Д.БОЛОРМАА

Хууль зүйн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга О.Алтангэрэлтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

-Хууль зүйн яамны шинэчлэл ямар шатанд явж байна гэдгээс яриагаа эхэлье. Цагдаагийн бай­гуул­лагыг иргэдэд хүр­тээмж­тэй байдлаар тараан байршуулна гэсэн нь бие­лэлээ олох шиг боллоо?

-Цагдаагийн байгуул­лагад нэлээд шинэчлэл хийж байна. Бүтэц зохион байгуулалтын талаарх ши­нэч­лэл, өөрчлөлтийг яривал танай сонины тал­бай хүрэлцэхгүй байх. Цагдаагийн хэлтсүүдийг хуваан тараасны  зорилго нь цагдаагийн үйлчилгээг иргэдэд ойртуулах гэсэн хэрэг.

Дулаахан газар суу­чих­аад тушаал гаргадаг цагдаагийн дарга нар биш харин албан хаагч, бие бүрэлдэхүүнээ ажиллахад тусалж дэмжиж, хяналт тавьдаг байхыг чу­халчилж байна. Иймэрхүү өөрчлөлт ганцхан цагдаад өрнөөд байгаа юм биш. Шүүхийн шийдвэр гүй­цэт­гэх болоод Улсын бүртгэлийн ерөнхий газарт ч мөн адил үргэлжилж байна.

-Цагдаагийн хэлтсийн тоог нэмсэн учраас цагдаа нарын ард иргэддээ хүргэх үйлчилгээ сайжирсан гэж дүгнэж байна уу?

-Зарим хэвлэлд “Шинэчлэл гэж энэ үү. Цагдаа нарынхаа сууж байгаа ажлын байрыг  хараач. Хэзээ мөдгүй нурж унах гэж байгаа энэ байшинд яаж ажиллуулж чадаж байна” гэж шүүмжилсэн байна лээ. Энэ үнэн. Манай цагдаад тухтай ажиллах орчин байхгүй. Улсын мөрдөн байцаах газраас эхлээд ажлын байрны стандарт хангахгүй нурж унах дөхсөн олон байр бий. Гэхдээ нэг ч цагдаа “Бэрхшээл тулгарч байна. Ажиллах орчин боломж­гүй” гэж гомдол гаргалгүй албан үүргээ хангалттай гүйцэтгэж байна. Ийм л хатуужилтай залуус цагдаад байдаг юм.

-Цагдаагийн байгуул­лагын тухай ярихаар асуухгүй өнгөрч болохгүй зүйлүүд байна. Цагдаад нэлээд томилгоо хийх шиг боллоо. Халаа сэлгээ ч тоймоо алдсан байх аа?

-Цагдаа гэлтгүй манай яамны харъяа олон байгууллагад халаа сэлгээ явуулсан. Ингэхдээ нэг зүйлийг ойлгох ёстой. Засгийн газар маань шинэчлэлийн гэсэн тодотголтой. Харин ши­нэчлэлийг хуучин хүмүүс хийхгүй. Олон жил дарга хийсэн хуучин арга барилтай хүмүүс шинэч­лэлийг хийж чадахгүй. Энэ утгаараа бид ши­жигнэсэн залуусыг албан тушаалд томилсон. Тэдэнд боломж олгосноороо алдсан гэж бодохгүй байна. Харин ч тэдэнд албаныхаа төлөө, нийтийн төлөө юу хийж чадахаа харуулах боломж олголоо гэж хэлэх байна. Тэгээд ч дөрвөн жилийн хугацаанд дарга байхыг нь хүлээж суухгүй. Ажлаа хийж чадахгүй бол өөр­чилнө. Дараагийн чадах хүнийг тавина. Өөрөөр хэлбэл, шинэ ал­банд очсон хүн бүр дархлагдсан албан тушаалтан биш. Хэрэв ажлаа хийж чадаж байгаа бол дөрөв байтугай жил удирдах албан ту­шаалд ажиллах боломж­той. Шинэчлэл юм хойно алдаа, оноотой зүйл бий байх. Манай салбарын давуу тал гэвэл харь­цан­гуй олон жил шүүмж­лэгдсэн учраас хийх чиг баримжаа нь тодорхой байсан гэж болно. Дээрээс нь олон нийтийн хүлээлт маш их байлаа.

