Суралцахуйг эрх зүйн чиг баримжаагүй зохион байгуулна гэвэл элсэн цөлөөр луужингүй аялахтай ижил

0
хуваалцах
979
үзсэн

Т.ШИЖИРТУЯА

БГД-ийн 141 дүгээр сургуулийн Монгол хэл, уран зохиолын багш

 

Монгол хэл, уран зохиолын багш мэргэжлийг эзэмшин боловсролын байгууллагад тасралтгүй ажилласан 24 жилийн хугацаанд надад бэрхшээлтэй олон асуудал тулгарч байсан хэдий ч ямар нэгэн аргаар гарц, гаргалгаа олж, шийдэлд хүрдэг байв. Гэтэл хэрхэн шийдвэрлэх гарц нь олдохгүй санаа зовоож буй нэгэн тулгамдсан асуудал байсаар байна. Энэ нь шинэ үе, шинэ мянганы Монголын үрс түүх соёлын өв, уламжлал, эрхэмлэн дээдлэх үнэт зүйлсээ мэдэхгүй өсч байгаагаас гадна хууль журмыг дээдлэх, эрхэмлэх сэтгэлгээний дархлаагаа алдаж буй явдал юм. Үүнд бид буруутай. Бидний хуулиа дээдэлдэггүй, зарлиг, захирамж,  шийдвэрүүдийг дагадаггүй, хэрэгжүүлдэггүй, хэнэггүй байдал орчин цагийн хүүхдүүдийн харилцаа хандлага, төлөвшил, цаашлаад сурлагад нөлөөлж байна. 
Даяаршиж буй өнөөгийн ертөнцөд олон үндэстэн бие биедээ хүндэтгэлтэй хандаж, эрх тэгш зэрэгцэн орших учиртай гэж үзэж хичээлийн агуулгыг олон соёлыг өмгөөлсөн хандлагатай зохион байгуулахдаа шавь нараа өөр бусад орны түүх соёлыг судалснаар өөрийн үндэстнийхээ онцлог, сул болон давуу талыг олж харна гэж найдсан. Гэтэл багаасаа үндэсний соёлоос суралцаагүй, сурах бичиг дэх агуулга нэн явцуу, эцэг эх, гэр бүлийнхэн нь төдийлөн хэлж ярьдаггүй, нүүдэлчин ахуйгаасаа суурин соёл иргэншилд тэмүүлэх болсноос хойч үеийнхэн минь харьцуулах зүйл үгүй, харин ч харийн соёлыг шууд даган, дуурайх боллоо. Хамгийн аюултай нь өсвөр үеийнхний сэтгэхүйд биш сэтгэлгээнд сөрөг өөрчлөлт орох болов. Эллен Лангер “Бидний бие махбод биднийг хязгаарладаггүй, харин бие махбодын хязгаарлалтыг сэтгэлгээ хэмждэг” гэсэн байдаг. Орчин цагийн хүүхдүүдэд буруу өгөхөөс илүү багш сурган хүмүүжүүлэгчид ч өөрсдөө үнэт зүйлсээ үнэгүйдүүлж байна. Хэд хэдэн жишээ дурдъя.


