З.Батцэцэг

Амралтын урт өдрүүдийг бидний олонх нь романтик кино үзэж өнгөрөөдөг. Хэрвээ хэн нэгэн нь хэтэрхий гэнэн “ягаан” сэдвээс залхсан байвал www.bazaar.ru илүү киног санал болгосон байна. Эдгээр кинонд чухал үйл явдалтай зэрэгцэн гэгээлэг хайрын түүхийг өгүүлдэг. Бүгд алдартай уран зохиолоос сэдэвлэн бүтээсэн тул MyBook хэмээх томоохон номын сайтад бүртгүүлэн номыг нь уншиж болох аж.

“Эмма” Жейн Остин

Тэрээр залуу, баян, үрэлгэн, бага зэрэг ихэмсэг зантай бүсгүй билээ. Английн уран зохиолын од Жейн Остин өөрийн Эммагаа ингэж дүрсэлсэн бөгөөд энэ дүр хэнд ч таалагдахгүй гэдэгтээ итгэлтэй байжээ. Азаар тэр андуурч байж. Овжин сэргэлэн, өвөрмөц бүсгүйг дэлхийн өнцөг булан бүрт хайрлан хүлээж авчээ. Сүүлийн 25 жилд дөрвөн удаа кино болон дэлгэцнээ гарсан. Эммагийн дүрд Гвинет Пэлтроу, Кейт Бекинсейл нар тоглож байсан. Одоо гарч буй шинэ кино хувилбарт  “Queen’s Gambit сериалаар олны танил болсон Аня Тейлор-Жой тогложээ.

“Цаасан хотууд” Жон Грин

Өнгөц харахад энэ зохиол нь хөршдөө хариу нэхээгүй дурласан залуугийн тухай юм. Тэрээр бүсгүйн төлөө шөнө танхай адал явдалд оролцдог. Харин өглөө нь бүсгүй алга болсоныг олж мэднэ. Энэ мөчөөс эхлээд энгийн өрнөл нь детектив, гүн гүнзгий утга агуулгаар дүүрдэг. Гайхалтай нь Жон Грин энэ зохиолыг алдартай “Одод буруутай” романаас өмнө бичжээ. Гэвч кино дэлгэцнээ “Одод буруутай” нь эхэлж гарсан. Үүний ачаар “Цаасан хотууд” өөр залуусын тухай инээдмийн кинон дунд алга болоогүй юм. Кара Делевинь гол дүрд нь тоглосон энэ кино- өсч том болох, жинхэнэ нөхөрлөл, сонголт хийх эрх чөлөөний тухай өгүүлдэг.

“Намайг бүү явуулаач” Казүо Ишигүро

Энэхүү хурц тод роман нь цагтаа Букеровын шагналд нэр дэвшиж байсан ба TIME сэтгүүлийн оны шилдэг ном болж байжээ. Дараа нь зохиогч Казүро Ишигүро нь утга зохиолын Нобелийн шагнал хүртсэн. Энэхүү зохиол нь сэтгэл хөдөлгөм сайхан кино болсон ба гол дүрүүдэд залуухан Кэри Маллиган, Эндрю Гарфилд, Кира Найтли нар тогложээ. Гурван найз гадна ертөнцөөс бүрэн тусгаарлагдсан тусгай дотуур байранд өсдөг. Том болоод тэдний дунд хайрын гурвалжин үүсдэг. Гэвч тэдэнд хайр сэтгэлийн асуудлаа шийдэх зав гардаггүй, учир нь тэд төгсөлтийн дараа өөрсдийхөө амьдралын аймшигтай зорилгын талаар олж мэддэг.

“Би түүнд хайртай байсан” Анна Гавальди

Орчин үеийн хамгийн алдартай зохиолчдийн нэг нь гайхалтай сэтгэл хөдөлгөм түүхүүдээрээ алдартай нэгэн. Анна Гавальди анхны романаа гаргасны дараа л олонд хүлээн зөвшөөрөгдсөн. Энэ номын гол дүрийн бүсгүй нөхөр нь өөрийг нь хаяад өөр нэгэн рүү явсанд их шаналж байгаа тухай өгүүлдэг. Хүүхдүүдээ аваад хадам аавындаа очдог. Түүнд хадам аав нь өөрийхөө гол нууц, амьдралын гуниг болох хориотой хайрынхаа тухай ярьж өгдөг. Сэтгэлгүй бол гэр бүлээ хадгалж үлдэх гэж оролдох нь зөв үү? гэсэн мөнхийн асуулт кино болон хувирчээ. Хайр, үүрэг хариуцлага, жинхэнэ хайрын үнэ цэнийн тухай шудрага, сайхан кино болж чаджээ.

“Тахлын үеийн дурлал” Габриель Гарсия Маркес

Колумбийн аугаа үргэлжилсэн үгийн зохиолч тэрээр энгийн амьдралын түүхийг гүн ухааны сургааль болгож бичиж чаддаг гайхалтай авъяаслаг хүн юм.  Энэ зохиол бол үүний бас нэгэн баталгаа юм. Энэ бол нөхцөл байдал, цаг хугацааг даван туулсан хайрын түүх билээ. Гол дүр Фьорентино Арис багын найз Ферминадаа маш их хайртай бөгөөд бүсгүйг өөр хүнтэй гэрлэхэд хүртэл итгэл найдвараа алддаггүй. Тэрээр хагас зуун жил ч хамаагүй хайртыгаа хүлээхэд бэлэн. Уг романтик зохиолоор кино урлагийхан түүний 80 жилийн ойд зориулж Хавьер Бардемыг гол дүрд нь тоглуулан кино хийжээ.

Эх сурвалж: zms.mn