Б.ОЮУНЗУЛ

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн түүхэнд тавдугаар сарын 1-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

Дэлхий нийтээр жил бүрийн тавдугаар сарын нэгний өдрийг “Олон улсын Хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдөр” болгон тэмдэглэсээр ирсэн түүхтэй. Энэ өдрийг дэлхийн 140 гаруй улс оронд хөдөлмөрчид өөрсдийн эрх ашгийг хамгаалахад эвлэлдэн нэгдэж, эрх баригчид болоод ажил олгогч нарт дуу хоолойгоо хүргэдэг уламжлалтай. Манай орны хувьд энэ өдрийг “Майн баярын өдөр” гэдгээр нь сайн мэддэг бөгөөд 1989 оноос өмнө жил бүр Сүхбаатарын талбайд цуглан баяр ёслолын байдалтай тэмдэглэн өнгөрүүлдэг байсан. “Олон улсын Хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдөр”-ийг анх 1886 оны тавдугаар сарын 1-нд Америк, Канадын социалист болон коммунист байгууллагууд олныг хамарсан жагсаал хийж, анх удаа ажлын найман цагтай байхыг шаардан тэмцэж байсан байна. 1889 онд Парисын конвенциор тавдугаар сарын 1-ний өдрийг Олон улсын ажилчдын эрх ашгийг хамгаалах өдөр болгон зарласан байна. Ажилчдын баяр буюу “Майн баяр”-ыг Орост 1890 оноос тогтмол тэмдэглэх болжээ. Октябрийн хувьсгал ялснаас хойш энэ баярыг Орост албан ёсны баяр болгон зарлаж “Майн баяр”-ын анхны жагсаал 1918 онд Оросын Ходынскийн талбайд болж байсан байна. Монгол Ардын Засгийн Цэргийн Яамнаас Майн нэгний баярыг тэмдэглэн өнгөрүүлэх тухай 1922 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн З-р дүгээр тушаалаар "Майн баяр"-ыг тэмдэглэж эхэлсэн түүхтэй юм байна. Одоо энэ баярыг хөдөлмөрийн өдөр буюу хаврын баяр гэж тэмдэгдэх болжээ

Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд

1785.05.01. Хавайн хаан I Камехамеха Каланикупулегийн армийг буулган авч Хавайн хаант улсыг байгуулав.

1786.05.01. Австрийн Венна хотод суут хөгжмийн зохиолч Вольфганг Амадей Моцартын "Фигарогийн хурим" дуурийг анх удаа тайзнаа тавив.

1840.05.01. Дэлхийн хамгийн анхны шуудангийн маркыг Их Британид ашиглажээ.

1851.05.01. Их Британийн хатан хаан Викториа нийслэл Лондон хотын алдарт "Болор шилтгээн"-нд Дэлхийн үзэсгэлэн яармагыг албан ёсоор нээжээ.

1865.05.01. Бразил, Аргентин, Уругвай улсууд гурвалсан хамтын ажиллагааны гэрээнд нэгдэн оров.

1866.05.01. АНУ-ын Үндсэн хуулийн 14 дэх өөрчлөлтийг эсэргүүцсэн жагсаал Мемфис хотод дэгджээ. Гурван өдөр үргэлжилсэн энэ жагсаалын үеэр 46 хар арьст, хоёр цагаан арьст иргэн амиа алдсан гэдэг. Уг өөрчлөлтөөр хар болон цагаан арьстаныг ижил эрхтэй хэмээн тусгасан байжээ.

1884.05.01. АНУ-ын Конгрессын шийдвэрээр АНУ ажлын найман цагт шилжив.

1894.05.01. АНУ-д албан ёсоор бүртгүүлсэн анхны эсэргүүцлийн хөдөлгөөн болох Козигийн арми Вашингтон хотод эсэргүүцлийн жагсаал зохион байгуулав.

1900.05.01. АНУ-ын Юта мужийн Скотфильдийн уурхай дэлбэрч 200 уурхайчин амиа алджээ. Энэ нь тус улсын түүхэнд тохиосон уурхайн тав дахь томоохон осол байсан юм.

1919.05.01. Баварийн социалист бүгд найрамдах улсад Германы цэргүүд нэвтрэв.

1925.05.01. Бүх Хятадын үйлдвэрчний нэгдсэн эвлэл байгуулагдав. Одоо тус эвлэл 134 сая гишүүнтэй бөгөөд дэлхийн хамгийн том үйлдвэрчний эвлэлийн байгууллага юм.

1927.05.01. Америкийн үйлдвэрчний эвлэлийн хорооны дэргэд Даатгалын компанийн үйлдвэрчний эвлэлийн холбоо байгуулагджээ.

1930.05.01. Шинээр нээн илрүүлсэн одой гарагт Плуто гэх нэр хайрлав.

Эх сурвалж www.zms.mn