Б.ДОЛЖИН

Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Унгар улсын Будапешт хотод үргэлжилж байна. Манай улсын тамирчдаас өчигдөр эмэгтэйчүүдийн -52 кг-ийн жинд залуучуудын дэлхийн аварга, ОУХМ Л.Сосорбарам, ОУХМ Б.Хорлоодой нар барилдсан. Харин эрэгтэйчүүдийн -66 кг-д ОУХМ Ё.Басхүү, ОУХМ Г.Хэрлэн нар зодоглов. 

Тэмцээний хоёр дахь өдөр дээрх тамирчдаас -66 кг-ийн жинд барилдсан Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат, Хил хамгаалах ерөнхий газрын "Хилчин" спорт хороо , "Жем" интернэшнл компанийн бөх ОУХМ Ёндонпэрэнлэйн Басхүү дэлхийн аваргын хүрэл медаль хүртлээ. Энэ нь түүний дэлхийн аваргаас хүртэж буй анхны медаль юм. 

Харин эмэгтэйчүүдийн -52 кг-д барилдсан Л.Сосорбарам дэлхийн аварга шалгаруулах тэмцээний долдугаар байрт шалгарлаа. 2021 оны жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хоёр дахь өдрийн дараах байдлаар Монголын баг тамирчид хоёр хүрэл, хоёр шагналт долдугаар байр гэсэн амжилтаар 118 орноос зургадугаар байрт жагсаж байна.           

Эх сурвалж:www.polit.mn