С.УЯНГА

 

Монгол Улсын экспортын 40 хувийг дангаараа эзэлдэг гол “тоглогч” нь нүүрс.  Гэтэл COVID-19 цар тахлын дэгдэлт нүүрсний экспортод урьд хожид байгаагүй сөрөг нөлөөллийг үзүүлж байна. Хамгийн сүүлд гэхэд Монгол-Хятадын нүүрсний гол боомт болох Гашуунсухайт-Ганцмодны нэвтрэлт гуравдугаар сарын дундаас огцом буурсан. Учир нь Хятадын талаас COVID-19 халдвараас сэргийлэх арга хэмжээгээ эрс чангатгаснаас  өнгөрсөн сард Монголын нүүрсний экспорт буурч 900 мянган тоннд хүрэхгүй байх төлөвтэйг Хятадын нүүрсний мэдээллийн “Фэнвэй Энержи” агентлаг мэдээлж байв. Тэгвэл дэлхий нийтийн чиг хандлага ч нүүрсийг хумьж, сэргээгдэх эрчим хүч рүү хурдацтай шилжиж байна. Тодруулбал, Парисын хэлэлцээрт гарын үсэг зурснаар томоохон эдийн засагтай улсууд анхдагч эрчим хүчний бүтэц дэх нүүрсний эзлэх хувийг бууруулж, сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувийг мэдэгдэхүйц өсгөхөөр төлөвлөжээ. Улс орнуудын “хар алт”-ны хэрэглээний ирээдүйн төсөөллийг харвал, Хятадын нүүрсний импорт 2020-2040 онд 300-200 сая тонн болж 33 хувир буурах төлөвтэй. Харин урд хөрш анхдагч эрчим хүчинд эзлэх нүүрсний хэмжээг 2030 онд 50 хувь  бууруулахыг зорьж байна. Европийн холбоо хүлэмжийн хийн ялгаруулалтыг 2030 он гэхэд 40 хувиар бууруулах бодлого баримталж байна. Энэтхэг улс 2030 он гэхэд ДНБ-ний  нэгж нүүрстөрөгчийн ялгаруулалтыг 30-35 хувь, Франц энэ онд нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудаа хаахаар төлөвлөжээ. Герман  2038 он гэхэд нүүрсээр ажилладаг цахилгаан эрчим хүчийг зогсоох, Их Британи дөрвөн жилийн дараа гэхэд нүүрсээр ажилладаг бүх цахилгаан байгууламжуудыг хаах шийдвэр гаргажээ. Тиймээс манай улс ч гэсэн экспортын голлох бүтээгдэхүүнийхээ ирээдүйг тооцоолон харж төлөвлөх шаардлагатай юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Олон улс нүүрний хэрэглээгээ багасгах чиглэл барьж байгаа. Бидэнд 10-15 жилийн цонх үе байна. Энэ хугацаанд бусад салбараа хөгжүүлэх шаардлагатай. Тээвэр логистик, хөдөө аж ахуй, эрчим хүчний салбарыг тэргүүлэх чиглэлд хөгжүүлэх шаардлага бий” гэдгийг Засгийн газрын 100 хоногийн тайлангийн үеэр онцолсон юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.5.12 ЛХАГВА № 96 (6573)