Б.ДОЛЖИНЖАВ

Технологийн  салбарын тэр дундаа программ хангамжийн тэргүүлэх Microsoft компанийн үүсгэн байгуулагч, дэлхийн хамгийн баян хос гэгддэг Билл болон Мелинда Гейтс нар гэрлэлтээ цуцлуулж байгаа өнөөдөр зарлалаа. Тэд хамт амьдарснаас 27 жилийн дараа салж байгаа нь энэ юм.

Хосууд “Бид харилцааныхаа талаар удаан бодсоны эцэст гэрлэлтээ цуцлуулах шийдвэр гаргалаа. Бид хамтдаа ер бусын гурван хүүхэд өсгөж, дэлхийн эргэн тойронд байгаа олон хүнд эрүүл, үр бүтээлтэй амьдрахад нь туслах зорилготой сайн дурын санг байгуулсан. Бидний хамтын амьдрал цаашид үргэлжлэх боломжгүй, хамтдаа өсөж хөгжиж чадахгүй болсон ч  сангийнхаа үйл ажиллагааг нэг итгэл үнэмшлээр хамтдаа явуулах болно” хэмээн олон нийтийн сүлжээгээр дамжуулан мэдээллээ. . Мелинда Гейтс даваа гаригт Вашингтоны шүүхэд салах өргөдлөө өгсөн байна.

Тэд хамтдаа “Билл болон Мелинда Гейтсийн сан” хэмээх сайн дурын санг 2000 онд байгуулж, эрүүл мэндийн салбарыг дэмжих, ядуурлыг бууруулах гэсэн  бусад олон асуудлыг шийдвэрлэхэд 53.8 тэрбум ам доллар зарцуулжээ.

Өдгөө 65 настай Билл, 56 настай Гейтс нар Билл Гейтс Microsoft компаниа байгуулан гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байхад танилцжээ. Энэ үед MBA-ийг төгссөн анхны ганц эмэгтэй Мелинда Гейтс компанийн борлуулалтын менежерээр 1987 оноос ажиллаж эхэлсэн бөгөөд тун удалгүй ерөнхий менежер болон дэвшсэн юм. Ийн хосууд 1994 онд Хавайн Ланай аралд хуримаа хийж байв.

Тэдний сан өнгөрсөн жилээс эхлэн цар тахалтай тэмцэхэд зориулан эмчилгээний хүртээмжийг сайжруулах, вакциныг дэлхийн бүх оронд ижил тэгш хуваарилахад 1.75 тэрбум ам доллар  зарцуулжээ. Билл Гейтс нийт 137 тэрбум ам доллар хөрөнгөтэй бөгөөд дэлхийн тэргүүлэх баячуудын нэг юм.

Эх сурвалж:CNN