Б.Бат-Эрдэнэ ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж байгаад үл мэдэгдэх шалтгаанаар 2018 оны арваннэгдүгээр сард чөлөөлөгдсөн. Хэвлэлүүд ЖДҮ-гээс нь боллоо гэцгээсэн. Харин өөрөө сүүлд ЖДҮ-гийн асуудал өөрт хамаагүй байсан гэж тайлбарласан.

Тэрбээр УИХ-ын 2020 оны сонгуулийн дараа, наймдугаар сарын 19-нд ШӨХТГ-ын дараар томилогдсон. Хэвлэлүүд ЖДҮ-д холбогдсон хүнийг албан тушаалд томиллоо гэж Засгийн газрыг шүүмжилж байв.

ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ удалгүй, хоёр сарын дараа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн  ТУЗ-ийн дарга болсон  байдаг.

Энэ нь Өрсөлдөөний тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн үйл ажиллагааны журмыг ноцтойгоор зөрчиж байгаа тухай Өдөр тутмын сонинуудын “Эрэн сурвалжлагч” нэгдэл өмнө нь нийтэлж байв.

Гэвч ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн энэ жилийн хөрөнгө оруулалтын төсөв гэж 2.5 их наяд төгрөгийн төсөв батлаад сууж байна. Түүгээр худалдан авалт хийнэ. Худалдан авалттай холбоотой гомдол гаргах субьект ШӨХТГ-т хандана. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн даргын давхар ажилтай ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ түүнийг нь шийднэ. Энгийнээр ийм л цикльтэй.

Түүнчлэн энд нэг ээдрээтэй зүйл харагдаад байгаа юм.

2020 оны аравдугаар сарын 19-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн ээлжит бус хурал болсон. Түүгээр ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэтэй хамт “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн  төрийн төлөөллийн гишүүнээр УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал, ЗГХЭГ-ын дэд дарга Б.Энх-Амгалан, АМГТГ-ын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр, МХЕГ-ын дарга Т.Гантулга, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, ТӨБЗГ-ын Бодлого төлөвлөлт удирдлагын хэлтсийн дарга Ц.Баяр-Эрдэнэ мөн хараат бус гишүүдээр Д.Батхишиг, Ү.Амарбат, П.Өлзийнаран, Х.Болор-Эрдэнэ нарыг сонгосон. Эх сурвалж: https://ett.mn/mon/23/item/1309

Энэ өдөр сонгогдсон ЗГХЭГ-ын дэд дарга Б.Энх-Амгалан одоо “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-д алга. Эндээс үзнэ үү. Эх сурвалж: https://ett.mn/mon/122/single1

Үүнийг дурдсаны учир нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг байгуулсан цагаас ТУЗ-ийг нь үе үеийн ЗГХЭГ-ын дэд дарга хариуцаж ирсэн. Угаасаа  “Эрдэнэс Тавантолгой” ХК нь олон нийтийн өмчлөлтэй компани учраас Засгийн газар шууд хариуцдаг.

Гэтэл ШӨХТГ нь Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг Засгийн газрын тохируулагч агентлаг юм.

Нөгөөтэйгүүр урьдаас тогтож ирсэн уламжлалаар ЗГХЭГ-ын дэд дарга Б.Энх-Амгалан ТУЗ-д сонгогдсон атал ШӨХТГ-ын даргыг ТУЗ-ийн даргаар томилсон. Улмаар Б.Энх-Амгалан ТУЗ-өөс гараад явчихсаны цаана ямар шалтгаан байна вэ.

Ер нь тэгээд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн хувьд шинэ боловсруулах, баяжуулах үйлдвэр, нүүрсний уурхай, шинээр гаргаж байгаа бонд, за тэгээд жил бүр хэрүүл уруул, хардлага сэрдлэгтэй явагддаг өндөр дүнтэй худалдан авалт, нүүрсний гэрээ гээд яалт ч үгүй Засгийн газрын шууд бодлогоор ажиллах үүрэгтэй. Энэ бүгдийг ШӨХТГ-ын даргын ажил ихтэй, ачаалал өндөртэй Б.Бат-Эрдэнэ амжуулах боломжгүй.

Эсвэл Б.Бат-Эрдэнийн араас удирддаг хүн байна уу.

Аль нь ч байлаа гэсэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газар төрийн албан тушаалын ажил үүргийн хуваарь, өөрийнхөө баталсан төсвийн худалдан авалтыг өөрөө шалгах ёсгүй шударга байдлыг харж Б.Бат-Эрдэнийг “нүүрс”-нээс салгаж, ШӨХТГ-ын даргын ажлаа хийх боломжийг олгох учиртай юм.

ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН "ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ" НЭГДЭЛ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.5.7 БААСАН № 92 (6569)