Б.ЖАВХЛАН
Шатахууны үнэ нэмэгдэхтэй холбоотойгоор Аж үйлдвэр эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв мэдээлэл өглөө.
Тэрээр "Аж үйлдвэр эрдэс баялгийн яамнаас санаачлан 2026 оны төсөвт шатахууны нөөцийн сав барих 20 тэрбум төгрөгийн төсөв тавиулсан. Улмаар ААН-үүдэд хүүгийн татаас хэлбэрээр олгоод 200 мянган метр куб савны багтаамжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Үүний үр дүнд одоо байгаа нөөцийн савны багтаамжийн хэмжээг дахин нэг сар бүтээгдэхүүнээ нөөцлөх боломжоор хангах юм.
Ойрхи Дорнодод үүсээд байгаа нөхцөл байдлаас үүдэж богино хугацаанд 70 ам.доллар байсан газрын тосны үнэ 110 ам.доллар болсон. Улмаар олон улсад газрын тосны бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байна. ОХУ-д тогтоосон байсан эдийн засгийн хоригийг цуцалснаар бусад улс руу нефтийн бүтээгдэхүүнээ нийлүүлэх боломжтой болсон. Ингэснээр тус улсаас бүтээгдэхүүн авах эрэлт нэмэгдсэн. Ерөнхийдөө газрын тосны үнэ тасралтгүй нэмэгдэж байгаа.
АИ 92 төрлийн бүтээгдэхүүн 705 ам.доллар буюу тогтмол үнэтэй байна. Өнөөдрийн байдлаар үнэ нэмэгдэхгүй. Хоёр сарын дараа нөхцөл байдал ямар байхаас шалтгаалаад тухайн үед хэлэлцээ хийх эсэхийг шийднэ. Харин дизель түлшний хувьд үнэ нэмэгдэхээр өөр аргагүй нөхцөл байдал үүсээд байна.
Эхний ээлжид дизель түлшний үнийг 300 төгрөгөөр нэмэхээр болсон. Ийм хэмжээний үнийн өсөлт инфляцад хүчтэй нөлөөлөхгүй гэж харж байгаа. Дизель түлшний үнэ нэмэгдсэн ч инфляцад нөлөөлөх нөлөө нь АИ-92 шатахуунаас бага байдаг.
Тиймээс эхлээд дизель түлшний үнийг 300 төгрөгөөр нэмнэ. Цаашдаа нөхцөл байдал хэвийн болбол нэмэхгүй. Харин олон улсын нөхцөл байдал энэ хэвээр үргэлжилсээр байвал цаашид тодорхой хэмжээгээр үнийг дахин нэмэгдүүлэх магадлалтай. Гэхдээ нэг дор 1000-1500 төгрөгөөр огцом нэмэхгүй. Хэрэв нэг дор хэт өндөр үнийн өсөлт үзүүлбэл хомсдол үүсэх, цаашлаад инфляцад нөлөөлнө. Иймд нөхцөл байдлаа харж байгаад тухай бүрд нь шийдээд явна" гэлээ.