М.ХУЛАН

 

Өглөө гэрээсээ гарахын өмнө угаалтуурт гараа угааж, суултуурын товчлуур дарахад хэрэглэсэн ус хэдхэн секундын дотор нүднээс далд орно. Тэр бохир ус хаашаа явж, хэрхэн цэвэршдэг талаар бид тэр бүр боддоггүй. Харин усны шугамд хоолны үлдэгдэл, үс, нойтон салфетка, ариун цэврийн хэрэглэл, тос, өөх зэрэг зүйлс орсноор асуудал зөвхөн айл өрхийн бохирын  шугамаар  дуусахгүй. Эдгээр хаягдал төвлөрсөн бохирын шугамд хүрч, насос, тоног төхөөрөмжийг гацаах, эвдрэлийн шалтгаан болох эрсдэлтэй. Үүний хүрээнд “Зууны мэдээ” сонин бохир ус хэрхэн цэвэрлэгддэг, иргэдийн буруу дадал шугам сүлжээ болон цэвэрлэх байгууламжид ямар нөлөө үзүүлдэг талаар Ус сувгийн удирдах газраас сурвалжиллаа.

Улаанбаатар хотын найман дүүрэг буюу нийт хүн амын 99 орчим хувийг цэвэр усаар хангадаг  Ус сувгийн удирдах газар /УСУГ/ нь олон улсад итгэмжлэгдсэн лабораторитой. Иргэдийн хэрэглэж буй усыг өдөр тутам хяналт, шинжилгээнд хамруулдаг байна. Усанд химийн болон бактериологийн шинжилгээ хийж, стандартын шаардлага хангаж байгаа эсэхийг тогтмол шалгадаг. Төвлөрсөн шугам сүлжээнээс гарч буй худгийн усанд ч мөн адил шинжилгээ хийдэг байна. Гэвч цэвэр ус хэрэглэгчдэд хүрсний дараа бохир ус болон хувирч, буцаад төв цэвэрлэх байгууламжид ирэх замд өөр нэг асуудал үүсдэг. Энэ нь иргэдийн буруу хэрэглээ юм.

 

Өдөрт гурван тонн хог бохир устай хамт ирдэг

УСУГ-ын мэдээлснээр иргэдийн буруу дадлаас шалтгаалан Төв цэвэрлэх байгууламжид хоногт дунджаар гурван тонн хатуу хог хаягдал ирдэг байна. Хоолны үлдэгдэл, ахуйн хог, ариун цэврийн хэрэглэл зэрэг нь бохир усны системд орсноор тоног төхөөрөмжийн эвдрэл, гэмтлийн гол шалтгаан болдог. Бохир усанд орж буй хог хаягдал зөвхөн насосыг гацаагаад зогсохгүй шугам хоолойн нэвтрүүлэх чадварыг бууруулдаг. Ялангуяа тос, өөх зэрэг бодис хоолойн хананд наалдаж, бусад хог хаягдлыг өөртөө хуримтлуулснаар хоолойн голч багасдаг байна. Үүний талаар УСУГ-ын ажилчид хэлэхдээ “Улаанбаатар хотод хаягдал ус хүлээн авах дөрвөн цэг байдаг. Бохир усны төв шугамд том хог хаягдал очихоос урьдчилан сэргийлж худаг болгоны ам дээр шүүр тавьж, өдөр болгон тогтмол цэвэрлэж, хог хаягдлыг бага ч болов бууруулах ажиллагааг тогтмол хийдэг. Бохирын шугамыг бид өдөрт 2-3 удаа ухдаг” гэв. Төв цэвэрлэх байгууламжийн тоног төхөөрөмжид үүсдэг саатлын нэг шалтгаан нь усанд уусдаггүй ахуйн хог хаягдал.  Өөрөөр хэлбэл, 00-ийн цаас, ариун цэврийн хэрэглэл, хүүхдийн живх, салфетка гэх мэт усанд уусахгүй хог хаягдлууд бөөгнөрч насосыг гацаадаг. Үүнээс болж өдөр бүр 4-5 ажилтан гар аргаар цэвэрлэх, долоо хоногт дор хаяж гурван удаа насосны гацааг гаргах шаардлага гардаг” хэмээн Төв цэвэрлэх байгууламжийн ээлжийн инженер хэлэв. Төв цэвэрлэх байгууламжид өдөрт 10 чингэлэг хог буюу 1400-1500 тонн хог шугам хоолойг гацааж, цэвэрлэж шүүх шаардлага гардаг байна. Энд зөвхөн иргэдийн ахуйн хэрэглээнээс үүсэх хаягдал бус, үйлдвэрлэлийн бохирдол ч мөн нөлөөлдөг.

 

Бохирын шугамын нэг удаагийн гэмтлийг засахад  36 цаг болдог

 

2025 оны арван нэгдүгээр сарын 6-нд Яармаг-2 бохир ус дамжуулах станцад механик хог хаягдлаас шалтгаалсан гэнэтийн гэмтэл гарчээ. Тус саатлыг арилгахаар 36 цагийн засварын төлөвлөгөө гаргаж, газар дээр нь 85 орчим инженер, техникийн ажилтан, 20 машин ажилласан байна. Улмаар хоолойноос 20 орчим тонн хатуу хог хаягдлыг механик аргаар татан гаргажээ. УСУГ-ын ажилтнуудын хэлж буйгаар уг саатал нь иргэдийн хэрэглээ, дадалтай шууд холбоотой. “Жишээлбэл, 1000 мм голчтой бохир усны хоолойд тос, хог очиж наалдсанаар уг хоолой 500 мм хэмжээтэй болдог. Үүнээс үүдэн дамжин өнгөрөх усны хэмжээ багасна. Мөн үнэр гарч эхэлдэг” хэмээн тайлбарлав. Нэг айлд зүгээр л урсаад алга болсон мэт харагдах тос, хог нь шугам сүлжээнд хуримтлагдсанаар эцэстээ томоохон гэмтэл, саатал үүсгэх хэмжээнд хүргэдэг ажээ.