-Шүүхийн шийдвэрт өрнүүлэх шинэчлэл гэвэл хорих ангиудыг нэгтгэх тухай ярьж байна. Энэ хэр оновчтой шийдэл вэ. Олон хоригдлыг нэг дор байл­гаснаар оргон зайлахаас эхлээд үймээн самуун дэгдээх вий?

-Одоогийн тогтолцоо тохиромжгүй гэдэг нь өнгөрсөн хугацаанд харагд­сан. Хүний эрхийн үндэс­ний комисс, Олон улсын хүний эрхийн байгуул­лагуудын төлөөлөгчид олон жил тасралтгүй хорих ангиудын стандарт, нөхц­лийн талаар шүүмжилж ирлээ. Хуучин “Ганц худаг” дахь 461 дүгээр анги гэхэд нэг өрөөнд 10-20 хүн суулгана. Тэгээд зогсохгүй өрөөнүүдийн хооронд вагон гэдэг нүх гарчихсан, хүмүүс хүнд, хөнгөнөөр бие засдаг,  бай­галийн гэрэлтүүлэг­гүй,  хоолны чанар муу гээд маш олон дутагдал байсан. “Ганц худаг” дахь хорих анги ч олон жилийн турш олон хүнийг зо­воосон. Энэ нь тухайн үеийн хорих байгууллагын удирдлагууд зовоосон гэсэн үг биш шүү. Хорих байгууллагын үйлчилгээ, стандарт алдагдсаныг илтгэж байгаа юм. Харин түрүүчийн Засгийн газар урьдчилан хорих 461 дүгээр ангийн барилгыг шинээр барьсан. Энэ бол хүний эрхийг хангах чиг­лэлээр хийсэн томоохон алхам. Өнөөдөр хорих ан­гиуд  чанарын шаардлага хангахаа больжээ. 25 хорих анги төсөв мөнгө маш их идлээ.  25 газар харуул хамгаалалт, цахилгаан дулаан гээд ашиглалтын зардал урсч байна.  Зарим хүн “Шинэ хорих хэрэгтэй юм уу. Шинэ төрөх эмнэлэг хэрэгтэй юу”  гэж асуух нь бий. Тэгвэл жилдээ хэдэн төрөх эмнэлэг барих мөн­гийг хорих ангиуд залгиж байна. Энэ утгаараа шинэ хорих хэрэгтэй. Яагаад гэвэл жилдээ хэдэн сургууль, төрөх эмнэлэг барих мөнгийг залгиж байгаа үрэлгэн системийг халах зөв арга нь шинэ хорих барих юм. Харин олон улсын стандарт хан­гах, яаж оргож зугатахгүй байлгах вэ гэдгээ төлөвлөх ёстой. Одоогоор зураг төсөл нь гараад явж байна. Ямар ч гэсэн шинэ хорих ангиуд цэвэр, бохир усны системтэй  холбогд­сон орчин үеийн стандартай байх болно. Шинээр барихад тодорхой хэмжээний мөнгө шаардагдах байх. Гэхдээ барьснаараа хүний эрхийг хангахад болоод төсөв хэмнэх ашигтай ажил байх юм. Үүнийг дагаад хорих байгуулла­гатай холбоотой шүүмж­лэлүүд арилана.

-Санхүүгийн эх үүсвэ­рээ өөрсдөө боломжоороо олно гэж Х.Тэмүүжин сайд мэдэгдсэн. Хуучин байрныхаа газрыг зарж болох тухай ч хэлж байлаа. Гэхдээ санхүүгийн эх үүсвэр нь тодорхойгүй ийм үед ажил хэрэг болж чадах юм уу?

