Манай сонины сэтгүүлч Ч.Үл-Олдохын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнтэй хийсэн ярилцлагыг хэвлэл, мэдээллийн зарим хэрэгсэл, мөн цахим орчинд улстөржүүлж байгаа тул  бодит мэдээллийг хүргэе.

Энэхүү ярилцлага нь нэгдүгээрт, ямар нэгэн улс төрийн өнцгөөс бус цаг үеийн сэдвээр хийсэн сэтгүүлчийн бүтээл юм. Сэтгүүлч нийгэмд өрнөж байгаа үйл явдал, төр нийгмийн байдал, эдийн засгийн асуудлаар асууж хариулт авснаас үзэхэд  цаг хугацааны хувьд  2021 оны нэгдүгээр сард авсан биш саяхны ярилцлага болох нь ойлгогдоно.  

Ярилцлагын  тухайд  Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуайн охин Б.Энхбайгаль өөрийн цахим хуудсаараа дамжуулан үгүйсгэж, яриагүй яриаг оруулсан хэмээснийг хувь хүний үзэл бодол, байр суурь гэдэг үүднээс манай сонин ойлгон хүлээн авч, хүндэтгэлтэй хандаж байна. Манай сонин нь Монгол Улсын Ерөнхий сайд байсан Д.Бямбасүрэн гуайд хүндэтгэлтэй ханддаг бөгөөд түүний яриаг улс орны ирээдүйд чухал ач холбогдолтой, ирж яваа цаг үеийнхэнд алтан сургааль болно гэдэг ойлголтоор үзэл бодол, байр суурийг нь хүргэхийг чухалчилдаг. Энэ дашрамд ярилцлагын бүрэн аудио бичлэг, ярилцагчийн дуу хоолой, хэлсэн үг  хадгалагдаж байгаа гэдгийг хэлэх нь зөв байх.  

Сэтгүүлч Ч.Үл-Олдох нь сэтгүүлзүйн салбарт 20 гаруй жил ажиллаж байгаа туршлагатай, мэргэжлийн  сэтгүүлчдийн нэг. Энэ хугацаанд тэрээр  Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнтэй 20 орчим удаа  улс орны амьдрал, эдийн засгийн сэдвээр  ярилцлага хийсэн. Түүнчлэн өөрийн сэтгүүлзүйн бүтээлээр “17 дахь Ерөнхий сайдтай хийсэн 17 ярилцлага” номоо хэвлэлтэд  шилжүүлсэн байдаг. Тэрээр өмнө нь Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнтэй  ийнхүү  олон  ярилцлага хийхэд   ямар нэгэн  асуудал гарч байсан удаа үгүй. Энэ удаа ч гэсэн өмнөх   ярилцлагуудын  нэгэн адил сэтгүүлчийн зүгээс цаг үеийн сэдвээр ярилцсан болохыг мэдэгдэе.  Манай сонины бүтээлийг улс төрийн өнцгөөс ашиглах, хуулбарлах, үг өгүүлбэрийг гуйвуулахгүй   байхыг мэдээллийн эх сурвалжуудаас хүсч байна.   

"ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИНЫ ЗӨВЛӨЛ