Ч.Цэдэнбалжир: Төрийн ордны өргөтгөлийг 600 хүн хоёр жилийн дотор л барьсан

0
хуваалцах
144
үзсэн

С.УЯНГА

 

Инженер хүний уран ухаан, ур чадварын манлайллаар Монгол Улсын өнцөг булан бүрт 40 гаруй жил бүтээн байгуулалт сүндэрлүүлсэн Монгол Улсын зөвлөх инженер Ч.Цэдэнбалжирыг “Зууны мэдээ” сонин “Төрийн хишигтэн” буландаа онцоллоо. Тэрээр хичээл зүтгэл, нөр их хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж  энгэртээ гавьяатын тэмдэг гялалзуулаад удаагүй байна. Хаана, хэнд ч “Би барилгачин” гэж нүүр бардам хэлж, ажил мэргэжлийнхээ нэр хүндийг өндөрт өргөж яваа шинэхэн гавьяаттай ярилцлаа.

 

-Юуны өмнө төрийн шагнал хүртэх торгон мөчид юу бодогдож зогссон бол.  40 гаруй жилийн хөдөлмөр, зүтгэлийг тань үнэллээ шүү дээ? 

- Миний хөдөлмөрийг зүй ёсоор үнэллээ гэж бодож зогссон. Амьдралын урт замд бишгүй л юмыг бодож тунгаалаа. Гэхдээ надад дахиад нөөц байгаа гэж бодож байлаа.

Миний бага залуу нас Баянхонгор аймгийн Бууцагаан суманд өнгөрсөн. Нутагтаа  арван жилээ төгсөөд 1971 онд Улаанбаатарыг зорьж, МУИС-д таван жил сураад 1976 онд төгссөнөөс хойш өдийг хүртэл барилга барьж байна даа.

Би барилгын инженер мэргэжилтэй. Гэхдээ барилгачин гэж хэлэх их дуртай. Өөр тодотгол хэлдэггүй. Тэр ч утгаараа энэ салбарын нэр хүндийг өндөрт өргөж явах үүрэгтэй гэж боддог. Ер нь ямар ч ажилд сэтгэлээ зориулж, зүтгэл гаргаж байж үр дүн гарна. Бас тасралтгүй суралцаж байх учиртай. Барилгачин хүн дандаа бүтээж явдаг, олон жилийн настай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг онцлогтой. Мэдээж амаргүй. Халж хөрнө. Бэрхшээл дундуур явна. Аливаад зүтгэж чадсан хүн л зорилгоо биелүүлж, амжилтад хүрч чадна.

Манай төгсөлтөөс Батлан хамгаалах яаманд гурвуулаа хуваарилагдсаны нэг нь би. Цэргийн алба хаагаагүй, цэргийн амьдрал огт мэдэхгүй л Барилгын цэргийн ерөнхий газраас Сонгинын 021 дүгээр анги руу томилолт өвөртөлсөн.Миний анхны барилга  Болгарын Элчин сайдын яам байлаа. Тухайн үед болгарууд байсан ч Монгол инженерүүд удирдсан. Мөн одоогийн МУЗН буюу Анагаах ухааны хүрээлэнг барьж ажлын гараагаа эхэлсэн хэрэг. Дундуур нь төрийн захиргаанд зурвасхан ажилласан ч ихэнх он жилүүд барилгын үйлдвэрлэл дээр өнгөрч байна даа. Аймаг, сум, Улаанбаатар олон ч барилга барьсан.

-Энд тэнд бараг өрсөн тоосго болгон л барилгын цэрэгтэй холбогддог юм билээ. Тоолбол нэлээн тоо гарах байх даа?