-Эхний ээлжийн хө­рөнгө оруулалт энэ оны төсөвт суусан. Бид тэр мөнгөөр нь эхлүүлнэ. Ингэхдээ чанартай, үр ашигтай, олон жил ашиглагдахуйц хорих анги барих ёстой гэдэгт анхаарч байна. Шинэ хорихыг дагаад олон хүний амьдрал шийдэгдэх байх. Өөрөөр хэлбэл, монгол даяар тархсан хорих ангиудад ажиллаж байгаа албан хаагчдын нийгмийн асуудал шийдэгдэх нь. Орон сууцны асуудлыг нэг дор төвлөрүүлэхээс эхлээд үр хүүхдийнх нь сургуулийн асуудал ч шийдэгдэх байх. Нуулгүй хэлэхэд, нэг ялтан таван жил шоронд суугаад гарахад албан хаагч нь 20 гаруй жил ажиллаад гарч байх жишээтэй. Тэр хугацаанд амьдрал ахуй, нийгмийн халамж, хөгжил дэвшлээс бүрэн хоцордог. Энэ байдал хорих ангиудыг төвлө­рүүлснээр өөрчлөгдөх байх гэж бодож байна.

-Эрүүгийн хуульд нэ­мэлт өөрчлөлт оруулах тухай ярьж байгаа. Хуу­лийн төсөл аль шатандаа явж байна?

-Эрүүгийн хуульд нэ­мэлт өөрчлөлт оруулах биш тэр чигээр нь шинэчилнэ. Тэр дундаа ялын бодлогод томоохон өөрчлөлт орно. Хатуу ялын бодлогыг өөр­чилнө. Ялангуяа,  давтан гэмт хэрэгт  өндөр ял ногдуулдаг байсныг бүрмөсөн халж байна. Өөрөөр хэлбэл, хүнийг гэмт хэрэгт л нэг удаа ял шийтгэдэг байх ёстой. Нөгөө та­лаас ялтан хохирол төлбөрөө барагдуулсан бол ялыг яаж хөнгөрүүлж болох вэ гэдгийг судалж байна. Дээрээс нь хохирогчийн эрхийг хамгаалах нэлээд олон акцаас гадна цаазаар авах ялыг халах өөрчлөлтүүд орно. Энэ хуулийн төсөлд манай эрүүгийн эрх зүйн сор болсон хуульчид ажиллаж байгаа. Иргэн танд ч гэсэн хуулийн талаар санал бодлоо хэлэх эрх нээлттэй бий. Манай яамны цахим хаягаар хандаж санал бодлоо илгээж болно. Бид хорих ялынх хэмжээг дор хаяж 20-30 хувь багасгана гэж тооцоолж байна. Шоронгийн хэт дүүргэлт багасна. Одоо рецедив, давтан гэмт хэрэг 70 хувьтай байна. Энэ тоо буурна. Гол нь шоронгоос суллагдсан, хорих ялаар шийтгүүлсэн хүнийг нийгэм нь буруутгахгүй болно. Энэ тогтолцоог хууль эрх зүйн болон дэд бүтцийн хувьд бий бол­гоно. Эрүүгийн хариуц­лагад татагдсанаар, түүнийгээ хүлээснээрээ тэр хүн нийгэмд адлагдах ёсгүй. Яагаад гэвэл шинээр төрөх Эрүүгийн хууль тэр хүнд боломж олгох зорилготой. Нэгдүгээрт, энэ хуулиараа хүнийг хамгаална, тухайн хүнд хариуцлага хүлээл­гэх­дээ боломж, сонголт өгнө. Хэрэв болохгүй бол хариуцлагыг хүндрүүлж авч үзнэ. Зохион бай­гуу­лалттай албан тушаалын хэрэгтэй ялын бодлогоор хатуу тэмцэнэ. Ингэснээр нийгэмд ядаж давтан гэмт хэрэг гарах нь багасна. Мөн Эрүүгийн хуульд хохирол нөхөн төлүүлэх заалт шинээр оруулж ирсэн. Одоо бол шүүх заавал чи энэ мөнгийг төл гэж албадна. Хэмжээг хугацаатай нь зааж өгөөд төлөхгүй бол хорино. Хугацаандаа мөн­гөө төлөхгүй бол хэргийг нь хүндрүүлнэ. Бас уучлалт гуйлгах, гэрийн хорио, гэм хор арилгуулах, хохирол төлүүлэх, дотог­шоо гадагшаа явах эрхийг нь хасах зэрэг ойлгол­туудыг оруулж ирсэн.

