П.АМГАЛАНБАЯР

 

Монголын нүүдэлчин соёлын салшгүй нэг хэсэг болсон хэл хуурын өвийг орчин цагийн өнгө аястай хослуулан түгээн дэлгэрүүлж буй Монгол Улсын Соёлын элч Б.Нарандэлгэрийг “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Өв соёл” буландаа урьж, ярилцлаа.

 

-Монгол Улсын соёлын элчийн хувьд  та өв соёлоо олон улсад түгээн дэлгэрүүлэх чиглэлээр ямар  бодлого баримталж ажиллаж байна вэ?

-Би Монгол Улсын Соёлын элчээр дөрөв дэх жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд гадагшаа чиглэсэн соёлын бодлого, хос соёл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлсэн.

Монгол Улсын Соёлын элчээр 2021 онд томилогдоод 2022 оноос хойш Европын найман улсын 45 хотоор ажиллаж, 4500 гаруй монгол гэр бүл, хүүхэд залуучуудад үндэсний өв соёлоо  түгээн дэлгэрүүлэхээс гадна тухайн улсын 2000 гаруй иргэдэд өв соёлоо сурталчилж, зааж сургасан байна.

Энэ жилийн хувьд  ч томоохон ажлуудыг хийхээр зорилт тавиад ажиллаж байна. Үүний нэг нь, Монголын уламжлалт хэл хуурын соёлыг олон улсад түгээн дэлгэрүүлэх, олон улсад салбар холбоод байгуулах ажил юм. Одоогоор найман улсад салбараа байгуулсан.

Энэхүү салбар холбоодоор дамжуулан монгол соёлын биет бус өвийн төв байгуулах чиглэлээр гэрээ хэлэлцээрийн ажлууд хийгдэж байна. Мөн дэлхийн 197 улс оролцох цөлжилтийн эсрэг COP-17 олон улсын хурлын хүрээнд монгол өв соёлыг таниулан сурталчлах томоохон хөтөлбөрүүдийг санаачлан, улсын хэмжээнд хамтран ажиллах зорилтуудаа боловсруулаад явж байгаа.

-“Хөгт хүн” төсөл сүүлийн үед олны анхаарал татаж байна. Хөгжим бясалгалыг монгол өв соёлтой хэрхэн холбож байна вэ?

- 2020 онд “Монгол уламжлалт хөгжим бясалгал” гэсэн шинэ төрлийг эхлүүлсэн. “Хөгт хүн” төсөл нь хөг эгшигтэй буюу эерэг хүний тухай ярьж байгаа юм. Нийгэмд хөгтэй болон хөггүй хоёр төрлийн нэмэх, хасах туйл байдаг. Тиймээс хөгт хүнийг бий болгож, хөггүй хүмүүсийг хөглөх зорилготой хөгжим бясалгалын хөтөлбөр хэрэгжүүлж байна. 2025 онд энэ чиглэлээр томоохон ажлууд хийсэн. Жишээлбэл, Дорноговь аймагт  зохион байгуулсан “Тэнгэрийн хутагт” фестивалийн үеэр энергийн төв буюу Шамбалын оронд “Үлэмжийн чанар” тайзыг засаж, өглөөний нарны мөргөл, эрчим энергийн бясалгал, оройн сар, одны аялгуут хөгжимт бясалгалыг хийсэн. Мөн монгол уламжлалт хэл хуурын музейн үзмэр, өвлөн уламжлагчдын тоглолтыг ч зорин ирсэн хүмүүс хүргэснээрээ онцлог.  Гурван өдрийн турш үргэлжилсэн энэ фестивальд 20 мянган зочин, төлөөлөгч оролцсон.