-1936 онд суурь нь тавигдсан барилгын цэрэг гэж “айл” бий. 1964 онд Барилгын цэргийн ерөнхий газар байгуулагдаж Дархан, Сэлэнгийн барилгуудыг барьсан. Их том хүч л дээ. Өнгөрсөн хавар 85 жилийн ой нь боллоо. Барилгын цэргийн бариагүй барилга Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байхгүй. Хилийн хамгийн төвөгтэй, алслагдсан газруудад хүртэл барилгын цэрэг очсон. Судлаачдын тооцсоноор 6500 гаруй барилга, байгууламжийг барьсан гэсэн тоо бий. Чухам яаж тоолсныг нь мэдэхгүй. Ер нь барилгыг яаж тоолохоос шалтгаална. Нэг газар хоёр барилга барьчихаад хоёр гэж тоолж ч болно. Эсвэл цогцолбороор нь нэг гэж тоолдог ч бий. Миний бодож байгаагаар бол 6500 гэдэг тоо бол цогцолбороор нь тоолсон юм болов уу гэж таамаглаж байна.

- Тэгвэл таны гар бие оролцсон нь хэдүй хэр бол. Лав Монголын анхны өндөр барилгуудын нэг Bluesky таны гараар бүтсэн юм билээ?

-Би анх талбайн техникээс эхлээд талбайн инженер, хяналтын болон зөвлөх инженер ч хийлээ. Ерөнхий инженер бол барилгын үйлдвэрлэл дээр ажиллаж байсан цаг хугацаандаа хамгийн их хашсан албан тушаал. 46 жил барилгын салбарт ажиллаж байгаагийн 35-д нь барилгын үйлдвэрлэл дээр ажилласан байна.

Тоосго өрж, материал зөөхөөс эхлээд инженер, ажилчид гээд их олон хүний гар, сэтгэл нийлж барилга бүтдэг. Нэг барилгын зурагт зургаан хэсэг инженерийн баг орох жишээтэй. Хэдэн зуун хүний гар, сэтгэл, зүтгэлээр барилга босно. Тэр дундаа талбайн инженер хүний зүтгэл хамгийн их. Зохион байгуулалт, техникийн ажлыг инженер шийддэг. Тэр олон зургийг нэгтгэх ажлыг талбайн инженер, ерөнхий инженер хүч хавсарч хийнэ дээ.

Надаас хүмүүс тоо асуугаад байдаг юм. Улаанбаатарт олныг барьсан. Өмнөговь, Багануур, Дархан, Сайншанд, Завханд ч нэлээн барилга барьсан. Засваруудыг бол бараг тооцдоггүй дээ. Сүүлд 2002 онд ордонд орж ирээд урсгал засварууд нэлээн хийсэн. Bluesky-ийг 2007 оноос эхлээд хэдэн жил барьсан. Мөн Моннис зэрэг олон давхар офиссын барилга, бүрэн тохижилттой орон сууцны арав гаруй давхар цогцолбор хорооллууд нэлээн хэд бий. Аль ч цаг үед барилгын хамгийн том  саатал бол санхүү. Хэчнээн сайхан төлөвлөөд ч санхүү саатах юм бол ажил урагшлахгүй. Сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулагчид олшрохын хэрээр санхүү саатаж байна. Сүүлд Батлан хамгаалах яамны урд талын нисэх эскадрил хөшөөг 20 хоногт барьсан. Барилгын ажлыг өдрөөр төлөвлөсөн бол хөшөөн дээр цагаар төлөвлөсөн. Бороо шиврэхэд л барилгачин хүн унтаж чаддаггүй. Нойр авах гээд хэвтэхээр бороо шиврэнгүүт л сэрээд шууд гарахаас аргагүй. 10 минутын бороонд хэдэн зуун сая төгрөг урсах эрсдэлтэй.

-Таниас онцолж асуух бас нэг зүйл бол 40 гаруй жилийн өмнө баригдсан Төрийн ордны өргөтгөл. Тухайн үед барилгын ажил хэрхэн явагдаж байсан бэ?

-Сонгинын 021 дүгээр ангид гурван жил ажиллаж байтал Засгийн газрын байрны хоёрдугаар өргөтгөлийн барилга барих ажил Намын төв хороо, Сайд нарын зөвлөл дээр яригдаж, барилгын цэргээр бариулах шийдвэр гаргасан. Тухайн үед барилгын цэрэг хамгийн хүнд, хэцүүг хийдэг төрийн гартаа барьдаг гол хүч байсан. Ерөөсөө л тушаалаар гүйцэтгэдэг учраас хойшлуулж, цалгардуулах эрх байхгүй. Тухайн үед Засгийн газрын өргөтгөлийг барихад талбайн ерөнхий инженерээр намайг томилсон.

