Х.ОЮУНБОЛД

 

Үйлчлүүлэгчдийнх нь дунд ОХУ-ын сөрөг хүчний удирдагч Александр Навальный байдаг сэтгүүлч, өмгөөлөгчдийн “Команд 29” байгууллага энэ ням гаригт эрүүгийн хариуцлага хүлээхээс эмээж үйл ажиллагаагаа хойшлуулсан байна. Тус байгууллага телеграммаар дамжуулан хийсэн мэдэгдэлдээ энэ хэцүү шийдвэрийг гаргасан талаар мэдээлжээ. Мэдэгдэлд бидний эсрэг хийх дараагийн алхам бол гишүүд болон дэмжигчдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэж болно гэж бичсэн байна. Өмгөөлөгч, сэтгүүлчдийг нэгтгэсэн энэ байгууллагыг  өнгөрсөн дөрөвдүгээр сард Холбооны аюулгүй байдлын албаныхны баривчилсан өмгөөлөгч Иван Павлов 2014 онд байгуулсан байна. Харин хэдэн долоо хоногийн өмнө ОХУ-ын шүүхээс Александр Навальныйгийн байгуулсан авлигатай тэмцэх байгууллага болон бусад байгууллагыг хэт даврагч бүлэглэл гэж зарлаж, эх оронд нь үйл ажиллагаагаа явуулахыг хоригложээ. Прокурорын газраас “Сөрөг хүчний удирдагч Александр Навальныйгийн байгуулсан төрийн бус байгууллага нь нийгмийн болон ОХУ-ын  улс төрийн тэнцвэртэй байдлыг  алдагдуулах аргыг хайж байна. Түүнээс гадна тэд өнгөт хувьсгал хийх замаар  ОХУ-ын Үндсэн хуулийн дэг журмыг өөрчлөхийг зорьж байна” гэж мэдээлжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.7.20 МЯГМАР № 140 (6617)