Б.ДОЛЖИНЖАВ

 

Дэлхийн аж үйлдвэржсэн гүрнүүдийн Их-7 бүлэг үндэстэн дамнасан технологийн аварга компаниудаас хамгийн багадаа 15 хувийн татвар авахаар бямба гарагт санал нэгджээ. Лондон хотод хоёр өдөр үргэлжилсэн хурлыг даргалсан Их Британийн Сангийн сайд Риши Сунак “Олон жилийн турш хэлэлцсэний эцэст Их-7-гийн Сангийн сайд нар дижитал эрин үед нийцсэн дэлхий дахины татварын систем бий болгох түүхэн тохиролцоонд хүрлээ. Зөв цаг үедээ, зөв компаниудаас зөв татвар авах нь шударга зүйл юм” гэж мэдэгдсэн байна. Ингэснээр Facebook, Google, Amazon, Apple зэрэг технологийн аварга компаниуд интернэтээр үйлчилгээ үзүүлж буй улс орон бүртээ  хамгийн багадаа 15 хувийн татвар төлөх нөхцөл бүрдэж байгаа юм.

АНУ-ын Сангийн нарийн бичгийн дарга Жанет Иеллен “Энэ тохиролцоо  нь  дэлхийн хамгийн баян эдийн засагтай орнуудын технологийн толгой компаниуд гадаадад ашгаа шилжүүлэн татвараа төлөхөөс зайлсхийхээс урьдчилан сэргийлсэн урьд өмнө байгаагүй чухал үүрэг амлалт юм. Их-7-гийн Сангийн сайдууд технологийн аварга компаниудыг  хамгийн багадаа 15 хувийн татвар төлөх нөхцлөөр хангасан нь мөн урьд өмнө байгаагүй онцгой үйл явдал юм. Ингэснээр дэлхийн эргэн тойрон болон АНУ-д ажиллаж байгаа дунд ангийнхан болон ажиллах хүчин ижил тэгш татвар төлөх боломж бүрдлээ. Татварыг нэмсэнээр бизнесийн салбарынхны урам зориг сэргэж, өрсөлдөөн нэмэгдэж, ажиллах хүчнээ чадваржуулах болон дадлагажуулахад анхаарч, дэд бүтцийн хөгжил болон судалгаанд оруулах хөрөнгө оруулалт нэмэгдэнэ” гэж ярьжээ.

Энэ удаагийн саналыг АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены Засаг захиргаа гаргаж, бусад гүрнүүд дэмжсэн байна. Герман, Франц улсууд АНУ-ын саналыг талархан хүлээн авчээ. Гэхдээ Францын сангийн сайд Бруно Ле Мэйр 15 хувийг “дөнгөж эхлэл” гэж үзээд илүү өндөр татвар авдаг болохын төлөө тэмцэхээ мэдэгдсэн юм. Германы сангийн сайд Олаф Шолц “Энэ бол дэлхийн татварын ертөнцөд муу мэдээ. Компаниуд цаашдаа бага татвартай улс орнуудад орлогоо тайлагнаж, өндөр татвараас зайлсхийх боломжгүй болно ”гэж мэдэгджээ. Технологийн аварга компаниудаасаа Европтоо хамгийн бага буюу 12.5 хувийн татвар татдаг Ирланд улсын Сангийн сайд Паскал Донахю “Татварын ямар ч тохиролцоо том, жижиг бүх улс орнуудын хэрэгцээ шаардлагад нийцэж байх ёстой” гэж твиттер хуудсандаа мэдэгдсэн байна. Татварын таатай нөхцөлтэй тул АНУ-ын технологийн топ 10 компанийн  ес нь Европ тивийг хариуцсан оффисоо Ирланд улсад байгуулсан байдаг.

 Ирэх сард Венец хотод болох Их 20-ын гишүүн орнуудын чуулганаар энэ саналаа хэлэлцүүлэхээр болсон байна. Их 20-ын бүлэгт Их Долоогоос гадна эдийн засаг нь эрчимтэй хөгжиж буй дэлхийн бусад 13 улс багтдаг юм.  Мөн татвараас гадна компаниудыг цаашдаа үйл ажиллагаа нь байгаль орчинд ямар нөлөө үзүүлж байгааг нэгдсэн стандартаар тайлагнадаг болгох тал дээр Их Долоогийн Сангийн сайд нар санал нэгджээ. Технологийн компаниудаас хэрхэн татвар авах асуудал АНУ болон Европын орнуудын дунд олон жилийн турш маргаантай сэдэв байсан билээ. ИХ-7-д АНУ, Их Британи, Итали, Япон, Герман, Франц, Канад улс багтдаг.

 

ЭХ СУРВАЛЖ "ЗУУНЫ МЭДЭЭ" сонин  2021.6.7 ДАВАА № 113, 114 (6590, 6591)