Монголын ард түмэн олон зууныг өртөөлсөн үндэсний соёлын гайхамшигт өв санг бүрдүүлсний дотор ном судрыг эрдэнийн дээд эрдэнэ хэмээн сүслэн бүтээж, үнэт эдээр баринтаглан өргөө гэрийнхээ хойморт залж, үр удмаараа гэгээрч боловсрон дээдлэн хадгалж ирсэн нандин уламжлалтай билээ. Одоогоос 17 жилийн өмнө буюу 2004 онд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди “Монголын нууц товчоог эрхэмлэн дээдлэх тухай” зарлиг гаргасан. Энэ зарлигийг хэрэгжүүлэх алхмыг 2006 онд Ерөнхийлөгч Н.Энхбаяр хөхиүлэн дэмжиж “Монголын нууц товчоо”-г Төрийн ордонд дээдлэн залах тухай мөн л зарлигдав. Энэ зарлигт  шинээр урлан бүтээсэн “Монголын нууц товчоо”-ны хосгүй нэгэн хувийг жил бүрийн цагаан сар, үндэсний их баяр наадам, улс тунхагласан баярын өдөр түмэн олонд дэлгэн үзүүлж хэсэгчлэн дуудаж танилцуулах тухай заасан байдаг. Гэтэл энэ сайхан санаачилга ажил хэрэг болохгүй удаж байна. Нэг ч багш, нэг ч соёлын байгууллагын ажилтан, эрх мэдэл бүхий нэг ч албан тушаалтан үүнд санаа тавьсангүй. Бид хэзээнээс хэрэгжүүлэх юм бэ. Жил бүр тэмдэглэлт өдрүүдэд түмэн олонд дэлгэн үзүүлээд байвал сэтгэлд хоногшин, хүмүүсийн оюун санаанд дархлагдан бэхжих байсан биз ээ. Шижир алт, цалин цагаан мөнгөөр чимэглэсэн, эрдэнийн чулуун шигтгээт хосгүй нэг хувь “Монголын нууц товчоо”-г урлан бүтээж, төрийн хүндэтгэлийн өргөөний хойморт залах түүхэн үйл явдлыг бахархан сонссон хэдий ч хэрэгжүүлэхийг нь бас л харсангүй. Үе үеийн төрийн тэргүүнүүд өв соёлыг эрхэмлэн дээдлэх санал санаачилгыг дэмждэг. Өнөөгийн Ерөнхийлөгч Х.Баттулга “Эрдэнийн судар”-ыг дээдлэн залах тухай 149 тоот зарлигийг 2020 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдөр гаргасан. Уг зарлигт “Эрдэнийн судар”-т тэмдэглэн үлдээсэн “Монгол хүн”, “Гэр бүл”, “Төрт ёс”, “Эх нутаг” “Монгол хэл”, “Эрдэм боловсрол” “Ёс суртахуун”, “Өв соёл” “Нүүдэлчний ухаан”-ыг хүүхдэд бага балчраас нь ойлгуулж, улмаар бүх шатны боловсролын байгууллагын сургалтын агуулгад тусган сурагч, оюутан залуучуудад танхимын болон танхимын бус сургалтаар бататган сургаж хөгжүүлэхийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, нийт багш, сурган хүмүүжүүлэгч нарт даалгасан. Энэ зарлиг хэрэгжиж эхлээгүй л байна. Багш сурган хүмүүжүүлэгчид хандлагаа өөрчлөх, төрийн хууль, тушаал, зарлиг, захирамжийг хүндэтгэх цаг нэгэнт болсон. Суралцахуйг эрх зүйн чиг баримжаагүй зохион байгуулна гэвэл элсэн цөлөөр луужингүй аялахтай ижил юм.  Бас нэгэн баримт дурдъя.


Монгол Улсын Засгийн газрын 2012 оны аравдугаар сарын 20-ны өдрийн 101 тоот тогтоолоор  “Үндэсний бахархалт шувууг зарлах тухай” шийдвэр гарч, “Шонхор шувуу”-г монгол үндэстний бахархалт шувуу хэмээн зарлав. Ингэснээр Монгол Улс үндэсний бахархалт шувуутай дэлхийн 88 дахь орон болсон. Монголын ард түмний эрч хүч, эрх чөлөө, эв нэгдэл, байгаль дэлхийгээ хайрлах үзлийн бэлгэдэл хэмээн зарлаад ес дэх жилийн нүүрийг үзэж байхад “Үндэсний бахархалт шувуу”-г хэрхэн дээдэлж, бахархаж байгаа билээ. Сургуулийн өмнөх насны балчир хүүхдүүдэд шонхорын тухай дуу, шүлэг цээжлүүлэхээс эхлээд бага, дунд боловсролын хөтөлбөрт тусган цагаан шонхор шүтээнтэй байсан өвгөдийн түүхийг сэргээж, зураг зүй технологийн хичээл дээр хүртэл зурж сийлэн бүтээлгэж болохгүй гэж үү. Цаашлаад дэлхийн бусад оронд бахархалт амьтдыг дээдэлдэг соёлоос суралцан энэтхэгчүүдийг үхэр шүтдэг болохыг дэлхий дахин мэддэг шиг монголчуудыг шонхор шүтэж бахархдагийг хүн төрөлхтөн хүлээн зөвшөөрөх болтол бид юу хийж байгаа юм бэ. Соёл, өв уламжлалын талаарх шийдвэрүүд цаасан дээр л үлдсээр байх уу. Олон асуулт хариу нэхэж байна. 

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.5.7 БААСАН № 92 (6569)

mundag bagsh shuu❤️
Эгчээрээ бахархаж бна шүү
Мундаг багшдаа улам амжилт хүсэе