Б.ОД

Монголын туялзуур сэлэмний холбооны ээлжит IV цахим чуулган энэ сарын 1-нд болж “Премиум” группийн ТУЗ-ын дарга Адилбишийн Ганхуягийг шинэ Ерөнхийлөгчөөрөө сонгожээ.

Монголын туялзуур сэлэмний холбооны Ерөнхийлөгч А.Ганхуяг нь нийт төлөөлөгчдийн 100 хувийн саналаар сонгогдож, цаашид туялзуур сэлэмний спортыг улсдаа эрчимтэй хөгжүүлэх, улмаар олон улс, тив дэлхийн наадамд өрсөлдөх тамирчдыг бэлтгэх, туялзуур сэлэмний спортыг сурталчлах үйлсэд хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийлсэн байна.  МҮОХ-ны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар, БТСУХ-ны дарга Ц.Шаравжамц, шефийн харилцаатай Японы Аомори мужийн Имабэцү хотын төлөөлөгч К.Ёшихико нар чуулганд баяр хүргэж үг хэлжээ.

А.Ганхуяг нь Премиум группийн үүсгэн байгуулагч бөгөөд группийн засаглал, тогтвортой хөгжил, хөрөнгө оруулалтын асуудлыг хариуцан ажилладаг. Тэрбээр 20 гаруй жил эрчим хүч, уул уурхай, хүнд, хөнгөн үйлдвэр, дэд бүтэц, барилгын салбарт тэргүүлэгч Монголын нэр бүхий томоохон компаниудын хөрөнгө оруулалт, санхүүжилтийн хэлэлцээрүүдийг амжилттай удирдан зохион байгуулсан.  М Си Эс группийн дэд ерөнхийлөгч, М Си Эс Холдинг ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Монголиан Майнинг Корпорацийн ТУЗ-ийн гишүүн, Санхүү хариуцсан дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан туршлагатай юм.

Тус холбооны ерөнхийлөгчөөр өмнө нь 2009-2013 онуудад МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан, 2013-2017 онуудад “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирал Ц.Даваацэрэн, 2017-2021 онуудад “Жи-мобайл” ХХК-ийн захирал Г.Дашням нар ажиллаж байсан юм.

Япон улсын Аомори мужийн Имабэцү хот нь сүүлийн таван жилийн хугацаанд холбооны үйл ажиллагааг дэмжиж ирсэн бөгөөд цаашид ч спорт, соёл, боловсролын олон төслийг хамтран хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байгаа юм. Энэхүү хоёр талын хамтын ажиллагааны үр дүнд спортын мастер Б.Амарзаяа нь Узбекистаны Ташкент хотноо зохиогдсон “Токио-2020” олимпын эрхийн тэмцээнээс анхны медалийг хүртээд байгаа билээ. 

 Эх сурвалж:www.polit.mn