Х.ОЮУНБОЛД

 

АНУ, Европын холбоо хооронд өрнөсөн худалдааны маргаан 17 жилийн дараа тохиролцоонд хүрснээр эцэслэсэн байна. Энэ нь Дэлхийн худалдааны байгууллагын түүхэн дэх хамгийн удаан үргэлжилсэн “Бойнг” болон “Айрбус”  нисэх онгоц үйлдвэрлэгч компаниудад татаас олгосон тухай худалдааны маргаан байсан.  Маргалдагч талууд нэгнээ харилцан энэ хоёр авиа компанийг татварын хөнгөлөлт эдэлсэн гэж буруутгажээ. Вашингтон, Брюссель хоёулаа хууль бус гэж үзсэнээр бусад бүтээгдэхүүнд харилцан татвар ногдуулаад байсан юм. Харин одоо тохиролцоонд хүрч гэрээ байгуулснаар талууд  таван жилээр энэ татварыг хойшлуулахаар тохиролцжээ. Учир нь дарс, бяслаг, оливийн тос гэсэн олон бүтээгдэхүүн болон тракторт ногдуулсан хураамж нийт 115 тэрбум ам долларт хүрсэн аж. Тиймээс өнгөрсөн гуравдугаар сард болсон АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден, Европын холбооны тэргүүнүүдийн хийсэн дээд хэмжээний уулзалтын үеэр байгуулсан эхний гэрээний хугацааг илүү сайн шийдвэр гаргана гэж найдаж ирэх сарын 11 хүртэл хойшлуулж сунгасан байна. Харин Европын комиссын тэргүүн Урсула фон дер Лейен “ Гэрээ байгуулснаар бид одоо  талуудын харилцаанд шинэ бүлэг нээж байна. Учир нь бид бараг 20 жил маргалдахаа больж агаарын тээвэр, нисэхийн салбар хамтран ажиллахаар болж байна.  Бараг 20 жил үргэлжилсэн маргаан нь Дэлхийн худалдааны байгууллагын түүхэн дэх хамгийн удаан үргэлжилсэн худалдааны маргаан юм” гэж хэвлэлийн хурлын үеэр онцолжээ.  Энэ талаар ерөнхийлөгч Жо Байден АНУ-ын гадаад бодлогод баримтлах чиглэлүүд нь  ерөнхийлөгч асан Доналд Трампаас өөр болохыг мэдэгдсэн байна. Ялангуяа,  Европын холбоотой тогтоосон харилцааг тодорхойлсон гэрээний дагуу ажиллана гэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.6.17 ПҮРЭВ № 121 (6598)