Төрийн ордны арын хэсэг л дээ. Барилгын хувьд нэлээн онцлогтой. Нэгдүгээрт, 1970-1980 оны үед барилгыг хугацаатай төлөвлөдөг ч материал хангамжаас эхлээд ихэвчлэн хугацаандаа ашиглалтад орж чаддаггүй байлаа. Харин Засгийн газрын ордны өргөтгөл дээр ямар ч саатал гараагүй. Улсын хэмжээний онц чухал обьект гэдэг утгаараа хангамж ер тасраагүй. Бүх шатандаа онцгой анхаарсан. Шаардлагатай бүхнийг хаана байгаа газраас нь хэзээ ч хамаагүй татаж авчирна. Дарханаас юм захилаа гэхэд өглөө үүрээр авчирчихсан байна. Энэ бүхнийг инженерийн ухаанаар зохицуулна шүү дээ. Инженер буруу удирдвал аваар гологдол үйлдвэрлэж, аваар осол гарахаас эхлээд хугацаа сунжирна. 

Хоёрдугаарт, энэ барилга дээр төр давчуу шийдвэр гаргасан. Үндсэндээ 1978 онд шийдвэр гаргаж барьж эхлэхэд зургийн ажил дуусаагүй. Барилгын зураг боловсруулах, барилга угсралтын ажил зэрэг явагдсан онцлогтой. Мөн зүгээр нэг газар дээр ухаад барьчихаагүй юм. Хуучин барилгын шугам сүлжээнүүд орсон, шинээр төлөвлөсөн барилга хуучин барилгын сууринаас доош суусан, устай байсан гээд нарийн ажиллагаа их байсан. Бидэнд тавигдаж байсан бас нэг хатуу шаардлага нь Засгийн газрын ордны үйл ажиллагаанд жаахан ч саад учруулж болохгүй. Барилга барихдаа дураараа тонгочихгүй. Тухайлбал, жаахан чимээ гаргангуут цонхоороо орилоод “Зогсоо, хуралтай байна” гээд л болоо. Бид шууд зогсохоос аргагүй. Ийм нөхцөлд хэрхэн зохион байгуулж тогтоосон хугацаанд ашиглалтад  оруулах вэ гэдэгт хамаг анхаарлаа хандуулсан. Залуу ч байсан. Амралт, ар гэрээ бодох сөхөө байгаагүй.

-Ер нь хэр их хүчээр барьсан бэ. Шахуу хугацаанд олон зуун хүнийг зохион байгуулах амаргүй байсан байх?

Тухайн үед 110 өрөө тасалгаа, хэд хэдэн заалтай төлөвлөсөн. Тэр жил манай сансарын нисгэгч ниссэн учраас “Сансар” заал нэмж барьсан. Нэг өдөрт 400 гаруй хүн зэрэг ажиллаж байсан үе бий. Миний санаж байгаагаар бол 600 гаруй хүн ажилласан гэж баримжаалаад байгаа. Үндсэндээ 1979 оны зургадугаар сард эхлээд 1981 оны аравдугаар сард бүрэн хэмжээгээр дууссан. Хуучин шинэ барилга холбогдсон, барих явцад зориулалтыг өөрчлөх зэргээр нэмэгдсэн зүйл их бий. Тухайн үед Ардын хувьсгалын 60 жилийн ой, МАХН-ын 18 дугаар их хурлын өмнө барилгыг ашиглалтад оруулах ёстой гэсэн хатуу даалгавартай ажилласан. Монгол Улс ардын хувьсгалын ой, намын их хурлаа товлосон өдрөө л хийнэ. Тиймээс нэг ч өдөр ухрах эрх байхгүйг хатуу анхааруулсан учраас амрах, суух өвдөх ч эрхгүй ажилласан. Нэг ч өдөр амарч, цалгардаагүй. Нэг ёсондоо Төрийн ордны өргөтгөлийг бараг 4-5 жилийн хугацаанд барих ажлыг хоёр жилд хийсэн. Бид дэндүү хурдтай ажилласан. Нөгөө талаас засаг төрийн ордон барина гэдэг хариуцлагатай, нэр төрийн хэрэг байсан шүү. 

