өвлөгдөн үлдсэн оюуны их сан, бахархалт уламжлалыг илтгэж байгаа юм. Миний хувьд ерөөл, магтаалтай амьдралаа холбоод 53 дахь жилтэйгээ золгож байна. Энэ хугацаанд олон газраар явж, олон түмнийгээ ерөөж, магтан, тэмцээн уралдаанд оролцон уран бүтээлээ түгээж байна.
-Та өөрийн авьяас, ур чадвараа залуу хойч үедээ өвлүүлэн үлдээхэд хэрхэн анхаарч байна. Хэдэн шавьтай вэ?
-Залуу хойч үедээ соёлын биет бус өвийг өвлүүлэн үлдээх үйлсэд онцгойлон анхаарч ажиллаж байна. Одоогоор зөвхөн ерөөлийн төрлөөр 300 гаруй шавьтай. Мөн морь, бөхийн цол дуудах шавь нар минь нэмэгдсээр байна. Манлай, Баян-Овоо, Цогтцэций, Гурвантэс, Ханбогд сумаас залуус ирж шавь орж байна. Мөн зөвхөн өөрийн аймгаар хязгаарлагдахгүй Орхон, Төв, Дорнод зэрэг аймаг төдийгүй 21 аймгийнхаа залууст өв соёлоо түгээн дэлгэрүүлэхийг зорьдог. Дан ганц эх хэл, аман илэрхийллээр бус монгол хэмээх тодотголтой бүхнийг өөрийн чадлын хэрээр зааж сургахыг эрмэлзэж явна. Шавь нараас минь “Нүүдэлчин монгол” үйл ажиллагаанаас шилдэг өвлөн уламжлагчаар тодорсон. Энэ нь бахархал төрүүлэм, урам зориг хайрласан сайхан үйл явдал боллоо.
-Улс, бүсийн олон наадамд говь нутгаа төлөөлөн оролцож, хүндтэй шагналууд хүртэж байсан байх. Амжилтуудаасаа манай уншигчдад сонирхуулахгүй юу?
-Энэ сайхан урлагаас хүндтэй, үнэ цэнтэй олон шагнал хүртсэн. Мөн соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчаар бүртгэгдсэн. Хамгийн сүүлд Өвөрхангай аймагт зохион байгуулсан улсын ерөөлч, магтаалчдын анхдугаар наадамд аймгаасаа 36 хүний бүрэлдэхүүнтэй оролцож "Гранпри" хүртсэн. Мөн манай баг хамт олон “Шилдэг өвлөн уламжлагч”, “Шилдэг хамтлаг” зэрэг нэр хүндтэй шагналуудыг хүртсэн нь бахархалтай сайхан үйл явдал боллоо. Нийт 20 шагнал гардуулснаас дөрвийг нь Өмнөговь аймгийн баг хүртсэн. Энэ амжилтад урамшин ардын язгуур урлагийг улам бүр хөгжүүлэх нь зүйтэй хэмээн зорилт дэвшүүлж, 12 хүний бүрэлдэхүүнтэй “Зохист аялгуу” хамтлаг байгуулсан.
-Бахархалтай сайхан амжилт байна. Хамтлагийнхаа цаашдын зорилго, зорилтыг хэрхэн тодорхойлж байгаа вэ. Мөн орон нутгийн удирдлага, байгууллагуудаас ямар дэмжлэг үзүүлж байна вэ?
-Орон нутгаас биднийг их дэмжиж байна. Хамтлагаа байгуулаад Өмнөговь аймгийн ИТХ-д нээлттэй танилцуулсан. Төлөөлөгчид баяртайгаар хүлээн авч, дэмжлэг үзүүлсэн. Тухайлбал, Номгон сумын ИТХ-ын төлөөлөгч Б.Даваа биднийг тэмээний баярын үйл ажиллагаанд урьж, тоглолт хийхийг хүссэн. Бидний гол зорилго 15 суманд тоглолт зохион байгуулж, хүүхдүүдэд үнэ төлбөргүй сургалт хийхээр төлөвлөөд байна. Мөн сум сумаас чулуу цуглуулан аялгуут хөгжим урлахыг зорьж байна. МУГЖ Ө.Батжаргал бид Мандал-Овоо сумын Баянхошуу багийн нутгаас чулуу авчирч, хөгжим урлан эхний тоглолтоо хийсэн. Ер нь бол бид Өмнөговь аймгийн нэрэмжит язгуур урлагийн төрлийг хөгжүүлж, өвлүүлэн үлдээхийг гол зорилгоо болгон ажиллаж байна.
-Таны хувьд тухайн газартаа шууд зохион ерөөлийг цээжээрээ хэлдэг, тун ховор чадвартай хүн шүү дээ. Яг тан шиг шууд зохион ерөөдөг хүн хэр олон байдаг бол?
-Миний хувьд ерөөлийг бичиж цээжилдэггүй. Газар дээр нь шууд зохион хэлдэг гэдгээрээ онцлогтой. Нэг хэлсэн ерөөлөө дахин бараг хэлдэггүй. Аймаг бүрд цээжээр ерөөл хэлдэг хүмүүс мэр сэр бий ч ерөөлийг төгс сайхан хөгжүүлж хэлдэг нь тун ховор. Зөвхөн нэг, хоёр ерөөл цээжилчихээд “би ерөөлч” гэх нь зохимжгүй. Бидний үед анхаарлыг сарниулах зүйл багатай байсан тул үндэсний өв соёлыг бүх мэдрэхүйгээрээ бүрэн бүтэн сурч, үлдээж чадсан гэж боддог. Харин өнөө цаг бол дэвшилтэт соёл иргэншлийн эрин зуун, анхаарал сарниулах зүйл ихтэй болсон.
