Б.ОД

Нэгдсэн Үндэстний байгууллагын Ерөнхий Ассамблей 1993 оны тавдугаар сарын 3-ныг “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр” хэмээн зарласнаас хойш 28 жил өнгөрчээ. Тус өдрийг энэ жил "Мэдээ-нийтийн сайн сайхны төлөө" урианд дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ хүрээнд Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс “Хараат бус сэтгүүл зүй” үндэсний форумыг өчигдөр цахимаар зохион байгуулж, Монголын сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, шийдлийн талаар салбарынхан санал бодлоо солилцлоо. 

Энэ үеэр МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч З.Боргилмаа "Өнгөрсөн нэг жилийн хугацаанд сэтгүүл зүйн салбар төдийгүй бүх салбар хүнд цаг үеийг тууллаа. Манай салбарт тулгамдсан асуудал ч их гарсан. Тухайлбал, цар тахлаар далимдуулан төрийн албан хаагчид эх сурвалж болохоос татгалзах, төрийн тусгай обьект руу орж гарахыг хориглосонтой холбоотойгоор нээлттэй сурвалжилга хийх боломж хомстох, зар сурталчилгаанаас үүдэлтэй санхүүжилт хүндэрсэн зэргээр хараат бус чөлөөт хэвлэлийн шинж чанар бүдгэрсэн. Үүнийг бид тухай бүрт нь сануулахгүй бол хараат бус байдлаа алдахад хүрэх аюултай. МСНЭ-ээс хайрцаглагдсан мэдээллийг нэгтгэн түгээдэг явдалтай нэгдэхгүй гэдгийг зарласан. Хэвлэлийн эрх чөлөө бол олон нийтийн мэдэх эрхтэй холбоотой чухал асуудал” гэсэн юм.

УИХ-аас  өнгөрсөн оны нэгдүгээр сарын  10-нд баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлд Худал мэдээлэл тараахыг гэмт хэрэгт тооцдог болсон. Эрүүгийн хуулийн 13.14, 14.2, 14.3, 14.8 дахь хэсэгт зааснаар сэтгүүлч холбогдсон хэргийн судалгаанаас харвал  өнгөрсөн оны нэгдүгээр сарын 10-наас есдүгээр сарын 1-ний хооронд сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагатай холбогдсон 118 хэрэг бүртгэгджээ. Гэвч эдгээр нь бүгд хэрэгсэхгүй болсон буюу шүүхээр нэг ч хэрэг шийдэгдээгүй байна.

Эх сурвалж:www.polit.mn