Өндөр дүнтэй гүйлгээ Төвбанктай хамт “амарчихдаг” баймааргүй байна

0
хуваалцах
344
үзсэн

Б.ТӨГС

 

Засгийн газраас ажлын нэг өдрийг амралт болгон шийдэж өгснөөр энэ жилийн баяр наадмын амралт ес хоног үргэлжилж өнөөдөр ажил цуглаж байна. Харин энэ хугацаанд таг зогсож, эдийн засгийн урсгалыг багагүй сааруулсан, иргэдийн бухимдлыг хүргэсэн нэг зүйл бол банк хоорондын өндөр дүнтэй гүйлгээ байв. Манай улсын төлбөрийн системийн дагуу гурван сая төгрөгөөс дээш бол өндөр дүнтэйд тооцож банк хоорондын шилжүүлэг зөвхөн ажлын цагт хийгддэг. Өөрөөр хэлбэл, Монголбанкнаас дамждаг энэ үйлчилгээ наадмын амралтаар цуг амарчихсан. Амарч зугаалаад явж байхад нь ч орлого, зарлага нь хийгдэж байдаг, бизнес нь үргэлжилж байдаг цаг үе аль хэдийнэ ирчихсэн шүү дээ. Тэгээд ч нэг гэр бүлийн нэг удаагийн аялалд ч хүрэхгүй гурван сая төгрөг бол өндөр дүн байхаа бас л аль хэдийнэ больчихоод байна. Өнгөрсөн ес хоногийн хугацаанд мөнгөө түгжсэн гацсан харилцагчдын ачаалал өнөөдөр дийлдэхгүй биз. Ямар сайндаа л банк амарчихсан гэсэн чинь гадаад түншүүд нь гайхаад байна гэхэв дээ.

Төлбөр тооцооны системийн үндсэн зорилго нь банк, санхүүгийн салбарт хийгдэж буй төлбөр тооцоог тасралтгүй, найдвартай, шуурхай гүйцэтгэх замаар нийт эдийн засаг дахь мөнгөний эргэлтийг хурдасгах, санхүүгийн тогтвортой байдлыг хангах явдал. Тэгвэл өнөөдрийн байдлаар манай төлбөрийн систем ямар зохицуулалттай хэрэгждэгийг тоймлоё.

Монгол Улсын төлбөр тооцооны систем нь банк хоорондын их дүнтэй “Банксүлжээ” төлбөрийн систем, бага дүнтэй “Автомат клиринг хаус” болон төлбөрийн картын систем гэсэн гурван дэд системээс бүрддэг .

Банк хоорондын их дүнтэй төлбөрийн систем буюу “Банксүлжээ” системээр Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар батлагдсан гурван сая төгрөгөөс дээш дүнтэй гүйлгээ дамждаг бөгөөд тус систем нь гүйлгээг бодит цагийн горимоор дамжуулж байна. Энэ нь ажлын өдрүүдэд 09:10-16:30 цагийн хооронд хийгддэг гүйлгээ.  Харин бага дүнтэй төлбөрийн “Автомат клиринг хаус” системээр оролцогч хоорондын бага дүнтэй гүйлгээ буюу гурван сая төгрөг ба түүнээс доош дүнтэй гүйлгээ дамждаг бөгөөд тус систем нь гүйлгээг бодит цагийн горимд, 24/7 зарчмаар тасралтгүй дамжуулах, эсвэл багц болгож тодорхой давтамжийн дагуу дамжуулах сонголтыг оролцогч нарт олгодог. Энэ систем нь оролцогч хооронд тухайн өдөрт хийгдсэн гүйлгээний өглөг ба авлагын дүнг харилцан суутгаж цэвэршүүлэн үр дүнг тооцох буюу клиринг хийж, тухайн ажлын өдөрт “Банксүлжээ” системд дамжуулах зарчмаар оролцогчдын дансанд үр дүнг тусгадаг.

Тэгвэл төлбөрийн картын систем нь Монгол Улсад төлбөрийн үйлчилгээ эрхлэгч байгууллага хоорондын картын гүйлгээг дамжуулж, клиринг хийдэг бөгөөд тухайн өдөрт оролцогч хооронд хийгдсэн картын гүйлгээгээр үүсэн өглөг ба авлагын дүнг харилцан суутгах зарчмаар цэвэршүүлж, үр дүнг дараагийн ажлын өдөр “Банксүлжээ” системд дамжуулж, оролцогчдын дансанд тусгадаг байна. Төлбөрийн картын системд шууд оролцогчийн клирингийн үйл ажиллагааг Үндэсний цахим гүйлгээний төв, шууд бус оролцогчийн клирингийн үйл ажиллагааг Худалдаа хөгжлийн банк хариуцан гүйцэтгэдэг.

Түүх сөхвөл, бид 1995 онд төлбөрийн хэрэгслийг, харин 1996 онд банк хоорондын төлбөр тооцоог зохион байгуулах Монголбанкны эрх хуульчлагдсан. 2009 онд төлбөрийн картын нэгдсэн сүлжээг байгуулж, тухайн ондоо их дүнтэй төлбөрийн “Банксүлжээ” системийг нэвтрүүлсэн. Энэ нь өнөөдрийн гурван сая төгрөгөөс дээш банк хоорондын гүйлгээг зохицуулж байгаа систем. 2014 онд бага дүнтэй төлбөрийн систем 24/7 буюу бодит цагийн горимд шилжсэн. 2016 онд банк хоорондын интернэт худалдааг нэвтрүүлсэн бол 2017 онд Үндэсний төлбөрийн системийн тухай хууль батлагдсан. 2018 онд цахим мөнгөний зөвшөөрлийг олгосон зэргээр түүхэн хөгжил нь хөвөрнө. Түүхэн хөгжлийн хувьд манай улсын төлбөр тооцооны зохицуулалтууд мэндэлсэн оноороо харьцангуй залуу гэж хэлж болно, мөн шинэ шинэ зохицуулалт, төлбөрийн хэрэгслийг цаг үедээ тааруулан нэвтрүүлсээр ирсэн. Гэвч гуравхан сая төгрөг шилжүүлж чадахгүй ес хоног хүлээж байгаа энэ жишээ бол бид дэлхийн ертөнцийн хурдтай харьцуулахад өөрсдийгөө яст мэлхийтэй зүйрлэж болохуйц байгааг харуулж байгаа хэрэг юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.7.19 ДАВАА № 139 (6616)