Харин энэ онд Монголын уламжлалт хөгжимт бясалгалыг олон нийтэд илүү түлхүү таниулах, соёлын хөтөлбөрт оруулах чиглэлээр ажиллаж байна. Богд хааны музейд өглөө бүр уламжлалт хөгжимт бясалгалын хөтөлбөр зохион байгуулж байгаа. 1, 3, 5 дахь өдөр насанд хүрэгчдэд, амралтын өдөр хүүхэд залуучуудад зориулсан арга хэмжээг зохион байгуулж  байна. Мөн сүүлийн үед “Хөгт хүн” төслийн хүрээнд аутизм, даунтай хүүхэд, гэр бүлүүд олон улсаас Монголд ирж хамрагдаж байна. Монголын байгаль, хөгжимт бясалгал нь сэтгэл зүйн өндөр дэмжлэг болж, төлөвшил ч сайнаар нөлөөлж байгаад ам сайтай байгаа. Үүнийгээ дагаад манай улс руу чиглэх  аялал жуулчлалын урсгал ч нэмэгдэж байна гэсэн үг.

-Монгол угсаатны хэл хуурчдын холбоо хэчнээн өвлөн уламжлагчдын нэгтгэсэн бэ?

 -Монгол угсаатны хэл хуурчдын холбоо 2023 оны арваннэгдүгээр сард байгуулагдсан. Одоогоор найман улсад салбараа нээсэн. Монголдоо 21 аймаг, 100 өвлөн уламжлагч, 300 гаруй хэл хуурч, арван хэл хуур судлаач, найман судлаачийг нэгтгэсэн томоохон холбоо болсон. Энэ хүрээнд Монголын уламжлалт хэл хуурын музей байгуулахаар ажиллаж байна. Одоогоор 40 гаруй улсын 200 гаруй хэл хуурыг цуглуулаад байгаа. Үзмэрүүдээрээ хөдөө орон нутагт “Хөгт хүн” нэртэй явуулын үзэсгэлэн гаргаж, хүүхэд залуучуудад өв соёлоо ойртуулах зорилготой ажиллаж байна. Мөн 21 аймагт өвлөн уламжлагчдын өвийг тухайн орон нутагт нь өвлүүлэн түгээх зорилгоор хэл хуурын танхим байгуулж байна. Одоогоор дөрвөн аймаг, зургаан суманд танхим байгуулсан. Сүүлд Төв аймгийн Баянчандмань суманд албан  хэл хуурын танхимаа байгуулж, хүүхэд залуучууд сургалт авч, түүхэн ойн наадмынхаа нээлтэд тоглох зорилготой бэлтгэлээ хийж байна.

 -Өвлөн уламжлагчдыг бэлтгэх, хүүхэд залуучуудад өв соёлоо өвлүүлэх чиглэлээр ямар ажлууд хийж байна вэ?

 -Хэл хуурын соёлын хүрээнд 100 гаруй өвлөн уламжлагч байна. Хамгийн ахмад өвлөн уламжлагч 87 настай, хамгийн залуу нь найман настай.Харамсалтай нь өвлөн уламжлагчид маань өвтэйгөө хамт үгүй болж байгаа учраас энэ ажлыг бодлогын түвшинд анхаарч, өвийг хамгаалах, өвлөн суралцагчдыг бэлтгэх ажлыг хийж байна. Хэл хуурын төрөл бүр өөр өөрийн онцлог татлага, урын сантай. Тиймээс урын санг баяжуулах, таниулан сурталчлах ажилд анхаарч байна. 2025 оны аравдугаар сард Япон улсад зохион байгуулагдсан олон улсын хэл хуурын аравдугаар их наадамд Монгол Улсаа төлөөлөн найман өвлөн уламжлагчийн хамт оролцсон. Нутаг нутгийн онцлог татлага, түүхэн үечлэлийг харуулсан тоглолтоороо өндөр үнэлгээ авсан. Мөн Японы таван хотоор өвлөн уламжлагчидтайгаа тойрон тоглолт хийсэн. Малчны хотноос ирсэн өвлөн уламжлагчид өөрсдийн ахуй, хувцас хэрэглэл, үг хэл, өв соёлоо дэлхийд таниулсан нь маш сайхан үйл явдал болсон.

-Хэл хуурыг хүүхэд хэдэн настайгаасаа эхэлж тоглож сурахад тохиромжтой байдаг вэ?

-Төмөр хуурыг шүд бэхэжсэнээс хойш буюу зургаан наснаас тоглох боломжтой. Харин хулсан, нуман, гуулин зэрэг бусад төрлийн хуурыг хэдэн ч наснаас сурах боломжтой. Сүүлийн үед цэцэрлэгийн багш нарт нуман хуурын арга зүй зааж, хүүхдүүдийг өв соёлоор бүүвэйлэх хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна.