Ер нь барилгыг тасралтгүй явуулахын тулд яаж төлөвлөх вэ гэдэг л чухал. Барилгыг богино хугацаанд барья, хөрөнгө оруулалтын үр шимээ дээшлүүлье гэж байгаа бол төлөвлө гэж хамтран ажилладаг хүмүүстээ хэлдэг. Өвлийн хүйтэнд угсралт хийгээд зогсч болохгүй. Янз бүрийн саад бэрхшээлийг  тооцож чаддаг байх ёстой. Түүнээс ашиг хонжоо хайсан явцуу бодолд хөтлөгдөх юм бол хэдэн жил ч үргэлжилнэ.

Хүйтний эрчээс хамаараад хөрсний хөлдөлт өөр. Гэхдээ ямар ч үед тавдугаар сар гэхэд хөрс гэсчихдэг. Түүнээс эртхэн эхэлье гээд гурав, дөрөвдүгээр сард барилгаа эхэлбэл ямар ч ашиггүй хөлдүү хөрстэй зууралдана гэсэн үг. Боловсон хүчин, зөвшөөрөл, хөрөнгөнөөс эхлээд бэлтгэл ажил маш сайн хангасан байх ёстой. Нийслэлд долоо, наймдугаар сард бороошдог. Тэр цаг хугацааг яаж ашиглах вэ гэдгээ төлөвлөх гээд цаг уурын мэдээг орой болгон үзнэ. Үндсэндээ аравдугаар сар гэхэд гаднах ажил зогсоно л гэж тооцно.

-Сүүлийн үед барилгын чанар муудсаныг мэргэжлийн хүний хувьд хэрхэн харж дүгнэж байна вэ?

-Боловсон хүчин, инженерүүдийн бэлтгэл маш муу байна. Бүр маш муу шүү. Зах зээлд шилжсэнээс хойш сургуулиуд мөнгө хөөгөөд дипломыг худалддаг боллоо. Арай гайгүй гэж болох сургуулиуд бий л дээ. Бас хүүхдээсээ их шалтгаална. Дахиж боловсруулж бэлтгэхгүй бол тун тааруу хүүхдүүд ирдэг. Бидний үед бүтэн таван жил өдрийн найман цагийн лекценд суудаг байлаа. Ингэж л бэлтгэгдсэн.

Муу инженертэй бол чанаргүй барилга босно. Материалаа хүлээж авч, технологио хариуцахаас эхлээд өдөр тутмын ажлыг инженер удирддаг. Чанаргүй барилгыг хүлээж авахгүй байх эрх нь инженерт бий. Талбай дээр зогсохын тулд жинхэнэ инженер болсон байх хэрэгтэй. Үүнээс гадна барилгын чанарт нөлөөлж байгаа нэг зүйл бол хөрөнгө оруулагчдыг зоосны нүхээр хардаг харалган үзэл. Социализмын үед инженерүүд сайн байсан учраас ажилчид удирдлага дор нь ажилладаг байсан. Гэтэл одоо энэ байр суурь эргэсэн. Ажилчид баг болж маш сайн бэлтгэгдсэн бол нөгөө талд инженерүүд гологдож байна. Инженер хүнд этик гэж байх ёстой.  Барилга дээр осол гарч байна гэдэг аюулгүй байдлыг хангах хөрөнгө гаргаж өгөхгүй л байна гэсэн үг. Ажилчдын ёсзүй, хариуцлага ч үүнтэй холбоотой. Ажилчин хүн эрүүл мэнд амь насныхаа төлөө санаа зовних ёстой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.6.18 БААСАН № 122 (6599)