-Амьдралд хэрэгжих боломжгүй хэд хэдэн аргаар хорих тухай хуульд заасан гэх юм билээ. Электрон гаваар гэрийн хорионд авахаас эхлээд?

-Гэрийн хориог энэ хуулиар гаргаж байгаа. Тэгээд ч хуульдаа гэрээр хорих, электрон гав хэрэглэх тухай заачихвал хэрэглэхээс аргагүй. Хэрэглэх ч ёстой. Хүнийг нийгэмшүүлнэ гээд хү­мүүжүүлэх, хөдөлмөр­лүү­лэхээс илүү нийгэмтэйгээ ойрхон байлгах ёстой. Шоронд хорихоос илүү­тэйгээр тодорхой төрлийн эрх чөлөөний хязгаарлалт тавих замаар хүмүү­жүүлнэ.

-Электрон гавд хэдий хэмжээний мөнгө зарцуу­ла­хаар байна. Гаднаас авах уу?

-Гаднаас авна.

-Харагддаггүй гав уу?

-Биед нь тоног төхөө­рөмж суулгах эсвэл гарт нь хийх гэхчлэн янз бүрийн төрөл бий. Тодорхой нэг хүрээлэлээс гарахгүй бай­хаар электрон гав зүүл­гэнэ.

-Гэрчийг хамгаалах тухай хуулийг ярьж бай­гаа. Онцлог нь юу бэ?

-Гэрчийг биеэр хам­гаалахаас эхлээд  олон төрлийн арга бий. Нүүр царайг нь ч өөрчлөх боломжтой. Энэ талаар илүү дэлгэрэнгүй ярих боломжгүй.

-Гэрчийг хамгаалах хууль нь өөрөө санхүү мөнгө шаардах нь бий. Төсөв бага үед хэрэгжих боломжтой юу?

-Бололцоотой гэж үзэж байна. Хуулийг хэ­рэг­жүүлэхэд ямар хэм­жээний санхүү шаар­дагдах нь вэ гэдгээр нь төсөвт тусгаад явах хэрэгтэй. Ер нь манай улс уул уурхайгаас гэх юм уу ямар нэгэн байдлаар эдийн засгийн мөнгө орж ирэх юм бол хууль зүйн үр ашиг­тай механизм бүрдүү­лэ­хийн төлөө зар­цуулах ёстой. Хууль өөрөө эдийн засгаа хамгаална. Эдийн засаг нь хуулийн хамгаалалтад өс­дөг. Тэгэхээр бид хууль, эрх зүйн орчноо сайжруулж байж эдийн засгийн өсөлтийн тухай ярина. Энэ утгаараа хууль, эрх зүйн шинэтгэлтэй холбоотой төсөв мөнгийг Засгийн газар, УИХ-аас шийдэх болов уу гэж найдаж байна.

-Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэл­гийг өөрчлөхөөр болсон. Ганц мэргэжлийн эмнэлэг барьсан байхад “Төрөөс хүч далайлгаж авлаа” гэж эгдүүцэх хүн байна. Засгийн газрын тогтоолыг цуцлахаар УИХ-ын гишүүд гарын үсгээ цуглуулсан байна лээ?

-Хууль санаачилж бай­гаа УИХ-ын гишүү­дийн эрхийг хүндэтгэж байна. Тогтоолын төсөл санаалчилсан тухайд нь байр сууриа илэрхийлэх боломжгүй. Гэхдээ урт хугацааны судалгааны дагуу эмнэлгийг нэгтгэх нь улсын төсөвт ашигтай юм байна гээд шийдсэн асуудал. Хоёр эмнэлэг барихаар нэгийг барих нь зүйтэй. Үйлчилгээг нь хүртэх хүмүүс нэг учраас үлдсэн мөнгийг өөр хэрэгтэй салбарт нь өгөх ёстой. Хууль зүйн яамнаас цаашид энэ байр сууриа хамгаалах болно. Бидэнд эргэлзэж тээнгэлзсэн  зүйл алга. Тэгээд ч одоо Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг гэж байхгүй. Зөвхөн хэсэг бүлэг хүн л явж байгаа. Бидэнд ирж байгаа мэдээллээр өөрсдөө төлбөр төлж ярилцлага өгч, ямар нэг байдлаар хөрөнгө санхүү зарцуулсан акц хийж яваа юм билээ. Тэгс­нээ өөрсдийгөө энгийн иргэдэд үйлчилдэг юм шиг яриад байгаа. Тэд иргэдэд үйлчилж байгаагүй. Зарим нэг эмч ирээд “Бид дарга, цэргийн хавчлага дарамтанд энэ үйл ажил­лагаанд оролцож бай­на. Төр, засгийн шийдвэрийг хүндэтгэж байсан” гэж ярьж байна.

-Танай салбарын сайд өөрийг нь захидлаар заналхийлсэн эмэгтэйг шүүх, цагдаагаар айлган байцааж байгаа гэх юм. Тэр эмэгтэй ойрын хүнийнх нь ажил албыг өөрчилсөнд эгдүүцэж бухимдсан  байж болох шүү дээ. Энэ нь тэгээд гэмт хэрэг үү?

-Зөвхөн нэг удаагийн захидал биш. Дараа нь дахиад нэг захидал ирсэн. Ингэхдээ амь насанд шууд заналхийлсэн. Зөвхөн Х.Тэмүүжин гэдэг хувь хүнд биш түүний гэр бүл, үр хүүхэд, ойр орчны хүмүүсийг за­нал­хийлээд төрөл бүрийн аргаар амь насыг нь хо­рооно гэсэн байдаг. Х.Тэ­мүүжин сайд хувь хүн гэдэг утгаараа тэр эмэг­тэйд өширхөн шалгаж өгө­хийг хүсээгүй. Зөвхөн Эрүүгийн хуульд заасан тодорхой төрлийн гэмт хэрэг мөн учраас цагдаа, тагнуулын байгууллага шалгахаас аргагүй.

-Ямар зүйл ангиар буруутгаж байгаа юм?

- Эрүүгийн хуулийн зандалчлах гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн гэсэн. Хамгийн гол нь Хууль зүйн сайдын амь насанд заналхийлсэн нь ноцтой зүйл. Амь насанд нь халдахаа удаа дараалан мэдэгдсэн тэр хүн ажил албан тушаал өөрчлөгдсөнтэй холбоотой ийм зан гаргасан юм билээ. Тэр хүмүүсийн өмнө нь хийж байсан ажил, гүйцэтгэж байсан чиг үүрэг нь иргэний тө­лөө байсан. Гэтэл салбарын сайдаа айлган сүрдүүлж байгаа хүмүүс иргэнд яаж үйлчлэх байсан юм бэ. Бидний зүгээс мөрдөн байцаалтад оролцсон зүйл байхгүй.

-Хорьсон уу?

-Хориогүй. Бидэнд эрүүгийн хэрэг үүсгэсэн тухай мэдээлэл байгаа болохоос өөр мэдэх зүйл алга. Сайд хувь хүнийхээ хувиар хохирогч гэсэн субъектээр оролцохоос биш манай яам асуудалд оролцохгүй.

-Заналхийлсэн гээд байгаа тэр эмэгтэй бу­химдлаа гаргасан байж болох юм. Эр хүний уужим ухаанаар асуудалд нухацтай хандаж уучлах боломжгүй юм уу?

-Сайдын мэдэх асуу­дал. Уучлал гуйгаад асууд­лыг шийдэх үү,  үгүй юу гэдгийг сайд биш мөрдөн, прокурорын байгуулла­гынхан шийднэ. 

-Шинэчлэл нэрээр өмнөх цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх бай­гууллагад удирдах албан тушаал хашиж байсан хүмүүсийг АТГ-т шал­гуулж байгаа гэх юм билээ?

-Хэн нэгнийг нь шал­гаж байгаа гэсэн мэдээлэл алга. Тэгээд ч бид ажлаас чөлөөлөгдсөн хү­мүүсийн асуудлыг эргэж нэхэх байтугай өмнөх ажлаа барахгүй байна. Салбарынхаа шинэч­лэл­д анхаарал хандуу­ла­хаас биш бусдын мууг үзэх зав, ёс зүй ч  алга.