-Монгол Улсын тэргүүн зэргийн ерөөлч цолыг хэзээ хүртсэн бэ?
-Ерөөлч, магтаалчдын улсын анхдугаар уралдаанд 1996 онд оролцож, тэргүүн байр эзэлж, Монгол Улсын тэргүүн зэргийн ерөөлч цолыг хүртэж байлаа. Анх би хүний бичсэн ерөөл, магтаалыг цээжилж хэлдэг байсан. Судлаачид, ерөөлч магтаалчдын дунд намайг үг хэллэг хурц, уянгалаг ерөөдөг гэж үнэлдэг. Гэхдээ миний хувьд сурах зүйл одоо ч их гэж боддог.
-Ерөөл хэлж буй хүн ямар зүйлсийг эрхэмлэн баримтлах, ямар зүйлээс цээрлэх ёстой вэ?
-Ерөөл хэлж буй хүн хадаг барих ёсыг эрхэмлэн баримтлах ёстой. Хадаг барихдаа сэгсэрдэггүй, гарын эрхий хуруугаа дарсан байдлаар барьж, ёс журмын дагуу ерөөл хэлдэг. Энэ зан үйл эрт үеэс уламжлагдан ирсэн. Ер нь дан ерөөлч гэлтгүй бүх урлагийн хүн ариун цэвэр, гоо зүйг машид эрхэмлэх нь зүйтэй. Дээлийн товчноос эхлэн бүрэн бүтэн хүн гэдгээ харуулж, тэр айлыг цаашид элбэг дэлбэг, сайн сайхан яваасай гэж бэлгэшээж буй хэрэг юм.
-Та ерөөлч, магтаалчийг бэлтгэх зорилгоор ажиллаж байгаа гэлээ. Тэгэхээр суралцах хүсэлтэй хүн авьяастай байх ёстой юу, эсвэл тууштай хичээл зүтгэл нь чухал уу?
-Нэн тэргүүнд өв соёлоо сайн мэддэг байх хэрэгтэй. Жишээ нь, унага уяж байгаа айлд очоод ерөөе гэхэд унага уях ёсыг мэдэхгүй бол юу хэлэх билээ. Ерөөлч хүн тал талын мэдээлэлтэй байх шаардлагатай. Гэнэт л хүн дууддаг, шинэ гэр, байшингийн цайллага, албан байгууллагын нээлт, тэмцээн уралдаан хаанаас ч дуудлага ирж болно. Шууд газар дээр нь очоод цэцэн хэлнэ гэдэг амаргүй. Тиймээс мэдлэг, мэдээлэл сайтай байхгүй бол чанартай ерөөл хэлж чадахгүй. Ер нь амьд архив шиг байх нь зүйтэй. Тодорхой авьяас шаардлагатай ч, мэдлэг мэдээлэл, тууштай хичээл зүтгэл байвал ерөөлч болох боломжтой гэж би боддог.
-Эрт үеэс уламжлагдан ирсэн ямар төрлийн ерөөлүүд байдаг вэ?
-Манайд уламжлагдан ирсэн олон төрлийн ерөөл бий. Орчин цагийн хэрэгцээнд нийцүүлэн байшингийн ерөөл сүүлийн үед их хэлэгдэх болсон. Мөн гүүний үрс гаргах ерөөл, даахь үргээх ёс, шинэ гэрийн ерөөлүүд бий. Говь нутгийн хувьд гүүний үрс гаргах ерөөл нь нутгийн онцлогтой уламжлал юм. Эдгээр дөрвөн төрлийн ерөөлийг сурах нь чухал. Ерөөл нь хүчтэй энерги агуулдаг. Эрт дээр үеэс уламжлагдан ирсэн ерөөлүүдийг хольж хутгах нь зохимжгүй. Жишээ нь хуримын ерөөл, гэрийн ерөөлөөс тусдаа, тодорхой төрлөөр хэлэгдэх ёстой.
-Ямар ерөөлийг сайн, үр өгөөжтэй ерөөл гэж үздэг вэ?
-2019 онд Азийн урлагийн их наадамд Өмнөговь аймаг есөн минутын хугацаанд 17 зан үйлийг багтаан оролцож байсан. Аливаа зүйлийг хураангуйлан багтааж, оновчтой, хурц тод илэрхийлж чадсан үед л сайн үр дүн гардаг. Харин зарим аймаг 27 минутын турш зөвхөн нэг зан үйлийг үзүүлсэн. Тиймээс сунжруулах шаардлагагүй. Гол зүйлээ онож, цэгцтэй ерөөвөл ерөөл сайхан, хүчтэй болдог.
-Ярилцлагын төгсгөлд та өв соёлоо хадгалах, өвлөх, эзэмших чиглэлээр уриалга хэлж өгнө үү?
-Хүн бүр үндэснийхээ өв соёлыг чин сэтгэл зүрхнээсээ хайрлан хамгаалж, сонирхон судалж, нэг ч гэсэн төрлөөс нь сурч, эзэмшиж байгаасай гэж хүсдэг. Ялангуяа уламжлалт ерөөл, магтаалаа уншиж, судалж, цээжилж байгаарай. Эх хэл, өв соёл минь мөнх оршиг гэж ерөөе.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 27. БААСАН ГАРАГ. № 37 (7779)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn