Б.ДОЛЖИНЖАВ

 

Тэнгэр бүрхэг, бороо орж байсан ч Сүхбаатарын талбайг зорих хүмүүсийн цуваа үл тасарсан гурван өдөр дууслаа. Бороо ч уншигчдын хайртай зохиолчтойгоо уулзаж, гарын үсэг зуруулан номыг нь авах гэсэн хүслийн “гал”-ыг унтрааж чадсангүй.  Энэ бол “Илүү их уншъя” уриатайгаар зохион байгуулсан 29 дэх удаагийн Үндэсний их  номын баярын бодит зураглал. Жил бүр 100 гаруй хэвлэн нийтлэгч компани, 80 орчим номын худалдаа эрхлэгч, 300 гаруй зохиолч, орчуулагч, редактор, зураач, эх зохиогч, номын санч, 50 мянга гаруй уншигч оролцдог энэ баяр энэ сарын 11-13-нд болов.

 

“Шинэ үеийн номын сан” цуврал 19 боть боллоо

Номыг шимтэгч уншигчид тухайн жилдээ шинээр гарсан цоо шинэ ертөнц, шинэ мэдрэмжийг бэлэглэх уран бүтээлүүдийг  авахаар  номын баярыг зорьдог нь бичигдээгүй нэгэн “хууль” билээ. Энэ удаагийн номын баяраар олны анхаарлыг тэр дундаа аливаа зүйлийн мөн чанарыг олохын төлөөх халуун хүсэлд хөтлөгдсөн залуусын сэтгэлийг догдлуулсан үйл явдал тохиосон нь  философи-уран сайхны сэтгэлгээний “Шинэ үеийн номын сан” хэмээх цувралыг 19 боть болгосны нээлтийн ёслол байв. Энэ цувралыг санаачлан хэвлүүлэгч нь Гүн овгийн Г.Аюурзана. Орчин үеийн Монголын утга зохиолын салбарын томоохон содон төлөөлөгч билээ. Энэ тухай яруу найрагч Б.Батзаяа “Их сургуулийн нэгдүгээр ангийн оюутан байхад уран чадварын Гомбожав багш “2х2=6 буюу Суут жаран сэтгэгч” гэсэн үсэг тоо холилдсон хачин чамин нэртэй хар ном өгөөд “Энэ амралтын өдрүүдээр наадхаа уншчихаад ирэх нэгдэхэд ирж дүнгээ гарга.Одоо чамайг асуух гэхээр өрөвдөөд, авах дүнд чинь харамсаад байна” гэж билээ. Тэр хар номыг уншаад гэрээсээ гараагүй, нэг дэх өдөр болоход хичээлдээ ч очоогүй. Ахиж сургуульд явмааргүй санагдсан юмдаг. Тэгж анх 2001 онд “Шинэ үеийн номын сан” цувралтай танилцаж байлаа. Дараа нь “Дурлалгүй ертөнцийн блюз” нэртэй номыг нь олж авсан, миний хамгийн хайртай-миний хувьд хамгийн ахмад номуудын нэг. Эсээнүүдэд нь их дуртай. Аюур ахын хар цувралууд миний өмнө цоо шинэ хүсэл мөрөөпөл, итгэл үнэмшлийг нээж өгсөн. Ганц миний  ч биш ная, ерээд оны хооронд төрсөн залуу үеийн-шинэ үеийн, нэгэн арваны оюун санаанд хийсэн том хөрөнгө оруулалт, соён гэгээрлийн том үйл хэрэг байсан гэж бид боддог. Г.Аюурзана бол гучин жил тасралтгүй зохиол бүтээлээ туурвиж яваа, яах аргагүй энэ цаг үеийн үлгэр болсон, бид бүхний хайрлан хүндэлж явдаг уран бүтээлч, соён гэгээрүүлэгч билээ” хэмээв.

Г.Аюурзанын шинэ үеийнхний оюунд хийсэн үнэлж баршгүй их хөрөнгө оруулалт, залуу үеийхний өмнө нээсэн цоо шинэ ертөнцийн буухиа одоо ч үргэлжилсээр л байгааг шинэ цувралын нээлтэд оролцогсдын  ихэнх хувь нь 20 гаруй насны залуучууд байсан нь нотоллоо. Нээлтийн үеэр зохиолч, яруу найрагч, Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Аюурзана “Шинэ үеийн номын сан” цувралын анхны  ном гарсны дараа уншигчид нь дандаа залуучууд болсон нь цувралыг өргөжүүлэх гол сэдэл болсон. Би өөрөө бичсэнээс гадна орчуулгын хэд хэдэн ном байгаа ч миний хувьд энэ цувралыг хэвлүүлсэн нь бахархалтай байдаг. 2000 оноос хойш 20 жил өнгөрсөн байна. 20 жил гэдэг дахин хоёр үе өөрчлөгдөөд хоёр үеэр хүмүүс шинэчлэгдэх хугацаа юм. Энэ үеийнхний зарим нь 15-аас дээш настай, хар номыг уншиж амжаагүй, олдсон нэг нь олон хүн дамжчихсан навсайсан ном байгаа болов уу. Тиймээс дахин баяжуулаад 19 боть болгоод “Альфа” номын дэлгүүрийнхэн гаргаж байгаа нь цаг үеэ оллоо. Голын ус урсах тусмаа шинэчлэгдэж байдаг шиг үе хойшлох тусмаа өөрчлөгдөж байдаг. Тиймээс тэдний сэтгэл санаанд таарсан өөр шинэ агуулгатай илүү баяжуулсан хэлбэрээр нь гаргах нь зөв юм байна гэж бодсон. Мөн  “Шинэ үеийн номын сан” гэсэн нэрэнд нь тохирохуйц байдлаар өвөрмөц дизайнтай хэвлэсэн нь номын соёлд гарч байгаа шинэлэг нэгэн дүр зураг юм” гэж ярилаа.