Хэл хуур нь төрөл жанраасаа хамаараад олон төрлийн  аялгуу тоглох боломжтой. Тухайлбал, хулсан хэл хуураар Монголын ардын дууг тоглохоос гадна орчин үеийн классик хөгжмийн аялгууг ч илэрхийлэх боломжтой. Харин төмөр хэл хуурын хувьд илүү өргөн хүрээний жанр, тэр дундаа ардын дуу, жааз, рок зэрэг хэмнэлтэй хөгжмийг хүртэл тоглож болдгоороо онцлогтой. Нуман хэл хуурын хувьд илүү аялгуулаг, төвлөрөл бий болгох байгаль эх дэлхийгээ хайрлах, дотоод сэтгэлийн уянгалаг мэдрэмжийг хөглөхөд тохирсон аялгууг гаргадаг. Хэл хуурын төрөл бүр өөрийн гэсэн өвөрмөц өнгө аяс, онцлогтой байдаг.

-Хэл хуурын хөгжим  үүсэл хөгжлийн талаар ярихгүй юу?

-Хэл хуурын соёлыг авч үзвэл, хулсан хуур, нуман хуур, төмөр хуур, гуулин хуур, ясан хуур гэсэн төрөлтэй. Ясан хэл хуур нь 2500 гаруй жилийн тэртээх Хүннү гүрний үеийн археологийн олдвор. 1989 онд Монгол, Унгарын эрдэмтдийн хамтарсан малтлагаар Төв аймгийн Морин толгойтын хөшөөний булшнаас 12.5 см урттай үхрийн далны ясаар хийсэн ясан хуур олдсон. Энэхүү олдвор одоо Чингис хааны музейд хадгалагдаж байна. Үүнээс үзэхэд, монголчууд хэл хуурыг маш эртнээс тоглож ирсэн бөгөөд дэлхийн хэл хуур хөгжмийн өвөг хөгжим нь ясан хуур гэж судлаачид үздэг. Нуман хэл хуур нь Хүннү гүрний үеэс гаралтай гэж үздэг. Тухайн үед нум сумаар  байлдахаас гадна, дохио зангаа өгдөг байсан нь аажмаар хөгжмийн зэмсэг болсон түүхтэй.

Өнөөдөр нуман хэл хуурыг байгаль дэлхийгээ хайрлах, хур бороо дуудах зэрэг зан үйлд ашигладаг. Төмөр хэл хуур нь Дархадын бөө, тэнгэр шүтлэгтэй холбоотой. Дархад аялгуу, онгод тэнгэртэй холбогдох хөгжмийн зэмсэг гэдгээрээ онцлог. Манжийн үед хулсан хэл хуурыг “Хатдын хөгжим” гэж нэрлэдэг байсан. Ноёдын хатад хоорондоо мэдээлэл солилцох хэрэгсэл болгон ашигладаг байсан тухай аман яриа бий. Монгол хэл хуурын соёл нь түүхэн үечлэл, нүүдэлчин соёлтой салшгүй холбоотой. Энэ хөгжим дэлхийн 160 гаруй улсад тархсан бөгөөд хүн төрөлхтний өв гэж хэлж болно. Бид Монголын уламжлалт хэл хуурын таван төрлийг бусад улсуудтай хавсарч дэлхийн соёлын өвд бүртгүүлэх чиглэлээр олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

 -Таны хувьд “өв соёл” гэж юуг хэлэх вэ. Түүнийг хадгалж, түгээхийн үнэ цэнийн тухайд яривал?

 -Өв соёл бол өвөг дээдсээс бидэнд өвлүүлэн үлдээсэн маш том бэлэг. Түүнийг өвлөж, түгээж, дэлгэрүүлж явах нь бидний үүрэг. Өв соёлоо олон улсад зөв менежменттэйгээр таниулж чадвал их хэмжээний хөрөнгө оруулалт, соёлын аялал жуулчлалыг татах боломжтой.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН 29. БААСАН ГАРАГ. № 103 (7845)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn