З.Батцэцэг

“Та үүнийг авах эрхтэй”. Энэ бол бүх цаг үеийн гайхалтай уриа гэж Хелен Миррен үздэг. 1971 онд анх гарч ирсэн энэ уриа шууд л эмэгтэйчүүдийн эрхийн бэлгэдэл болсон юм. Уг урианы 50 жилийн ойгоор жүжигчин, L’Oreal Paris брендын нүүр царай Хелен Миррен Glamour сэтгүүлд ярилцлага өгчээ. Уг ярилцлагыг толилуулж байна.

“Намайг бүх хүмүүс хөглөдөг, ялангуяа эмэгтэйчүүд”

-Олон оронд эмэгтэйчүүдийн амжилтыг үнэлэхгүй байна. Тэр хэрээрээ энэ уриа илүү үнэ цэнтэй. Намайг үргэлж эмэгтэйчүүд хөглөдөг. Жишээ нь Жейн Фонда байна. Би түүний эр зориг, байнга шинэ зүйл туршиж үзэх хүслээр нь бахархдаг. Түүнийг хараад “Хэзээ ч амьдралаас уйдахгүй шүү” гэж өөртөө хэлдэг.

“Би гоо сайхны бүтээгдэхүүнд дуртай, гэхдээ гоо үзэсгэлэн гэдэг үгэнд дургүй”

-Би нүүрээ будуулах дуртай. Гэхдээ би өөрчлөгдөхийг хүсдэггүй. Сайхан болох гэж хичээхийн оронд би өөрийнхөө шилдэг хувилбар нь байхыг хүсдэг. Гоо үзэсгэлэн гэдэг үг надад сонин санагддаг. Дэлхийн ихэнх хүн өөрийгөө нийтээр хүлээн зөвшөөрдөг утгаар нь үзэсгэлэнтэй гэж нэрлэж чадахгүй. Би илүү үг мэднэ. Давуу тал. Энэ чинь өөртөө итгэлтэй, байгаагаараа байхаас айдаггүй гэсэн үг юм.

“Төрсөн өдөр болж, нас нэмэхээсээ бүү ай”

-Би хөгшрөөгүй, би амьдралаар аялж явна. Наснаас юу ч шалтгаалахгүй. Нэгэн цагт ээж минь надад сайхан зөвлөгөө өгсөн юм. Нас ахиж байна гэж хэзээ ч битгий санаа зов. 20 настай үедээ, 40 наснаас айдаг. Харин 40 хүрсэний дараа буцаад хорьтой болохыг хүсдэггүй. Нас бүхэн өөрийн давуу талтай.  Нас ахих тусам эрүүл мэнд чухал гэдгийг ойлгож байна. Өвчинд баригдсан 25 настай бүсгүй байх уу? Эрүүл саруул 65 настай байх уу гэж асуувал бодох юмгүй хоёр дахийг нь сонгоно.

“Энэ тос танд залуу насыг буцааж авчирна. 70 настай үедээ ийм юм сонсох инээдтэй”

-Миний үзэл бодлыг хуваалцдаг брэндийн нүүр царай болсондоо би баяртай байна. Бид хамтарч ажиллаж эхлэхэд, би 70 настай байсан. Гайхалтай. Одоо би тос таныг хэн нэгэн болгож хувиргахгүй, өөрийгөө арчлахад хэрэгтэй гэдгийг ойлгуулах гэж ажиллаж байна. Миний хамгийн дуртай бүтээгдэхүүн- биеийн лосьон, сормуусны будаг, анхилам үнэртэй лаа.

“Энэ дэлхийд цаг уураас эхлээд технологи хүртэл бүх зүйл өөрчлөгдөж байна. Харин эмэгтэйчүүд хүчирхийлэлд өртсөн хэвээр”

-Дэлхийн эмэгтэйчүүдийн тулгамдсан асуудлыг би шийдэж чаддаг байсан бол хүчирхийллийг зогсоох байлаа. Үүнд улс орны соёл их нөлөөлж байна. Жишээ нь: Саудын Арабад хэдэн жилийн өмнөөс л машин жолоодох эрхийг өгч байна. Би бол 16 настайгаасаа машин жолоодож байгаа. Гэхдээ дэлхий даяар эмэгтэйчүүдийг дутуу үнэлж байна.  Цар тахалтай хамгийн сайн тэмцэж байгаа орнуудыг харах юм бол дандаа эмэгтэй удирдагчтай байгаа. Хүүхдүүдээ хамгаалах гэсэн хүсэл бидний зөн совинд байдаг учираас бид хүчтэй.

Эх сурвалж: www.zms.mn