Дараагийн бидний зорьсон асар бол “Тагтаа паблишинг” байв. Мөн л залуу үеийнхэн олноороо цугларчээ. Гадаадын алдартай зохиолчдын бүтээлийг эх хэлнээ уран яруугаар орчуулан хүргэдэгээрээ “Тагтаа паблишинг” хэдийнэ танил болсон. Түүнчлэн “Тагтаа”-гийн уншигчдыг хамгийн тулхтай, оюунлаг хэмээн тодотгох нь ч бий. Хөл хориотой хэдий ч “Тагтаагийнхан” Нобелийн шагналт зохиолч Мө Янь “Мэлхий”, Английн зохиолч Жулиан Барнс “Төгсгөлийн мэдрэмж” гэсэн хоёр содон романыг шинээр хэвлүүлэн гаргажээ. Мөн тус  хэвлэлийн газрын ерөнхий редактор, яруу найрагч Ц.Дэлгэрмаа “Баавгай нэртэй шувуу Бархас охин хоёрын түүх” хүүхдийн бэсрэг туужаа хэвлүүлсэн нь эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ очих нэгэн томоохон шалтгаан болсон юм.

 

“Нараа, Кавабата Ясүнари агуу шүү. “Мянган тогоруу”-г нэг орчуулчихвал сайн сан”

Уншигчдын анхаарлыг татаж, олноороо цугларч байсан өөр нэгэн асарт очвоос Монголын үгийн урлагийн нэрт төлөөлөгя, зохиолч С.Дашдооровын бүтээлүүд тэр дундаа саяхан шинээр хэвлүүлсэн “Амин хууч” ном, Нобелийн шагналт зохиолч Кавабата Ясүнаригийн “Мянган тогоруу” гэсэн романыг дэлгэн тавьжээ. “Мянган тогоруу” хэмээх Японы соёлын тухай номыг Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч Д.Батбаярын гэгээн дурсгалд зориулан орчуулжээ. Энэ тухай орчуулагч, “Шинэ Монгол” сургуулийн захирал асан П.Наранбаяр “Д.Батбаяр гуай нэгэнтээ “Нараа, Кавабата Ясүнари агуу шүү. “Мянган тогоруу”-г нэг орчуулчихвал сайн сан” гэж хэлсэн нь одоо ч сэтгэлд тод үлджээ. Нобелийн шагналт зохиолчийн бүтээл болохоор эхлээд зүрх хүрсэнгүй. “Барахгүй нь” гээд хав дарчихлаа. Хийх хүсэлгүй болохоороо хүчилдэггүй араншиндаа дийлдсэн хэрэг. Гэтэл 2020 он гараад л  Д.Батбаяр багшийн бие муудан, хавар нь бурхан болов.”Дуртай зохиолыг нь амьд ахуйд нь орчуулж өгч чадсангүй дээ” гэж бодох тусам харуусал төрнө.  Кавабатагийн үг хэл амьд. Басхүү уншигчдад сайн мууг тулгадаггүй. Энэ бол жинхэнэ утга зохиолын онцлог байж мэднэ. Ер нь дорно дахины цаг улирлын зохицол, өөрчлөлтийг нарийн мэдэрч, түүнийгээ өдөр тутмын амьдрал ахуй, ажил хөдөлмөр, дэг ёс, соёл урлаг, уран бүтээл, бэлгэдэлдээ нэвт шингээдэг. Байгальтайгаа ойр ард түмний ухаан ийм аж” гэв. Монголын үгийн урлагийн нэрт төлөөлөгч, зохиолч С.Дашдооровын  мэндэлсний 85 насны ой энэ жил тохиож байна.   Тиймээс  түүний “Элдэв учрал” хэмээх  өөртөө болон үе үеийн танил дотно нөхдөд тохиож учирсан түүхүүдийг дурсамж, тэмдэглэл, намтар, хөргөөр урлан өгүүлсэн дурсамж, хууч яриаг баяжуулан “Амин хууч” нэрээр дахин хэвлүүлжээ.

Номын баярт цахим номын хэд хэдэн асар байсан нь Монгол Улс дэлхийтэй хөл нийлүүлэн алхаж яваагийн тод илрэл байв. Түүнчлэн залуучуудаа шүүмжлэх бус  шинэ үеийн залуучуудаараа бахархах цаг үе ирснийг энэ удаагийн номын баяр нотлон харууллаа.Нээлтэд оролцсон Ардын уран зохиолч Тангадын Галсан гуайн “Өнөөдөр номын баярт ирээд, ном худалдаж аваад буцаж байгаа залуучууд бол маргаашийн Монголын төрийн тэргүүн, гэгээн мэргэд, Хөдөлмөрийн сайччуул, аз жаргалын элч болно хэмээн бэлгэшээж байнаа. Хорвоо хоёр нартай. Нэг нар нь тэнгэрийнх, нөгөөдөх нь хүний бүтээсэн нар. Тэнгэрийн нар дэлхийг гаднаас нь ээж гэрэлтүүлдэг бол хүний бүтээсэн нар буюу ном хүнийг тархи зүрхнээс нь буюу дотроос нь дулаацуулж, гэрэлтүүлж байдаг. Хоёр нарны доор миний монгол мөнх орших болтугай. Номын цагаан буян ашид дэлгэрэх болтугай” гэсэн ерөөлөөр бичвэрээ дуусгая.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.6.14 ДАВАА № 118 (6595)