Ч.ЗОТОЛ

“Дубайн гэрээ” өнөөдөр Монголын хувьд толгойны өвчин болж байна. Тэгвэл түүнийг  байгуулах ямар ч шаардлагагүй байсан гэдгийг эдийн засагч, судлаач, улс төрчид хэлдэг.

 “Дубайн гэрээ”-г байгуулах бүү хэл далд уурхайн гэх ТЭЗҮ-ийг хүлээж авахгүй буцаачих ёстой байсан юм. Би далд уурхайн гэх ТЭЗҮ-ийг Монголын тал хүлээж авах үндэслэлгүй талаар тухайн үед байр сууриа тодорхой илэрхийлж байсан боловч бусад нөхөд дэмжээгүй. Тэгсэн бол өнөөдөр Ерөнхий сайд  эвгүй байдалд орж   нэр хүнд нь унахгүй  байлаа. Удирдах албан тушаалтан, шийдвэр гаргагчдын   нүд чих болсон мэргэжлийн хүмүүс, геологичид, уул уурхайн инженэр, эдийн засагчдын ТЭЗҮ-д шүүлт хийсэн дүгнэлт бол удирдлагаас шийдвэр гаргах үндэс болж байх ёстой. Манайд  ийм арга барил, зарчим дутагдалтай байгаагаас асуудал үүсэж, алдаа гаргаад байна.

Өнөөдөр “Дубайн гэрээ”-г цуцлая гэсэн төр, засгийн шийдвэртэй миний хувьд санал нэг байгаа. Хөрөнгө оруулалтын болон Хувь нийлүүлэгчдийн гэрээг судлаад үзэхэд Монгол Улсад хохиролтой,  дарамт болсон зүйл заалтууд олонтой. Тэр бүх заалтыг хоёр талд харилцан ашигтай байх нөхцөлөөр засаж залруулах ёстой. “Рио Тинто”, “Айвенхоу Майнз”-д ашигтай нөхцөлөөр гэрээнүүд байгуулсан байгаа юм. Хоёр талд харилцан ашигтай нөхцөлөөр гэрээгээ засаж залруулах нь гарцаагүй болно. Хэрэв хөрөнгө оруулагч гэрээнүүдийн өөртөө ашигтай бүх заалтыг өөрчлөхгүй хэвээр нь байлгах зарчим баримтлахад хүрвэл гэрээнүүдийг цуцлахаас аргагүйд хүрнэ. Хаана ямар алдаа мадаг байгааг “Оюутолгой аз уу, эз үү” номдоо дурдсан болно” гэж  “Дубайн гэрээ”-ний ажлын хэсэгт орж  ажилласан Монгол Улсын гавьяат эдийн засагч Т.Балжинням  “Зууны мэдээ” сонины  энэ сарын 6-ны  № 68 (6545) –т өгсөн ярилцлагадаа дурджээ.

http://www.zms.mn/a/84148