 

Махны үйлдвэрүүдийн өөх тос, цус ч бохир усны ачааллыг нэмэгдүүлдэг

 

Улаанбаатар хотод мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үйлдвэрүүд цустай ус, өөх тос, сэвс болон бусад органик бохирдлоор төв цэвэрлэх байгууламжид ихээхэн ачаалал үүсгэдэг салбаруудын нэг юм. УСУГ-ын Бохирдол бууруулах нэгжээс үйлдвэрүүдийг урьдчилан цэвэрлэх байгууламжтай болгох, бохир усны хэмжээг зөв тооцох шаардлагатайг зөвлөж ажилладаг байна. Үүнтэй холбоотойгоор УСУГ-ын Бохирдол бууруулах нэгжээс мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчидтэй 2026 оны тавдугаар сарын 28-нд уулзалт, ярилцлага зохион байгуулжээ. Уулзалтаар үйлдвэрүүдийн усны хэрэглээ, бохир усны хэмжээг зөв тооцох, урьдчилан цэвэрлэх байгууламжийн технологи, ашиглалт, засвар үйлчилгээний талаар зөвлөмж өгсөн байна.

Улаанбаатар хот шинэ төв цэвэрлэх байгууламжийг ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа. Гэвч шинэ технологи, шинэ тоног төхөөрөмжтэй болсон нь иргэдийн буруу дадлыг нөхөж чадахгүй. Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар хүмүүс суултуураа хогийн сав болгон ашигласаар байвал хэчнээн шинэ цэвэрлэх байгууламж барьж, шинэ технологи нэвтрүүлсэн ч насос, тоног төхөөрөмжийн ачаалал, эвдрэл саатлын асуудал үргэлжилсээр байх эрсдэлтэй. Тиймээс УСУГ-аас дараах зүйлсийг бохир усны шугамд хийхгүй байхыг зөвлөж байна. Үүнд нойтон салфетка, усанд уусдаггүй зузаан цаас, хуванцар, үс, ариун цэврийн хэрэглэл, бэлгэвч, хөвөн, хоолны үлдэгдэл, амьтны яс, жимсний хальс, хайруулын тавгийн  тос, өөх тос зэрэг багтана. Ялангуяа тос, өөхийг шууд асгах нь шугам хоолойн хананд наалдаж, бусад хогийг өөртөө хуримтлуулан хатуу блок үүсгэх аюултай гэлээ.

 

Хотын шугам сүлжээний шинэчлэлд иргэн бүрийн оролцоо чухал

 

Дээрх асуудлын хүрээнд Улаанбаатарын бохир усны шугамын ачааллыг бууруулах зорилгоор УСУГ-аас “Туул-1” коллекторын шугам угсралтын ажлыг өмнөх оны аравдугаар сараас эхлүүлсэн. Уг коллектор нь Гачуурт, Хужир булан, Улиастай, Налайх, Амгалан, Шархад, Дамбадаржаа, Долоон буудал, Баянхошуу, Толгойт, Баянголын ам орчмын хорооллуудын бохир усыг төв цэвэрлэх байгууламжид хүргэх стратегийн ач холбогдолтой инженерийн шугам сүлжээ юм. “Туул-1” коллекторын III, IV дүгээр хэсгийн угсралт хийгдээгүй үлдсэн 1200-1500 мм-ийн голчтой, 10.4 километр шугамыг барьж дуусгахаар ажиллаж байна. Ингэснээр нийслэлийн ариутгах татуургын гол цуглуулах шугамын хүчин чадал 80 хувиар нэмэгдэж, 300 мянган өрхийг төвлөрсөн системд шинээр холбох боломж бүрдэх юм. Үүний талаар УСУГ-ын дарга Ц.Төрхүү “Туул-1” коллектор нь Улаанбаатар хотын бохир усны шугамын ачааллыг авах гол хэвтээ тэнхлэгийн шугам бөгөөд одоо байгаа болон ирээдүйд барих барилга байгууламжийн бохир усыг татан зайлуулах стратегийн ач холбогдолтой инженерийн шугам сүлжээ юм. Тус коллекторын ажлыг үргэлжлүүлэхэд газар чөлөөлөлт болон бусад инженерийн шугам сүлжээг зөөж, шилжүүлэх асуудал тулгамдаж байна” гэв.

Нийслэлийн хэмжээнд бохир усны шугамын хүчин чадлыг нэмэгдүүлэх томоохон бүтээн байгуулалт өрнөж байгаа ч иргэдийн өдөр тутмын жижиг мэт харагдах үйлдэл энэ системийн хэвийн ажиллагаанд шууд нөлөөлсөөр байна. Шинэ коллектор барих, цэвэрлэх байгууламж шинэчлэх, тоног төхөөрөмжийг сайжруулахын зэрэгцээ усны хэрэглээний зөв дадал хамгийн эхний хамгаалалт юм. Цэвэр усны хэрэглээ зөвхөн усаа гамнахаас эхлэх төдий биш. Хэрэглэсэн усаа хаашаа, хэрхэн буцааж байгаагаас ч хотын усны системийн цаашдын хэвийн ажиллагаа шалтгаална. Тиймээс суултуурыг хогийн сав болгохгүй байх нь иргэн бүрийн хийж чадах хамгийн энгийн алхам юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 21. БААСАН ГАРАГ. № 156 (7898)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn