Б.ДОЛЖИН

Сонгинохайрхан дүүрэгт олон улсын стандартад нийцсэн 250 ортой, орчин үеийн иж бүрэн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, дүүргийн иргэдэд оношлогоо, эмчилгээний үйлчилгээ үзүүлэх жишиг Нэгдсэн эмнэлэг ашиглалтад орлоо. Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд Л.Энхболдын хамт тус эмнэлгийн тоног төхөөрөмж, яаралтай тусламж үйлчилгээний бэлэн байдлыг шалгаж, газар дээр нь очиж ажиллав.

Тус эмнэлэг нь амбулаторийн 27 кабинеттэй, хэвтэн эмчлүүлэх долоон тасагтай.  Мэс засал, дурангийн хагалгаа, хими, туяа зэрэг эмчилгээ хийх сүүлийн үеийн иж бүрэн тоноглогдсон өрөөтэй.Түүнчлэн дотор, хүүхэд, мэс засал, эх барих, эмэгтэйчүүд, шүд, мэдрэл, халдварт өвчин зэрэг үндсэн долоон мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлэх боломжтой юм.

Энэ талаар эмнэлгийн дарга Б.Галсанцэдэн “Дүүргийн нэгдсэн эмнэлэг хуучин байрандаа  COVID-19 халдварласан иргэдийг эмчлэх 100 ор дэлгэж, өнөөдрийн байдлаар 67 иргэнийг эмчилж байна. Цаашид шаардлагатай тохиолдолд халдвараар өвчилсөн иргэдийг хүлээн авах ор нэмж дэлгэх боломжтой” гэв.

Харин Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Одоогийн байдлаар тус дүүргийн эмнэлэг нь хүчин чадлынхаа 20-30 хувийг ашиглан үйл ажиллагаа явуулж байна. Цаашид Хан-Уул болон Чингэлтэй дүүрэгт тус эмнэлэгтэй ижил жишиг эмнэлэг байгуулахаар төлөвлөж байгаа" гэсэн юм.

Эх сурвалж:www.polit.mn