С.САРУУЛ

Цар тахал дэгдсэн жил гаруй хугацаанд УОК-ын дэргэд эрдэмтдийн баг ажилласан. Тэгвэл УОК-ын Шуурхай штабын төлөвлөлтийн багийн гишүүн, МУИС-ийн Физикийн тэнхимийн эрхлэгч, дэд профессор Д.Улам-Оргих “Зууны мэдээ” сонинд ярилцлага өгөхдөө “Халдвар эхэлсэн эхний маш хүнд гурван сарын турш эрүүл мэндийг нэгдүгээрт тавьж ажилласны үр дүнд халдварын тоог өдөр бүр бага байлгаж чадсан. Мөн өвчнөөр эндэх явдал ховор байсныг тэмдэглэж хэлье. Энэ үед вакцинжуулах боломжгүй байсан шүү дээ. Харин хоёрдугаар сараас эдийн засаг, эрүүл мэндийг тэнцвэржүүлээд эхлэхэд халдвар нэмэгдсэн. Гуравдугаар сарын сүүлээр байдал ноцтой хүндэрч болзошгүйг манай болон ХӨСҮТ-ийн судалгааны баг удаа дараа сануулж хөл хорио тогтооё гэсэн саналыг УОК, Засгийн газарт олон удаа тавьсан л даа. Тухайн үед эдийн засгаа дэмжье гэж гэсэн бодлогыг тууштай баримталснаас өдөрт илрэх халдварын тохиолдол 1000 давсан гэж хэлж болно. Бизнес эрхлэгчдийг дэмжихэд ихээхэн анхаарч бодлого төлөвлөгөө сайн байсан ч өвчин өөрийн зүй тогтлоороо өссөн. Мөн гадаадад байгаа иргэдээ татсан нь халдвар нэмэгдэхэд ч нөлөөллөө. Гуравдугаар сарын 20-доор Энэтхэг, Япон зэрэг Азийн орнуудад халдвар эрс нэмэгдсэнтэй холбоотойгоор шинэ мутаци орж ирсэн байхыг ч үгүйсгэхгүй. Ганц нэг хүндрэлийг эс тооцвол Засгийн газар вакцинжуулах талаар сайн ажиллаж байна.

Эдийн засгийн болон эрүүл мэндийн чиглэлийн эрдэмтэд санал хуваагдаж байсан.  Хоёр талаас санал хураачихаад нийтэд нь эрдэмтдийн багийн нэрээр танилцуулах нь зөв эсэхийг дахин бодууштай. Өөрөөр хэлбэл, эрүүл мэнд үү, эдийн засаг уу гэсэн хоёр сонголт дээр ирсэн. Халдвар огцом нэмэгдсэн хоёр болон гуравдугаар сард эдийн засгийн чиглэлийн эрдэмтэд  төдийгүй томоохон бизнесийн байгууллагын төлөөллийг илүүтэй сонссон гэж хэлж болно. Харин гуравдугаар сарын дундаас бид яаралтай хөл хорих шаардлагатай гэж удаа дараа санал хүргүүлсэн  ч эдийн засгаа л хамгаалж үлдэе гэсэн байр суурин дээрээ хатуу зогссон.  Эцэстээ өвчлөлийн нөхцөл байдал хүндрээд ирэхээр яалт ч үгүй эрүүл мэндийн чиглэлээ анхаарахаас аргагүй болсон. Сүүлийн хөл хорио бол яг л эрүүл мэндийн салбарын эрдэмтдийн тооцоо судалгаа санал дээр үндэслэсэн” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn