М.ГАНЦЭЦЭГ

Сар шинийн буузны хулгайчийг бол буурин дээр нь барьж болно. Даанч эрхэм гишүүд бууз хулгайлж доошоо орохгүй. Модны хулгайчийг ууланд нь барьж чадаж байна. Харин УИХ-ын гишүүд уулнаас мод унагахгүй. Ийм “жижигхэн хулгайч” Төрийн ордноос лав олдохгүй. Тодруулбал, халдашгүй дархан эрхтэй гишүүд үйлдэл дээрээ баригддаг гэнэн гэмт хэрэгтнүүд биш юм. Тэд казинодно, эсвэл банк дампууруулна. Ийм хэрэг мандаж Монголын парламентын түүхэнд дуулиан болж байсан удаатай. Гэхдээ тэднийг газар дээр нь барьсан удаа байхгүй. УИХ-ын гишүүдийг гэмт хэрэг үйлдэж байхад нь газар дээр нь барьж аваад бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай хуулийн төслийг парламент хэлэлцэж эхлээд байна. Төслийг Төрийн тэргүүн өнгөрсөн зургадугаар сард санаачилсан юм. Хуулийн төсөл хоёрхон заалттай. Хамгийн инээдтэй нь нэг заалтыг нь гишүүд аваад хаячихсан. Тэр нь гишүүдэд огтхон ч таалагдаагүй. Тэдний эмзэг цэгийг хатгасан болохоор тэр. Гишүүдийн инээд, эгдүүг хүргэсэн хуулийн төслийг эхлээд бүтнээр нь танилцуулъя.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ
ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. “Монгол Улсын Их Хурлын тухай” хуулийн 6 дугаар зүйлийн 6.9-дэх хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай.
1/ 6.9. Дор дурдсан тохиолдолд гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулж шийдвэрлүүлнэ:
6.9.1. гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт нотлох баримттайгаар баривчилсан;
6.9.2. гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах зайлшгүй шаардлагатай тохиолдолд мөрдөн байцаагчийн саналыг үндэслэн гэжээ.
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг хийх үеэр 6.9.2 дахь заалтыг дэмжээгүй юм. Одоо “Гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт нотлох баримттайгаар баривчилсан” гэсэн ганцхан заалттай төсөл чуулганд бий. Хассан заалтын тухайд олон гишүүнийг нэлээд айлгасан сураг байна. Аргагүй л дээ. Өмнө нь байсан энэ хуулийн заалтаас болж зарим гишүүн шоронд орж, зарим нь дээлээ нөмрөх дөхсөн. Энэ тухай цухас дурдъя. 1999 онд казиногийн хэргээр гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлсэн удаатай. Тэд зохих ял авч шоронд суусан нь Монголын парламентын түүхэнд тохиолдсон анхны гэмт хэргийн дуулиан байв.
Дараа нь 2004-2008 оны парламентын үед У.Хүрэлсүх, Г.Занданшатар, Т.Бадамжунай нарыг Хадгаламж банкны 14 тэрбум төгрөгөөр казинодсон хэрэг мандсан. Тэдний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай УИХ-аар хэлэлцээд тухайн үед олонх байсан намын гишүүд нь гурван нөхрөө танхимдаа авч үлдэж чадсан. Энэ бол газар дээрээ баригдсан үйлдлүүд биш байлаа. Гэхдээ ийм хэргийг шалгаж илрүүлж болдог хуулийн орчин байсан, харин өнөөдөр байхгүй. Тэр үед хэрэгжүүлж болохоор хуулийн заалт байсан учир гурван гишүүн аавын хаалгыг татаж, гурав нь арай гэж мултарч үлдсэн юм. Мөн өнгөрсөн парламентад экс гишүүн Д.Дондогийн гэх хэрэг мандаж байлаа. Түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг Улсын ерөнхий прокурор хоёр удаа УИХ-д ирүүлсэн ч “Ийм заалт ямар ч хуульд байдаггүй” гэсээр Хууль зүйн байнгын хорооноос буцаасан юм.
Өмнө нь хуулийн ямар заалт байсан тухай эргэн сануулъя. УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхтэй холбоотой асуудлыг 2006 оны нэгдүгээр сарын 26-нд баталсан Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зохицуулсан боловч “6.9.2. гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд Улсын ерөнхий прокурор түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай саналыг Улсын Их Хуралд оруулсан” гэсэн заалтыг 2010 оны арванхоёрдугаар сарын 30-нд хүчингүй болсонд тооцсон. Харин 6.9.1. “гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт эд мөрийн баримттай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулсан” гэсэн заалтыг Үндсэн хуулийн цэцийн 2012 оны хоёрдугаар сарын 15-ны өдрийн 02 дугаар тогтоолоор “Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 3 дахь хэсгийн “Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “... хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, мөн зүйлийн 2 дахь хэсгийн “Хүнийг ... эрхэлсэн ажил, албан тушаал... -аар нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэснийг тус тус зөрчсөн байна” гэж үзэн хүчингүй болгожээ.
Иймд гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эрх зүйн зохицуулалт дутуу учир гишүүнийг Авлига, албан тушаалын хэрэгт холбогдуулан шалгах зайлшгүй шаардлага үүссэн тохиолдолд зохицуулах хуулийн орчин хэрэгтэй гэж үзээд Төрийн тэргүүн дээрх төслийг санаачилсан гэх. Гэхдээ энэ бол шинэ санаа биш. Өмнө нь ч олон удаа ярьж байсан, одоо ч үргэлжилж байгаа сэдэв. Энэ удаагийн парламентаас ч мөн дэмжлэг авахгүй гацах төлөвтэй байна. Төслийг гацаахгүйгээр баталъя гэвэл ганцхан заалттай үлдээх нь УИХ-ын гишүүдэд ашигтай. Дахин хэлэхэд тэд гэмт үйлдэл дээрээ баригддаг гэнэн хүмүүс биш. Тиймээс ийм хэргээр барьж гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх заалтыг үг дуугүй зөвшөөрч байгаа хэрэг.
Хэрэв баталчихвал ямар ухаантан ийм хууль зохиосон юм бол гэж гадаадынхан гайхах биз. Гадаад гэснээс УИХ-ын гишүүд голдуу мөнгө, авлигын хэрэгт холбогдсон байж болзошгүй тухай мэдээлдэг. Зарим нь АТГ-т байцаагдсан удаатай. Гишүүд мөнгө төгрөгийн асуудлаа гадаадад гарч зохицуулдаг сураг байсан. “Нааш ирээд намайг бариарай” гээд Төрийн ордон, томруулвал Монголдоо мөнгө төгрөг өгч, авалцдаг мангар хүмүүс ч биш гэнэ. Тэгэхээр дээрх хуулийг батлах шаардлага байна уу. Ерөнхийлөгч санаачилсан болж, гишүүд баталсан дүр үзүүлэвч эцсийн дүн нь адилхан. Хэн гэдэг гишүүнийг ч хэргийн газарт барьж чадахгүй. Хэрэв үйлдэл дээрээ баригдвал хамгийн азгүй гишүүн тэр болно.